Тендер үү, бизнес үү

Төрийн өмчийн хорооны шалгалтаар Биокомбинатын удирдлагууд152 сая 897 мянган төгрөг авсаныг тогтоосон байна.

Биокомбинатын ноцтой үйлдэл олны өмнө ил болж эхлэв. Угтаа өнгөрөгч сарын нэгний өдөр хийсэн Төрийн өмчийн хорооны шалгалтаар л олонд мэдэгдсэн хэрэг. Энэхүү шалгалтаар Биокомбинат улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Д.Насанжаргал, ерөнхий технологич Ц.Өлзийтогтох, ерөнхий инженер Д. Мэнджаргал нар нь улсын үйлдвэрийн газрын ашгийг хувьдаа хэрэглэсэн нь тогтоогдсон юм. Биокомбинатад гарсан хөрөнгө санхүүгийн будлиан 2006 оноос эхлэн 2009 хүртэл үргэлжилж энэ хугацаанд 308 сая төгрөгийн ашгийг хуваан хүртэцгээжээ. Төрийн өмчийн хороо хөрөнгө санхүүгийн будлианаа зогсоохыг гарсан жилээс нь эхлэн сануулж байсан боловч том толгой гаргасаар өнөөдрийн үр дүнтэй золгосон байна.

Тэдний үүсгэсэн бүх “будлиан” вакцины тендертэй холбоотой. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан вакцины тендерт тэд жил дараалан ялж байгаа. Салбарын яамнаас гаргасан тендерийн нэг болох “Мал, амьтныг шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин, угаалгын эм нийлүүлэх” тендерийг 2008-2009 оны хооронд авсан байна. Үүнийхээ “төлөөсөнд” тэд 152 сая 427 мянган төгрөгийг авчээ. Мөн мал угаалгын эм нийлүүлэх тендерийг 2008 онд авч мөн л гурав гаран сая тэдний халаасанд оров. Угтаа тэд Энэтхэгээс оруулж ирсэн вакциныг улсад худалдсан ашгаас өөрсөддөө авахдаа урсгал зардлыг гүйцэд тооцдоггүй бүрэн хөтөлдөггүй байжээ.  Энэ бүх баримтыг харгалзан  Төрийн өмчийн хорооноос гүйцэтгэх захирал Д.Насанжаргалыг үүрэгт ажлаас нь  түтгэлзүүлэх шийдвэр гаргасан ч энэ шийдвэр Биокомбинатынханд таалагдсангүй. Түүний нэг жишээ нь түр хороог байгуулсан явдал. Энэ хороо хуучин даргыг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байгаа аж. Тэднийг даргаа өмөөрөөд явж байхад Авлигатай тэмцэх газар Биокомбинатын удирдлагад эрүү үүсгэж эхэлсэн байна. ТӨХ-ны энэ сарын 11-ний өдрийн хурлаар Биокомбинатад хийсэн шалгалтын дүнг хэлэлцэн тогтоол гаргасан юм. Ийнхүү тогтоол албан ёсны болж  Биокомбинатын удирдлагын үүсгэсэн гэх хэрэгт хөдөлшгүй нотлох баримт болон орох ажээ.

Төрийн өмчийн хороо шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийг нь Биокомбинатынхан эсэргүүцэж байхтай зэрэгцэн удирдлагынх нь халаасласан мөнгө, шүлхийн улмаас устгалд орсон малын тоо хоёр яг адилхан байдалд оччихоод байна. Улсын онцгой комиссын мэдээлсэнээр Сүхбаатар аймгийн 800 гаруй малчин өрхийн 25 мянган малыг устгалд оруулсан ажээ. Биокомбанитын удирдлагын ноогдол ашиг болгон хувьдаа авсан 308 сая төгрөгийг техник, технологио шинэчлэх, ажилчдынхаа цалинг нэмэх, мэргэжил, мэдлэгийг нь дээшлүүлэх зэрэгт зориулсан бол халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэх ажилд илүү үр ашигаа өгөх байсан ч юм бил үү.
Эцэст нь төрийн хууль хэрхэн үйлчилдэгийг харах л үлдээд байна.

Б. Cүх

URL:

Сэтгэгдэл бичих