Гадны хэвлэлүүд Азийн наадмын будлианыг онцолжээ
БНСУ-ын Инчён хотноо үргэлжилж буй Азийн наадмын үеэр боксын тэмцээний шүүлттэй холбоотой будлиан, эсэргүүцлийн талаар Agence France-Presse мэдээлснийг Yahoo.com онцолжээ.
Боксын эмэгтэйчүүдийн хөнгөн жинд Энэтхэгийн тамирчин Сарита Дэви болон Өмнөд Солонгосын Пак Жи-на нарын тулааны дараа Сарита Дэвийн нөхөр маргаан үүсгэж, хамгаалагчидтай сөргөлдлөө. Боксын тулааны үеэр Дэви илт давуу байсан ч ялалтыг Пак Жи-над өгсөн нь олны зүгээс хараал зүхэл, мөргөлдөөн үүсгэж, талбайд цагдаа нар хэв журам тогтооход хүргэв. Дэви “Би шийдвэрийг хүлээж авч чадахгүй. Энэ буруу” хэмээн мэдэгдсэн бол нөхөр нь “Та нар боксийг үгүй хийж байна. Тэр тулаанд ялсан байтал та нар ялалтыг Солонгост өгчихлөө” хэмээн хашгирч байжээ. Тэмцээний дараа нөхөр нь Дэвийн гараас хөтлөн ринг рүү дахин гаргахыг оролдоход дараагийн тулаан хэдийнэ эхэлсэн байсан бөгөөд хамгаалагчид тэднийг зогсоосон аж. Үүний дараа ринг болон хэвлэлийнхнийг тусгаарласан хашлагын дагуу цагдаа нар хамгаалалтанд зогсчээ. Энэтхэгийн багийн Куб шүүгч Блас Иглесиас Фернандез буруу шийдвэр гаргасан шүүгчдийг тэмцээнээс хасахыг шаардсан байна. Тэрээр “Энэ эргэлзэх зүйлгүй цэвэр тулаан байсан. Зөвхөн шүүгчид л Солонгосыг ялагч гэж харлаа. Дэви рауд бүрт ялсан” Дэви Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн юм.
Мөн Монголын эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жингийн тамирчин Нямбаярын Төгсцогт Өмнөд Солонгосын Санг-Мюнгэд ялагдсан гэх шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэн бага хэмжээний суулт зарлаж, албан ёсны гомдол гаргав. Гэвч Олон улсын боксын холбоо эсэргүүцэл, гомдлыг хүлээж авалгүй, шүүгчдийн шийдвэрийн эсрэг заргалдах боломжгүй гэж мэдэгджээ. Энэ талаар Монголын багийн ахлагч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ “Өнөөдөр үнэхээр гунигтай өдөр байна. Бид спортод шударга тоглоомыг харахыг хүссэн. Зарим тамирчдын хувьд алтан медаль авах боломж амьдралд ганц л удаа тохиодог. Энэ боломжийг тэд бүдүүлгээр булаан авлаа” гэж ярьсан байна. Түүнчлэн Монголын Үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн боксын тэмцээнийг шударга тоглолт, үнэн зөв шүүлтээр явуулахыг хүсч буйгаа илэрхийлжээ.
news.mn
URL: