Хүрэл медалиа аваагүй Энэтхэгийн боксчинд хариуцлага тооцож магадгүй байна
БНСУ-ын Инчён хотод болж буй Азийн 17 дахь наадам хэл амтай үргэлжилж байна гэхэд болно. Манай улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтын хүрэл медалийн төлөөх тулааны шүүлт маргаан дагуулсан.
Мөн энэтхэгийн боксчин Лаишрам Сарита Дэви хүрэл медалиа хүлээн авалгүй, медалийн тавцан дээр уйлж зогссон нь олон улсын анхаарлыг татсан юм. Энэ явдал өчигдөр болж өнгөрсөн. Гэтэл энэ тамирчинд сахилгын хариуцлага ноогдуулж болзошгүй байна.
Энэтхэгийн боксчин болон түүний баг энэ бүхнийг маш сайн төлөвлөсөн мэт харагдаж байна. Тулаан ямар ч болсон бай боксчин хүн медалиа хүлээн авахгүй байх нь маш харамсалтай.
Лаишрам Сарита Дэви хүрэл медалиа зүүлгүй, хажууд нь зогсож байсан Солонгосын тамирчинд өгөхөөр завдсан юм. Дараа нь медалиа орхиод гарсан байна. Иймд Олон улсын боксын холбоо түүний үйлдлийг шүүмжлэн, Азийн Олимпийн хороонд албан бичиг ирүүлжээ.
Энэ бичигт “Энэтхэгийн боксчин болон түүний баг энэ бүхнийг маш сайн төлөвлөсөн мэт харагдаж байна. Тулаан ямар ч болсон бай боксчин хүн медалиа хүлээн авахгүй байх нь маш харамсалтай. Энэтхэгийн боксын баг Олон улсын боксын холбооны техникийн болон тэмцээний дүрмийг бүрэн ойлгоогүйгээс энэ маргаан үүссэн нь тодорхой байна. Цаашид бусад тамирчид түүний алдааг бүү давтаг. Энэтхэгийн баг шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцсэн. Дүрэмд зааснаар тэд хөндлөнгийн шүүгчийн шийдвэрийг л эсэргүүцэх эрхтэй” гэжээ.
Энэтхэгийн боксчин Лаишрам Сарита Дэви БНСУ-ын боксчин Пак Жи-натай тулалдаж, 3:0-ээр хожигдсон.
“Гурван шүүгч гурвуулаа Солонгосын тамирчинд ялалт өгснөөс харахад тулаан эхлэхээс өмнө хэн хожих нь тодорхой байжээ” гэж Энэтхэгийн дасгалжуулагч, Кубын боксчин Blas Iglesias Fernandez мэдэгдсэн юм.
Олон улсын боксын холбоо энэтхэгийн багаас гаргасан гомдлын хариуг Азийн наадам дууссаны дараа албан ёсоор гаргах юм байна.
Эх сурвалж: Ройтерс агентлаг
URL: