С.Бямбацогт: “Бялуу хуваах” уламжлалт зарчмаа хадгалсан бүтцийг оруулж ирлээ
Засгийн газрын бүтцийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан дүгнэлтийг бүлгийн дарга С.Бямбацогт уншиж танилцууллаа. Уг дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ын дарга,
Эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн тэргүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх саналыг УИХ-д оруулж ирлээ. Ерөнхий сайд чадна, хийнэ гэж санал болгосон бүтцийнхээ болохгүй, бүтэхгүйг өөрөө аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрч замын дунд өөрчлөхөөр болсон шийдэл нь Монголын парламентын нэн шинэ түүхэнд гарч байгаагүй тохиолдол юм. Эрх мэдэл, албан тушаалаа нийтлэг эрх ашгаас дээгүүр тавьсны уршгаар улс орныхоо эдийн засгийг хямралд хүргэснээ хүлээн зөвшөөрсөн эрх баригчдын энэхүү үйлдлийн талаарх МАН-ын бүлгийн дүгнэлтийг Та бүхэнд хүргэе.
Одоогийн Засгийн газрыг байгуулах, бүтэц, бүрэлдэхүүнийг АН-ын гишүүд Та бүхэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй үгсэн МАН-ын оролцоогүйгээр баталж байсныг ард түмэн санаж байгаа. Ийнхүү олонхиороо түрий барьж, данхар бүтцийг хууль зөрчин баталсан нь “мордохын хазгай” гэгч болсныг өнөөдрийн үйл явдал нотолж байна.
Шинэчлэлийн гэх Засгийн газрын 19 сайд, 17 дэд сайд, 16 яамтай, албан хаагчдынхаа тоог 80 орчим хувиар нэмсэн, давхар албан тушаалтныг дээдэлсэн Үндсэн хуульд заасан засаглалын эрх мэдлийн хуваарилалт, хяналтад туйлын хортой бүтэц, бүрэлдэхүүнийг Монгол Ардын Нам ард түмнийхээ эрх ашиг, төсвийн хэмнэлтийг тооцож анхнаас нь буруушааж, шүүмжлэлтэй хандаж ирснийг Та бүхэн мэднэ.
“Гараа сайн бол бариа сайн” гэж манай монголчууд ярьдаг. Анхнаасаа буруу замаар явж, цөөнхийнхөө саналыг сонсолгүй хууль зөрчиж, данхар бүтэцтэй, “давхар дээл”-тэй үйл ажиллагаагаа эхэлсэн Засгийн газар бариандаа хүрч чадалгүй замын дундаа улдан сульдлаа. “Эдийн засгийн хувьсгал хийнэ” гэж ямар ч тооцоогүй балмад үйлдлээ хэрэгжүүлэх гэж зүтгээд эдийн засгаа элгээр нь хэвтүүлж улс орноо өрийн дарамтад оруулж, С.Батболдын Засгийн газрын үед эдийн засгийн эргэлтэд орох суурь нь тавигдсан Оюу толгой, Таван толгой гэх мэт эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц өгөх төслүүд хэрэгжих нь эргэлзээтэй болж улмаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалт эрс уналаа.
Тиймээс МАН-ын бүлэг шинэчлэлийн гэх Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд болон Сангийн сайдыг тус бүр нэг удаа, Эдийн засгийн хөгжлийн сайдыг хоёр удаа огцруулах асуудлыг өргөн барьж хэлэлцүүлсэн.
Харамсалтай нь өөрийн эрх мэдэл, ашиг хонжоогоо харсан олонхи хүлээж аваагүй.
Харин энэ удаа УИХ дахь МАН-ын бүлгийн удаа дараагийн шаардлага, санаачилгыг хугацаа алдсан ч гэсэн хүлээн авч, өөрийн Засгийн газрын үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, Засгийн газрын бүтцээ цомхотгох асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн байна.
Гэхдээ Засгийн газрын бүтцийн өөрчлөлт нь гэм нүглээ нууж дүрээ хувиргах арга, хариуцлагагүй сайд нараа хариуцлагаас зугтаалгах боломж гэж харж байгаа бол их эндүүрэл болно. Ард түмэн ч бас ийнхүү шүүмжлэн ярьж байна. Тийм учраас Засгийн газрын бүтэц, хариуцлагын асуудлыг тусад нь авч үзэх ёстой гэж Монгол Ардын Намын бүлэг үзэж байгаа.
Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийг өөрчлөх үндэслэлээ “татан буугдах буюу нэгтгэх яамд нь өмнөх зорилтоо сайн биелүүлсэн”, “амжилттай ажилласан”, “томоохон өөрчлөлтийг Монголд авчирсан” хэмээн олон нийтэд тайлбарласан. Гэтэл УИХ-д Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг хийснээс үүдэн гарах нийгэм, эдийн засгийн үр дагаврыг танилцуулахдаа “Яамдын үйл ажиллагааны зарим давхардлыг арилгаж, салбарын бодлого төлөвлөлт, зохицуулалтыг нэг яаманд төвлөрүүлж, төрийн албан хаагчийн орон тоог цөөрүүлж, төсөв мөнгө тэр хэмжээгээр хэмнэгдэх болно. Яамдын тоог цөөлснөөр төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажилд гарч байсан давхардлыг багасгаж, иргэдэд ил тод нээлттэй, шуурхай үйлчлэх нөхцөл бүрэлдэнэ” хэмээн дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүтцийг өөрчлөх үндэслэлээ Ерөнхий сайд ард түмэн болоод УИХ-ын гишүүдэд хоёр янзаар тайлбарлаж байгаа нь ихээхэн эргэлзээ гайхшралыг төрүүллээ. Иймд “үнэнд гүйцэгдэж буй” Засгийн газрынхаа бүтцийг ямар учраас өөрчилж байгаагаа ард түмэнд үнэн зөвөөр нь тайлбарлахыг шаардаж байна.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Н.Алтанхуягийн Засгийн газрын төсвийн захиргааны урсгал зардал, төрийн албан хаагчдын тооны өсөлт урьд өмнөх Засгийн газруудтай харьцуулшгүйгээр өндөр болсон нь дараах тоон үзүүлэлтээр батлагдаж байна. Тухайлбал, 2011 оны төсвийн гүйцэтгэлээр 148.781 албан хаагч ажиллаж байсан бол 2012 онд 162.383, 2013 онд 176.773, 2014 онд 180.150 төрийн албан хаагчийг төсвөөс санхүүжүүлж байгаа мэдээллийг Сангийн сайд Ч.Улаан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн асуулганд хариу өгөхдөө ирүүлжээ. Энэ бол шинэчлэлийн Засгийн газрын дансыг манаж байгаа Сангийн сайдын өөрийнх нь гаргаж ирүүлсэн албан ёсны тоо гэдгийг сануулъя. Өөрөөр хэлбэл, 2012-2014 онд шинэчлэлийн Засгийн газар 30 орчим мянган албан хаагчаар төрийн албыг нэмэгдүүлжээ.
Өмнө нь 11 яаманд нийт 978 төрийн албан хаагч ажиллаж байсан бол одоо 16 яаманд 1558 төрийн албан хаагчтай байгаа нь дээрх өсөлтийг нотолсон нэг л үзүүлэлт юм. Засгийн газар бүтэц, орон тоог эрс нэмэгдүүлснээс үүдэн улсын нэгдсэн төсвийн цалингийн зардал 2013 онд 1 их наяд 400 сая төгрөг болж 203,0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Засгийн газрын данхар бүтэц нь зөвхөн яамдаар хязгаарлагдалгүй дунд, доод шатанд ч халдварлаж, аймаг, нийслэл, дүүргийн түвшинд шатлан өргөжсөн. Ганцхан жишээ дурдахад, 4-5 орон тоотой байсан нэг дүүргийн ИТХ-ын Ажлын алба өнөөдөр 30-40 хүнтэй болтлоо тэллээ. Ингэснээр төрийн үйлчилгээ сайжирч чадсан уу гэдэг асуултад ард түмэн харин ч дордсон хэмээн нэгэн дуугаар хариулж байна.
Мөн төрийн албаны бүтэц, бүрэлдэхүүн өссөнтэй холбоотойгоор түүнд хамаарах урсгал зардал ч өслөө. Тухайлбал, ганцхан жилд бичиг хэргийн зардал 3 тэрбум, жижиг, эд хогшил, тавилгын зардал 8.5 тэрбумаар нэмэгдэж, авто машин унах эрхгүй 222 албан тушаалтан авто машин унаж байсан нь аудитын газрын дүгнэлтээр нотлогдлоо.
Ингэж татвар төлөгчдийн хөрөнгийг Ардчилсан нам, өнөөгийн олонхи үр ашиггүй бүтцийг санхүүжүүлэх ундарга, дарга нар тэдний хамаатнуудыг тэжээн тэтгэх эх үүсвэр болгосон тухай тоо, тооцооллыг ярих юм бол бүтэн өдөр ч хүрэлцэхгүй.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, цаашид шинэ бүтцээр ажиллах санаачилга гаргасныг нийгэм бүхлээрээ хэлэлцэж, улам сайжруулах хувилбарыг ард иргэдээс дэвшүүлж эхэлснийг эрх баригчид анхааран үзэх ёстой байлаа. Гэвч Ерөнхий сайд Та хэн нэгэн хүн, хэсэг бүлэг, фракцад сайдын суудал бэлдэж “бялуу хуваах” уламжлалт зарчмаа хадгалсан бүтцийг Улсын Их Хуралд оруулж ирсэнд харамсаж байгаагаа илэрхийлье.
Эх орны эрх ашиг, эдийн засаг нийгмийн өнөөгийн хямрал, төсөв мөнгөний нөхцөл байдлаа харгалзан үзэж Засгийн газрын бүтцийг улам чамбайруулах ёстой гэж Монгол Ардын намын бүлэг дүгнэсэн.
Дээр дурдсан нөхцөл байдал, иргэдийнхээ санал бодлыг иш үндэс болгон Засгийн газрыг илүү цомхон, чадавхитай, хариуцлагатай болгох байр сууриа дахин илэрхийлэхийн хамт дараах байдлаар сайжруулах ёстой гэж Монгол Ардын Намын бүлэг үзлээ:
- Соёл, спорт, аялал жуулчлал гэсэн авцалдаатай муутай гурван салбарыг нэгтгэж нэг яам болгосноор эдгээр салбарын ажил ахисангүй. Харин ч уруудан муудаж байгааг урлаг, спортынхон ярьж байна. Аялал жуулчлал хөгжих биш 2014 онд Монголд ирэх жуулчдын тоо хэдэн арван мянгаар буурлаа. Ийм учраас Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгаж чиг үүргийг нь зохих яамдад нэгтгэх;
- Ганц нэг яамыг нэгтгэсэн нэрээр хэмнэлтийг хязгаарлаж болохгүй. Улс төрийн урамшуулал болгон бий болгосон олон зуун зөвлөх, ажлын алба, орлогч нараас татгалзах замаар дунд, доод шатанд ч бүтцийн өөрчлөлтийг цаг алдалгүй үргэлжлүүлэх нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзэж байна. Төрийн үр ашиггүй нүсэр бүтцийг цомхотгох, төсвийн хэмнэлтийг бий болгосны үр дүнд бий болох хөрөнгийг цалин тэтгэврийг нэмэх эх үүсвэр болгох ёстой гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
УИХ дахь МАН-ын бүлгээс дэвшүүлж буй дээрх саналыг хүлээж авсан нөхцөлд Засгийн газар нь Ерөнхий сайдаа оруулан 14 сайд, 12 яамтайгаар ажиллах боломжтой болж цомхон, хариуцлагатай бүтэц, зохион байгуулалт бий болох юм.
МАН-ын бүлгээс дэвшүүлж байгаа эдгээр бодлого, санаачилгуудыг Засгийн газрын бүтцийг шинээр батлахдаа тусган шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.
Анхаарал тавьсан явдалд баярлалаа.
URL: