Д.Тэрбишдагва Т.Дуламдоржтойгоо буцах ёстой

527-1412644703dfc62254035c575aoriginalЗасгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах сургаар суудал нь ганхаж эхэлсэн зарим сайд гэнэт ухаарсан мэт дотооддоо халаа сэлгээ хийж, хариуцлагатай даргын дүр эсгэн “жүжиглэж” эхэлжээ.

Тухайлбал, Шадар сайд Д.Тэрбишдагвын ахалж ажилладаг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж хариуцлага алдаж ажилласан хэмээн гэнэт Дархан-Уул аймгийн ОБГ-ын дарга Н.Зоригоог үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Учрыг тодруулбал, Дархан-Уул дахь Улсын нөөцийн шатахууны агуулах дэлбэрсний улмаас нэг хүн амиа алдсан явдалд түүнийг буруутгасан бололтой. Мөн тус аймгийн Улсын нөөцийн газрын дарга Н.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Өөрөөр хэлбэл, Шадар сайд Д.Тэрбишдагва, Т.Дуламдорж нар өөрсдийн томилсон “онцгүй” албатуудаараа туг тахиж буй үзэгдэл юм л даа. Тухайлбал Н.Энхбаяр нь ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржийн зөвлөх. Шадар сайдын төрсөн ах Д.Пүрэвдаавуугийн хүргэн гэгддэг.

Харин Дарханы ОБГ-ын дарга Зоригоо өмнө нь эрхэлсэн тодорхой ажилгүй, англи хэлний багш мэргэжилтэй нэгэн байсан аж. Тэгэхээр онцгой ур чадвар эзэмшсэн албан хаагчид ажиллах шаардлагатай энэ албанд Шадар сайдын хамаатнууд тэнцээгүйгээр барахгүй алдаа гаргаж эрдэнэт хүний аминд хүрсэн учраас тэднийг ажлаас халж “онцгой” арга хэмжээ авсан бололтой.

Т.Дуламдорж даргын тушаал гаргаж албатаа халсан дээрх үйлдлээс харахад өөрийгөө болон Шадар сайд Д.Тэрбишдагвыг уснаас хуурай гаргах гэсэн башир арга байв уу гэж хардагсад цөөнгүй байна. Энэ үйлдлээрээ ОБЕГ-ын дарга болон Шадар сайд өөрсдийн мэргэшээгүй төрлүүдээ онцгой албанд шургуулснаа ч илчилж орхилоо.

Өмнө нь Тэрбишдагва сайдыг УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байх үед туслахаар нь ажиллаж байсан одоогийн ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржийг улсын онцгой объектын даргаар тохоон томилж, өөрийн ах Д.Пүрэвдаавууг зөвлөхөөр авч, Долоонжин, Энхбаяр зэрэг өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлж хувийн компани шиг болсон газар бол ОБЕГ юм.

Ийнхүү Засгийн газрын бүтэц ганхаж эхэлсэн энэ цаг үед Д.Тэрбишдагва сайд сэмхэн болгоомжилж, замын чулуугаа арилгаж эхэлсэн бололтой. Гэхдээ тэд зөвхөн өөрсдийн томилсон хүмүүсээрээ туг тахих биш өөрсдөөр нь туг тахихаар зэхэж байгааг эрх биш огоорч байгаа байлгүй дээ.

Д.Тэрбишдагва сайдыг сэнтийгээс нь хөндийрүүлэх хангалттай баримт бий. Онцгой объектыг толгойлж ажиллах ёстой эрхэм сайд Д.Тэрбишдагва намын даргынхаа бие сэтгэлийн аясыг дагаж намирснаас болж үйлдвэрлэлийн, зам тээвэр, үер усны аюулаас болж олон хүний эрдэнэт амь нас үрэгдлээ.

Энх цагийн “дайн’’ гэж нэрштлээ өдөрт хэдэн арваараа тоологдох осол аваар гарч байна. Цаашлаад малын гоц халдарт боом, шүлхий, галзуу зэрэг хэдэн жилдээ хаа нэг гарч хөл хорио тогтоодог халдварт өвчлөл сүүлдээ малаас хүнд халдварладаг боллоо.

Улсын нөөцөд галзуу, шүлхийн вакцин дутагдалтай байгаагаас ариутгал халдваргүйжүүлэлт хийж чадахгүй, “гал алдахдаа” тулж байна. “Олон хэлбэл улиг” гэдэг шиг дээрх гоц халдварт өвчин хүмүүст айдас түгшүүр болохоо ч байсан байна.

Харамсалтай нь Монгол Улсын аюулгүй байдалд ноцтой нөлөөлж байгааг дээрх “мэргэшээгүй” удирдлагууд ойлгодог болов уу. Тэд улсын онцгой байдал гэхээс илүүтэй улс төр, сандал ширээнии томилгоо хөөцөлдөөд ажлаа хийхгүй, мэдэхгүй байгаагийн гор ийн илэрч байгаа юм.

Иймд зөвхөн Шадар сайд Д.Тэрбишдагвыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөөд зогсохгүй, “мэргэшээгүй” дарга Т.Дуламдорж болон түүний “цэргүүд”-ийг ч онцгой объектоос цэвэрлэх цаг нь болсон байна. Өөрөөр хэлбэл, цаг ямагт өө халгаахгүй сугандаа хавчуулж ирсэн Т.Дуламдоржоо Шадар сайд “үүрээд” буцах хэрэгтэй.

Тэгэхгүйгээр онцгой байх үүрэгтэй энэ газар цэвэршихгүй нь. Нөгөөтэйгүүр, тэд албатуудаа “Хүний аминд хүрсэн” гэж үүрэгт ажпаас нь чөлөөлж байгаа бол тэд ч бас олон аврагчийнхаа “аминд хүрсэн” удирдлагууд. Хамгийн ойрын жишээ дурдахад энэ оны есдүгээр сарын 1-нд зам тээврийн ослоор онцгойгийн дөрвөн албан хаагч амь насаа алдсан.

Тэд удирдлагын зөвлөлийн нэгдсэн хуралд оролцоод буцаж явах замдаа осолдсон юм. Тэгвэл тэд өөрсдийн гэсэн албаны машингүй замын унаанд дайгдаж яваад амь насаа алдсан билээ. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийн албаны маяактай машинаа хөлөглөөд явсан бол ийнхүү бүгдээрээ амь насаа алдах байсан эсэх нь эргэлзээтэй.

Нөгөө л техник хэрэгслийн дутагдалтай байдлаас болсон алдаа гэж хэлж болно. Гэтэл үнэхээр автомашингүй байдаг юм болов уу гэж бодохоор одоогийн “хурган” дарга нар нь ажлын цаг дуусах үед маяактай машинаа хангинуулаад гэрийн зүг давхидаг жишиг одоо хэр нь бий.

Өөрөөр хэлбэл, орон нутгийн аврагчдадаа тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлээр хангаж ажилладаггүйн улмаас гарсан осол гэж хэлж болохоор байгаа юм. Энэ Засгийн газар өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлэх нэрээр хамаатан садан, ах дүү нараа төрийн албанд улаан цагаан шургуулж байгаа нь бодит үнэн. Гэхдээ онцгой байдлын албанд энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн, чадварлаг боловсон хүчин ажиллах учиртай.

Т.Дуламдорж даргыг мэргэжлийн бус хүн томиллоо гэж мэргэжилтнүүд төдийгүй жирийн иргэд чамгүй заргалдсан. Гэтэл Шадар сайд Д.Тэрбишдагва “Заавал мэргэжилттэй хүн байх албагүй.

Харин сайн менежер байхад л хангалттай’’гэж хэлснээр энэ маргаан эцэслэж, даам гарсан Шадар сайд мэргэжлийн бус онцгойгийн дарга Т.Дуламдорждоо хурандаа цолыг 2013 оны дөрөвдүгээр сард олгож дахин шуугиан дэгдээж байлаа.

Үнэнд гүйцэгдсэн Шадар сайд дээр, доороосоо бангадуулсаар Т.Дуламдоржийн хурандаа цолыг түрдээ эргүүлэн татсан ч чимээ намжсан даруйд дээрх цолоо дахин олгож санаагаа амраасан юм. Ингээд Шадар сайд Д.Тэрбишдагва ОБЕГ, МХЕГ-т өөрийн хүмүүсээ баруун солгойгүй чихэж, төрийн албыг төрлийн алба болгосон нэгэн.

Ингэсний гороор онцгойгийн салбар өөдөө үзэхгүй, ажлаа мэдэхгүй албатуудын уршгаар гоц халдварт өвчнүүд хүрээгээ тэлж, аймаг сум дамжин халдвар тархаж, эзэнтэй эзэнгүй гал түймэр гарч, гол усны үеэр хэдэн арван хүн живж, амь насаа алдаж байна.

Тухайлбал, өнгөрсөн жил Сүхбаатар аймагт гарсан мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарах үеэр Т.Дуламдорж дарга тэргүүтэй ОБЕГ-ын удирдлагууд намын дарга Н.Энхбаяртаа золгохоор Солонгос улсыг зорьсноор шүлхийн хүрээ гурван аймгийн хил даван тархаж татвар төлөгчдийн 14 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн.

Халдварт өвчин гарсан бүсийн малыг онцгойгийнхон устгалд оруулж Засгийн газраас нөхөн олговор олгохоор болсон тухайгаа мэдэгдэж байв. Өөрөөр хэлбэл, нөхөн олговорт 26 тэрбум төгрөг олгохоор тооцоо гарсан ч өдгөө хүртэл нөхөн олговрын мөнгө олдохгүй малчид хохирсон хэвээр байгаа аж.

Энэ бүхэнд ОБЕГ-ынхан “Хувцас, тоног төхөөрөмж хангалтгүй, хүн хүч тутмаг байдлаас болж аврах ажиллагаа, ариутгал халдваргүйжүүлэлт хийж чадсангүй” гэдэг. Тэгвэл Т.Дуламдорж дарга өнгөрөгч сард сонинд өгсөн ярилцлагадаа дээрх байдлыг үгүйсгэж, тоног төхөөрөмжийн шинэчлэл бүрэн хийж хувцас хэрэглэлээр хангасан тухайгаа онцолсон байна.

Тухайлбал, 2013 онд хувцас шинэчлэлд 5.7 тэрбум, гал унтраах тус бүр нь 14.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 22 ширхэг автомашин оруулж ирснээр техникийн бүрэн шинэчлэл хийж чадсан. Цаашлаад шаардлагатай үед гал унтраах 10 тэрбум төгрөгийн үнэ бүхий нисдэг тэрэг худалдаж авах талаар Ерөнхий сайдад санал болгосон” гэжээ.

Энэ тухайгаа Т.Дуламдорж дарга саяхан шатсан 24 давхар “Шангрилла-2” зочид буудлын гал түймрийн үеэр мөн дурсаад авна лээ. Тэгэхээр аливаа зүйлд өөрсдөө ямагт уснаас хуурай гарах төлөвлөгөөтэй байдаг Шадар сайд, түүний “шадар” цэрэг Т.Дуламдорж нарт хариуцлага тооцох бүрэн үндэслэл бий.

Тухайлбал, энэ намар АМГ-ын геологич залуу орон нутагт томилолтоор явж байх үедээ амь насаа алдсан. Түүнийг гурав хоног хайгаад онцгойгийнхон олоогүй гэдэг.

Тэр үед мөн л Т.Дуламдорж Өвөрхангай аймгийн баяр наадамд оролцож төсвийн мөнгийг хандивт өргөн зугаацаж явсан гэдэг. Түүнээс гадна улсын нөөцийг хангаж ажиллах үүрэгтэй Д.Тэрбишдагва сайд аа, галзуугийн вакцин “тэглэж”, галзуурсан азарга хүн барьж идэхдээ тулчихаад байна.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих