Холбоон дотор холбоо байгуулж болно

Морин дээрээс Монголыг төвхнүүлэх гээд чадахгүй яваа Ц.Мөнхбаяр нарын долоон “баатар”-ыг нутаг чөлөөлөөд хөдөөгүүр явж байхад нь саяхан цагдаа нар барьж ирээд мөрдөнд хорьж буй. Тэгсэн тэдний эхнэр хүүхдүүд нь “Гал үндэстэн эмэгтэйчүүдийн холбоо”-г байгуулж, тэмцлийг нь үргэлжлүүлэхээр болсноо зарлав.

Эхний ээлжинд саяхан ашиглалтанд орсон “Цагаан ордон”-оос нөхрүүдээ ямар нэгэн аргаар гаргах нь тэдний гол зорилго бололтой. Харин дараа нь яах вэ гэхээр Засгийн газарт хаягласан таван зүйл, заалт бүхий шаардлагаа ажил хэрэг болгох аж. Гэхдээ алинаас эхлэх нь тийм ч тодорхой бус байна. Нөхрүүдтэйгээ дөрөө харшуулан буу агсаж, хөдөөгүүр морин дэл дээр хийссэн ч чадахаар юм ярьсан.

Цаашид зөвхөн тэднийг суллах ажлыг гардан хариуцаж ч магадгүй юм. Одоо саатуулагдаад байгаа нөхрүүд нь мэдээж номхон төлөг шиг ноомой болоод гараад ирнэ гэдэг юу л бол. Бодвол дахиад л нутаг чөлөөлөх аян дайн шахуу юмаа үргэлжлүүлэх байх. Тэгэнгүүт эндээс цагдаа нар давхиж очоод дахиад бариад ирнэ. Хэдэн ч удаа ийм байдал давтагдахыг таашгүй учраас энэ бүхэнд эхнэрүүдийнх нь холбоо “ажилтай” байх нь л дээ.

Байнгын ажиллагаатай парламент гэдэг шиг байнгын ажиллагаатай холбоо ч байж мэдэхээр байна.
Үүнээс гадна эзгүй байгаа Ерөнхийлөгчид ч тэд ханджээ. “Биднийг, эх орончдыг дэмжиж байгаа эсэхээ 48 цагийн дотор хэлээрэй” гэсэн утгатай шаардлага ч хүргүүлэв. Гэтэл Ерөнхийлөгч заасан хугацаанаас өмнө тэдэнд хариу өгөх нь байтугай айлчлалаасаа ч ирээгүй байхаар байна. Тэгэхээр одоо яах юм бол доо.

Ямар ч байсан жендерийн талаарх өргөн ойлголтыг ч “Гал үндэстэн” холбооныхон үйл хэрэгтээ ийнхүү тусгав. Уг нь бол аль нэг намын дэргэд залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллага бол байдаг байсан. Одоо ч бий. Харин жирийн холбоон дотор холбоо мэндэлж байсангүй. Тэгэхээр энэ эхлэлийг тэд тавьж чадлаа. Авто машин, мотоциклийн холбооныхон гэхэд л одоо эхнэрүүдээ цуглуулаад дэргэдээ Авто машин, мотоцикльчин эмэгтэйчүүдийн холбоо, Анчдын холбоо болохоор хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалуулахын тулд Анчдын эхнэрүүдийн холбоо байгуулж болох нь ээ.

Өөр ямар ч холбоо ийм бүтэц, зохион байгуулалтын шинэ хэлбэрт шилжиж болохоор боллоо. Маш их эрсдэлтэй “ажил” хийдэг тохиолдолд энэ нь бүр ч их хэрэг болж магадгүй юм.

Н.Мөнхтөвшин


URL:

Сэтгэгдэл бичих