Стивен Сигалийн монгол гэргий
Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал Батсүхийн Эрдэнэтуяа гэдэг монгол бүсгүйтэй дэр нэгтгээд зургаан жилийн нүүр үзэж байна. Адал явдалт, тулаантай киноны дэлхийн шилдэг жүжигчдээр Брюс Ли, Арнольд Шварценеггер, Сильвестр Сталлоне, Брюс Уиллис, Стивен Сигал, Ван Дамм, Жет Ли нарыг зүй ёсоор нэрлэдэг. Сигал кендогийн хар бүстэй, тулааны мастераас гадна буддын шашинтан, Ренбүүчи хүн.
Тэрээр 2001 онд Монголд анх хөл тавьж “Чингэс хааны тухай кино хийнэ, миний судсаар монгол цус гүйж байгаа” хэмээн ярьж бидний анхаарлыг татаж чадсан. Хийх гэж байгаа тэр киноныхоо хатдын дүрийг сонгох гэж Монголд ирлээ гээдэхсэн чинь Монголын аль л хацар гоо охид, загвар өмсөгчид түүний нүдэнд өртөх гэж хэрэндээ л мэрийцгээсэн гэдэг. Гэтэл Холливудын одын нүдэнд Монголын бүжигчин бүсгүй Б.Эрдэнэтуяа тусчээ. Б.Эрдэнэтуяа Сигалийг Монголд байх хугацаанд хамаг ажлыг нь чадварлаг зохион байгуулж, олон хүний хийх ажлыг ганцаараа шаламгай амжуулж, эргэн тойрныхоо хүмүүсийг алмайруулж байсан гэдэг. Энэ чанар нь Сигалд таалагдаж Б.Эрдэнэтуяад өөрийнхөө нарийн бичиг, туслахаар ажиллахыг санал болгож, улмаар нутаг руугаа дагуулан явсан юм. Тэд эхлээд ажил хэргийн шугамаар харьцаж байсан ч удалгүй бие биедээ дасан хайр сэтгэлтэй болж нэг гэрт орсон гэдэг. Тэд албан ёсоор хуримлалгүй явсаар 2009 онд гэр бүл болжээ.
Сигал авьяаслаг, эр зоригтой жүжигчин гэдгээрээ Холливудын одод дундаа чансаа өндөртэй. Харамсалтай нь хувийн амьдралын хувьд тогтворгүй, олон бүсгүйтэй нэр холбогддогоороо хүүхэмсэг эрчүүдийн нэгд тооцогддог. Тэрээр Япон, Латин Америк, Америк, Орос, Болгарын бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан. Түүний анхны эхнэр Мияако Фужитан нь Японы үндэсний бие хамгаалах урлаг кендогийн их мастер, багш. Сигал Мияакотой 1975 онд гэрлэн хамт амьдарч хоёр хүүхдийн эцэг, эх болсон ч 1986 онд хоёр тийш болцгоосон юм. Эхнэрээсээ салангуутаа загвар өмсөгч Адриенне ла Руссатай нэр холбогдож, тухайн үедээ сенсааци дэгдээж байв. Энэ харилцаа нь арван сар орчим л үргэлжилжээ.
1987 онд Сигал Келли Леброкстой хурим хийжээ. Энэ үед түүний шүтэн бишрэгчид “Стивен одоо л хүмүүжих нь” хэмээж байжээ. Келлитэй есөн жил амьдарч, гурван хүүхдийн эцэг болсны эцэст хамтын амьдралдаа цэг тавьж гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэ бол 1996 он. Энэ үеэс Стивен Сигал гоонь эрийн жаргал, эрх чөлөөг эдэлж, долоо хоног бүр өөр өөр бүсгүйтэй нэр холбогдож, папарацциудын өгөөш болдог байв.
* * *
Стивен Сигалийн эмэг эх нь монгол цусны хүн байсан талаар ярьдаг. Эмэг эхийг нь бага балчир байхад гэрийнхэн нь Монгол нутгаас гарч Улаан-Үд рүү нүүдэллэжээ. Тэндээс явсаар Америкт хүрч. Эмэг эх нь Сигалийн аавыг бага байхад өөрийнхөө амьдардаг байсан тухайн үеийн Монгол орон, хүн ард, ахуй амьдралын тухай дурсан ярьдаг байсан гэнэ. Сигал өөрийгөө монгол цусны хүн, Чингэсийн монгол хэмээн ярьж байсан удаатай. Тийм болохоор тэрээр Монголд хөл тавьсан юм. “Чингэс хаан” гэдэг нэртэй, Холливудын шилдэг оддыг тоглуулсан шуугиан тарих кино хийнэ хэмээн ярьж байсан ч түүний мөрөөдөл талаар өнгөрсөн. Хийнэ гэж амласан кино нь сураг алдарчээ. Энэ талаар тэрээр “Би Чингэс хааны тухай кино хийхийг маш их хүссэн. Олон жил бодсон. Гэхдээ тэр мөрөөдлөө хаяагүй. Түр завсарласан гэж хэлж болно. Гэвч би Чингэс хааны тухай кино хийгээгүй ч монгол бүсгүйтэй учирсандаа баярладаг” гэжээ.
Б.Эрдэнэтуяаг америкчууд “Сигалийн шинэ найз охин Эмми” гэж нэрлэдэг. 2003, 2004 оны үед л тэгж нэрлэдэг байв. Одоо ч тэр. Гэтэл Б.Эрдэнэтуяа Сигалийн шинэ найз охин байтугай гэргий нь болж, үрийнх нь зулайг үнэрлүүлжээ. Тэдний хүү нь 2009 оны долдугаар сард мэндэлсэн. Сигал отгон хүүдээ Зунзан (Zunzang) буюу Төгсбаясгалант гэдэг нэр өгчээ.
Сигал энэ жил 59 настай. Харин Б.Эрдэнэтуяа дөнгөж 30 гарч явна. Б.Эрдэнэтуяа Америкт амьдрахдаа буруушаах, сонжих гэсэн ямар нэг таагүй харьцаатай хүмүүстэй тааралддаггүй гэнэ. Харин Монголд ирэхдээ бусдын хэл амны бай болохоос аль болох зайлсхийж сэм ирчихээд буцдаг гэсэн.
* * *
Б.Эрдэнэтуяа Дорноговь аймагт төрж өссөн, айлын ганц охин. Түүнийг багад нь гэр нь хот руу шилжжээ. Хүүхэд байхаасаа бүжиглэдэг авьяаслаг, хүн бүрийн хайрыг татсан өхөөрдөм охин байсан аж. Хотод ирээд Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйланд суралцаж олон арван тэмцээнээс шагнал хүртэж байсан удаатай. Тухайн үедээ Монголын цэнгээнт бүжгийн шилдэг бүжигчдийн нэг гэгдэж байсан юм. Б.Эрдэнэтуяа олон тэмцээнд аваргалж “Хатан хаан” өргөмжлөлийг хүртэж, залуусын харцыг булаасан сайхан бүсгүйчүүдийн нэг байв. Хөтлөгч, жүжигчин Э.Гантулга түүнд унан тусан дурлаж, хайр зарлаж байсныг урлагийн хүрээнийхэн дурсдаг юм. Б.Эрдэнэтуяа авьяаслаг бүжигчнээс гадна хэлний мэдлэг, боловсрол өндөртэй нэгэн.
2002 онд Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцааны ангийг япон хэлний орчуулагчаар төгсчээ. Их сургуулийнх нь андууд түүний тухай “Б.Эрдэнэтуяа үеийнхэн дундаа сор нь байсан. Гайхалтай сайхан бүжиглэнэ. Гоё охин байсан болохоор залуус их гүйнэ. Ааш зан сайтайгаас гадна маш их ажил хэрэгч, идэвхтэй оюутан байсан” гэж ярьсан юм.
Стивен Сигал өөрөөс нь өмнө гурван бүсгүйтэй гэрлэж, зургаан хүүхэдтэй байсан ч Д.Эрдэнэтуяа түүний өмнөх амьдралыг эс тоон түүнтэй амьдралаа холбосон юм. Өөрөөсөө хэдэн үе мултарсан хүнтэй суусныг нь хүмүүс янз бүрээр тайлбарладаг.
* * *
Стивен Сигал отгон хүүгээ мэндэлсний дараа Америкийн хэвлэл мэдээллийнхэнд сая нэг ам нээж “Би хүүхдүүддээ маш их хайртай, дэндүү их. Долоо дахь хүүхэд маань төрж амьдралыг минь гэрэл гэгээтэй болголоо. Би эхнэр, отгон хүүгийнхээ хамт Луйзана мужид амьдарч байна. Би их гэрсэг хүн шүү. Эхнэр, хүүтэйгээ байхдаа л аз жаргалыг мэдэрдэг” хэмээсэн байна лээ.
Холливудын алдартай жүжигчинтэй амьдарч буй Б.Эрдэнэтуяа гэх бүсгүйн талаар товч сонирхуулахад ийм байна.
Д.ГАНСАРУУЛ
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлахыг хориглоно. ӨДРИЙН СОНИН
URL: