Мөнгө олж бүтээдгээ цомхотгож, иддэгээ үлдээх нь
Ерөнхий сайд амласан ёсоороо Засгийн газартаа хийх бүтцийн өөрчлөлтийн “төслөө” УИХ-д өргөн барилаа. Кабинетынхаа бүтцийг хэрхэн өөрчлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Харин түүнийг яаж шийдэх нь УИХ-ын мэдэл. Одоо Ерөнхий сайдын санал УИХ-ынх болсон. Санаа нь Н.Алтанхуягаас гарсан ч сайн муу болсны эцсийн хариуцлагыг УИХ л хүлээнэ. Тийм ч учраас намын бүлгүүд Ерөнхий сайдын оруулж ирсэн саналыг адислаад өнгөрөөхгүйн тулд шинэ Засгийн газрын бүтцийг сайжруулах “мэс ажилбар” парламентын төвшинд идэвхжлээ.
Одоо явж байгаа төслөөс харвал Уул уурхайг Эрчим хүчний яамтай нэгтгэж Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалт болон Зам тээврийг Дэд бүтцийн хөгжлийн яам болгох бололтой. Мөн Эдийн засгийн хөгжлийн яамыг. Сангийн яаманд нэгтгэж, Гадаад харилцааны сайд буюу Шадар сайд байхаар төлөвлөжээ. Ерөнхий сайд “өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Зам тээврийн яам эрч хүчтэй ажиллалаа. Монгол орны зам харилцаа, тэр дундаа орон нутгийн зам, энэ салбарын бодлогыг тодорхой болгож чадлаа. Барилга хот байгуулалтын яам гэж тусгайлан байгуулсны хүЧинд орон сууц, барилгын асуудалд дэвшил гарсан” гэж дүгнэсэн. Эрчим хүчний салбарт ч сүүлийн 20 жилийн хугацаанд өрнөөгүй бүтээн байгуулалт хийсэн гэдгээ онцолсон юм.
Түүний хэлсэнтэй маргах аргагүй. Гал алдахдаа тулаад байсан нийслэл ойрын хэдэн жилдээ цахилгаан, дулаанаар дутагдахаас хамгаалж дулааны цахилгаан станцуудыг 170 орчим КВт-аар хүчин чадлыг нь нэмэв. V цахилгаан станцыг ирэх хавар барих нөхцөл бүрдлээ. Олон мянган өрхийн орон сууцны зээлийн хүүг багасгаж ачааг нь хөнгөлсөн. Буянт-Ухаа орон сууцны хорооллын дунд хүүхдийн дуу цангинаж, Нисэхийн гэгдэх буйдхан хөндийд түм түжигнэсэн орчин үеийн хороолол сүндэрлэлээ. Эдийн засгийн хөгжлийн яамны монголчуудын эрхэмлэн хүндэлдэг хааны нэртэй бондын олон тэрбум төгрөгийн хөрөнгө босгосныг гавьяа байгуулсан гэхээс өөр яах билээ. Зам тээврийн салбарт л гэхэд өнгөрсөн жил Баянхонгор, Дундговь, Дорноговь аймгийг нийслэлтэй засмал замаар холбов. Сая Өмнөговийг холболоо. Одоо Сүхбаатар, Хөвсгөлийг хатуу хучилттай замтай болгох гэж байна. Агаарын тээврийн салбарт гэхэд өмнө нь найман чиглэлд нислэг үйлддэг байсан бол одоо 16 боллоо. Хамгийн сүүлд Бээжингээс зорчигч авах, хүргэх онцгой эрхтэйгээр Улаанбаатар-Сингапурын чиглэлд нислэг үйлдэх болов. Олон жил улстөрчдийн маргааны сэдэв байсаар ирсэн төмөр замын маргаанд цэг тавьж дамжин өнгөрөх, буцах транзит тээврийн гэрээг БНХАУ-тай байгууллаа. Манай Засгийн үөд суурийг нь тавьсан ажлын туузыг Н.Алтанхуяг хайчилж байна гэж сөрөг хүчин гоочилдог ч өнгөрсөн хоёр жил дээрх бүтээн байгуулалт өрнөсөн нь үнэн.
Тэгээд ч иргэдэд аль Засгийн газар хийсэн нь бус замтай, гүүртэй, орох оронтой болсон нь чухал болов уу. Гэхдээ энд нэг асуудал байна аа, УИХ-ын гишүүд ээ. Та бүхэн мөнгө олж, бүтээн босгодог яамдаа нэгтгэж, тэдний олж ирснийг “идэх”-ээс өөр ид шидгүй гэмээрийг нь үлдээх гээд байна.
Эдийн засгийн хегжлийн яам “Чингис”, “Самуурай” бонд гэж мөнгө олж ирсэн. Зам тээврийн яам тээврээр мөнгө олохоос гадна зам барьж бүтээн байгуулдаг. Барилга, хот байгуулалт, Уул уурхай, Эрчим хүчний яам ч адилхан. Тэд “иддэг”-гүй олдог. Харин эдгээр яамны олж ирснийг үрдэг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Спорт, аялал, жуулчлалын яам цомхотголын гадна үлдэж байгааг юу гэх вэ. Баялаг бүтээхгүй, бүтээж байгаагаа дэмжихгүй, олсноо халамжинд тарааж байгаа гэж дээр дооргүй л шүүмжилдэг. Тэгсэн хэрнээ баялаг бүтээдэг яамдаа цомхотгож, халамж тараадаг яамдаа халамжлан авч үлдэх гэж байна. Тухайлбал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам улсын төсөвт гурван тэрбум 225 сая төгрөг төвлөрүулэх бол Зам тээврийн яам 73 тэрбум 893 сая төгрөг “олдог” байх жишээтэй. Олсон шигээ үрдэг гэвэл бас үгүй юм билээ. Зам тээврийн сайдын захиран зарцуулах хөрөнгө нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдынхаас бараг 1.5 дахин бага байна.
Монгол хүнийг ажилтай, орлоготой байлгах, хүнээ хөгжүүлэх нь нь энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн тэргүүлэх зорилт учраас Хөдөлмөрийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг нэгтгээгүй юм гэж Ерөнхий сайд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр учирлаж байсан. Үнэхээр хүнээ хамгаалах бодлого цогц байх ёстой нь үнэн бол бодлогыг намын фракцид хуваах бус улстөрийн нэг бодлого дор зангидъя. Эрхэм гишүүд та бүхний өмнөх цэсэнд “бүтээн босгох”, “халамжинд тараах” гэсэн хоёр сонголт байна.
М.АЛТАНЦЭЦЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: