Н.Энхбаяр даргыг МУ-д ирэхээс нь айдаг улс төрчдийн зохион байгуулалттай үйл ажиллагаа гэлээ
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба: МУ-ын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр БНСУ-аас төрийн орогнол хүссэн тухай мэдээллийн дагуу бид БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд албан бичгийг хүргүүлж, тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан ор үндэсгүй мэдээлэлд арга хэмжээ авах ёстой гэсэн албан бичгийг хүргүүлэх гэж байна. Гүтгэлгийн чанартай энэхүү мэдээллийг хаанаас тараасан, ямар эх сурвалжаас авсан болохыг бид нягтална. Энэ нь Н.Энхбаяр даргыг ийм байдалд оруулахыг хүсдэг, түүнийг Монгол Улсад ирэхээс нь айдаг улс төрчдийн зохион байгуулалттай үйл ажиллагаа гэдэг нь ойлгомжтой байгаа. Энэхүү мэдээлэл хил хязгаар дамнан олон улсын хэвлэлд гарч байгаа нь туйлын харамсалтай байна. Энэ асуудлаар цаашдаа МАХН хуулийн хүрээнд бүх шатанд нь асуудлыг тавьж, олон нийтийн анхаарлын төвд байлгаж үнэн бодитоор дэлгэж тавина гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна ” гэлээ.
Харин МАХН-ын нарийн бичгийн дарга Д.Шаравдорж: “Бид намынхаа даргатайгаа байнга холбоотой байдаг. Н.Энхбаяр дарга намаа удирдаж, бид энд болж байгаа үйл явдлуудаа байнга солилцдог. Би МАХН-ын ажлын албаны даргын хувиар өнөөдөр Н.Энхбаяр даргатай холбоо барьсан. Хэдхэн хоногийн өмнө бид уулзахад Н.Энхбаяр дарга Монголдоо нэг очих юмсан гэж байсан. Энэ асуудлыг монголын сэтгүүлчид мэдэж байгаа байх гэж найдаж байна. Тус улсын хэвлэлд нийтлэгдсэн энэхүү нийтлэл нь манай эндээс л гарсан мэдээлэл гэдэг нь тодорхой байна. Бид гадны байгууллагыг эхний ээлжинд буруутгаад байх сонирхол алга. Монголын улс төр дээд хэмжээндээ хүртэл бохирдсоны нэг шинж. Намынхаа даргыг Монголд ирүүлэхгүйн төлөө, Монголын улс төрөөс явуулахын төлөө, МАХН гэсэн улс төрийн хүчнийг байхгүй болгохын тулд гадны хэвлэл мэдээллийн байгууллагыг ашиглаж ийм ичгүүргүй гүтгэлэг гаргаж байна” гэв.
Солонгос улсаас оргонол хүссэн гэх мэдээлэл бол гүтгэлэг, нэр хүндэд халдсан асуудал гэдгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголын сэтгүүлчдэд дамжуулахыг хүссэн гэв. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр улс төрийн орогнол хүссэн, өөр бусад аргаар тус улсад үлдэх гэсэн ямар нэгэн санаа зорилго байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.
Эх Сурвалжийг medee.mn
URL: