18 жилийн дараа тавдугаар эрхээ авсан МИАТ-ийнхэн Азийн бар улс руу анхны аяллаа хийгээд ирлээ
Манай улс агаарын тээврийн хоёр дахь тавдугаар эрхээ авч, Сингапур улс руу нислэг үйлдэх болсон тухайгаа аль эртнээс мэдэгдэж байсан билээ. Тийм ч учраас анхны нислэг хэзээ байх бол гэсэн иргэдийн хүлээлт үүссэн нь мэдээж биз ээ. Мэргэжлийн өндөр ур чадвартай, монгол нисгэгчээр ахлуулсан эх орныхоо онгоцоор Ази тивийн бар улсад зорчих боломж ийнхүү нээгдэв. Нислэг эхлэхийн өмнө Чингис хаан олон улсын нисэх буудалд Сингапур улс руу нисэх нислэгийн нээлтийг албан ёсоор хийсэн юм. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Азийн чиглэлийн нислэгийн тоо, давтамжаа нэмэгдүүлэн Зүүн өмнөд Азийн бизнес худалдааны гол төв Сингапур улс руу үйлдэх нислэгийнхээ анхны замыг нээж байгаа учраас Зам, тээврийн сайд А.Гансүх, МИАТ ТӨХК-ийн захирал гавьяат нисгэгч Г.Жаргалсайхан, ИНЕГ-ын дарга Т.Лхагвасүрэн, ЗТЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Туяа болон МИАТ ТӨХК-ийн бусад удирдлагууд, анхны нислэгээр зорчих иргэд, хэвлэл мэдээллийнхэн гээд олон хүн түүхэн үйл явдалд оролцохоор хуран цугласан юм.
Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт болон Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлэхээр тусгасан. Иймээс “МИАТ” ТӨХК Ази, Европын чиглэлийн нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх бодлогын хүрээнд өнгөрсөн зургадугаар сарын 19-нд Герман улсын Метрополис хот Франкфурт руу шууд нислэгийн шинэ чиглэлээ нээж байсан. Энэ удаад одоо Азийн бар Сингапур улс руу тогтмол нислэгийн анхны шангаа ийнхүү татлаа. Сингапур чиглэлийн анхны нислэгт 200 гаруй зорчигч хамрагдсан бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол, түүхэн үйл явдлын гэрч болсон чухал үйл явдлыг сурвалжлах эрх хэвлэлийнхэнд олдсон юм. Сингапур улсад манай улсын 170 орчим иргэн амьдардаг. Тэдний ихэнх нь суралцдаг аж. Тэд “Өөрийн орны онгоцоор шууд нисээд ирнэ гэдэг цаг зав, хөрөнгө санхүүд хэмнэлттэй, сайхан байна” гэж байлаа. Өмнө нь аль нэг улсад буугаад авиа компани сольж нисдэг байсан бол өөрийн улсын онгоцоор нэг тийзээр ниснэ гэдэг үнэхээр давуу тал ихтэй байх нь ойлгомжтой.
Одоогоор Бүгд Найрамдах Сингапур Улс Монгол Улсын хооронд жилдээ 8000 орчим иргэн харилцан зорчиж байгаа бөгөөд энэхүү тоо эрс нэмэгдэхээс гадна Австрали болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгаас Монголд ирэх жуулчдад шинэ гарц нээгдэх юм. Нээлтийн ёслолын үеэр Зам тээврийн сайд А.Гансүх болон МИАТ компанийн удирдлагууд сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
/Зам тээврийн сайд/
-Монголын агаарын тээврийн бас нэг шинэ хуудсыг бид хамтдаа нээлээ. Өнөөдөр МИАТ ТӨХК Сингапур улс руу анхныхаа нислэгийг хийж байна. Монгол Улсын Засгийн газар агаарын тээврын салбарыг стратегийн салбар гэж үзэн төрийн бодлогоор дэмжин хөгжүүлж байгаа.
Энэ бодлогын хүрээнд Сингапур улс руу хуваарьт нислэг хийж байгаа юм. 2013 оны нэгдүгээр сард Төрөөс агаарын тээврийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг батлагдаж байсан. Энэ дагуу Франкфурт улс руу шууд нислэг үйлдсэн бол өнөөдөр ийнхүү шинээр Сингапур руу нислэг үйлдэж эхэллээ. “Улаанбаатар-Бээжин-Сигапур”-ын чиглэлийн нислэгийг нээхийн тулд ямар их хүч хөдөлмөр гаргаж, ямар их ажил хийсэн бэ гэдгийг хэн ч мэдэхгүй.
Бид бүтэн жил хөөцөлдсөн. Өнгөрсөн жил Бээжинд айлчилж байхдаа Хятадын Зам тээврийн сайд, Иргэний нисэхийн даргатай ярьж шийдвэр гаргаж байлаа. Манай улсын онгоц Бээжингээс зорчигч авна. Энэ нь Хятад, Сингапурын дотоодын зах зээлд ажиллах эрхийг авч байна гэсэн үг. Тиймээс барагтай бол тавдугаар эрхийг авах хүндрэлтэй. Хятад, Сингапур өөрсдөө нислэгтэй улс гуравдагч орны нисэх компанид зорчигчдоо алдана гэдэг хүсэх асуудал биш биз. Гэхдээ бид авч чадсан.
/МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал/
-Өнөөдөр бид Сингапур улс руу анхныхаа нислэгийг хийж байгаадаа баяртай байна. Сингапур бол Зүүн Өмнөд Азийн гол зангилаа буудал, худалдааны гол төв юм. Сингапур руу ниссэнээр бидэнд мэдээж аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломж олдоно. Тэр хэмжээгээр “МИАТ” компанид орлого нэмэгдэнэ. Энэ мэтчилэн олон талын ач холбогдолтой гэж үзэж байгаа. Тиймээс эхний ээлжинд шинэ чиглэлдээ хямдрал зарласан. МИАТ-ийн онгоц Сингапур хүрэхэд хамгийн хямдхан үнэтэй байгаа. Өмнө нь МИАТ компани зургаан чиглэлд нислэг үйлдэж байсан бол өнөөдрийн байдлаар есөн чиглэлд нислэг үйлдэж байна. Энэ зун зургадугаар сард Франкфурт руу анхны нислэгээ үйлдсэн. Харин өнөөдөр Сингапур руу анхныхаа нислэгийг үйлдэж байна. Бид нислэгийн чиглэлээ өргөжүүлэх бодлого барьж байгаа. 2013 оны байдлаар 325 мянган зорчигч үйлчлүүлсэн. Үүнийг энэ онд 400 мянга давуулах зорилттой байгаа. Энэ зорилт маань биелэх байх гэж бодож байна. Ачаа тээврийн хувьд 10 гаруй мянган тонн ачаа тээвэрлэсэн. Бид эхний ээлжинд Сингапур руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхээр болсон.
/МИАТ ТӨХК-ийн Дэд захирал/
-МИАТ компани өнгөрсөн онд хамгийн сүүлийн үеийн тоноглол бүхий цоо шинэ Б- 767-300ER агаарын хөлөг худалдаж авч байсан бол энэ оны тавдугаар сард мөн шинэ Б-737-800 агаарын хөлөг түрээслэн авсан. Энэ удаа бидний нээж байгаа Сингапурын чиглэлийн анхны нислэгээ Б-767-300ER агаарын хөлгөөрөө хийж байна. Цаашдаа зах зээлээ бүрдүүлэх, бойжуулах үүднээс Б-737 маягийн агаарын хөлгөөрөө нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа. Ер нь МИАТ компани техникийн боломжийн хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлж нислэгийн шинэ чиглэл нээхэд агаарын хөлгийн парк хангалттай боломжтой байгаа.
/МИАТ ТӨХК-ийн Бодлого, төлөвлөлтийн газрын захирал/
-Өнөөдөр МИАТ компанийн хувьд их баяртай сайхан өдөр болж байна. Бид энэ өдөрт жил гаруйн хугацаанд бэлдсэн, маш удаан хүлээсэн. МИАТ компанийн хувьд шинэ нислэг, шинэ зах зээл нээнэ гэдэг бол зорчигчиддоо шинэ бүтээгдэхүүн, сонголтыг бэлэг болгож өгч байгаа хэрэг юм. Сингапур ниснэ гэдэг бол Зүүн өмнөд Ази цаашлаад Австралийн зах зээлд гарах шинэ үүд хаалга боломж нээгдэж байна гэсэн үг. Сингапур бол Зүүн өмнөд Азийн хамгийн том зангилаа хот. Зөвхөн Сингапурын олон улсын нисэх буудал жилдээ 60 сая хүнд үйлчилдэг. Бид Сингапур руу нисч эхэлснээр энэ их урсгалд нэгдэж байгаа юм. Энэ үүднээс нь авч үзвэл манай компанийн нээж байгаа энэ нислэг хоёр улсын хамтын ажиллагаа, бизнес харилцааг нэлээд өргөжүүлэх олон талын ач холбогдолтой.
Манай улс өмнө нь 1996 онд олон улсын агаарын тээврийн тавдугаар эрхийг авч, Москва-Берлиний чиглэлд нислэг үйлдэж байсан түүхтэй аж. Түүнээс хойш 18 жилийн дараа Бээжин Сингапурын чиглэлд Б767-300ЕR буюу Чингис хаан агаарын хөлгөөр нислэг үйлдэж байгаа нь энэ. Тавдугаар эрх авахын тулд олон улсын агаарын тээврийн компаниуд өрсөлддөг бөгөөд олон улсын нислэгийн тавдугаар эрх гэдэг нь нэг улсын зорчигчдыг нөгөө улсад дамжуулан тээвэрлэх эрх юм.
Энэ удаагийн нислэгийн эрхийг авахын тулд Зам, тээврийн сайд А.Гансүх бяцхан “заль” хэрэглэсэн гэдэг. Тэрбээр “Манай үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани ганцхан онгоцтой. Манайд энэ эрхийг өгчих” гэж өрөвдүүлэх тактик хэрэглэсэн нь амжилттай болсон талаараа ярьж байсан юм. Сингапур улсын Тээврийн сайд Лун Так Иу хүртэл “Танай улс яаж тавдугаар нислэгийн эрхийг олж авав аа. Мундаг байна шүү. Бидэнд ч гэсэн та нараас сурах зүйл их байна” хэмээн гайхширч, манай сайдыг магтаж байсан юм.
“МИАТ” ТӨХК-ийн Ж.Доржнамжил капитантай Б767-300 ER агаарын хөлөг өглөөний мандах нартай зэрэгцэн цагаан зам татуулан Азийн бар Сингапур улсыг зорин хөөрлөө. Энэ бол 2014 оны есдүгээр сарын 24-ний өдөр. Азийн бар улс руу анхны шууд нислэгээ үйлдэж байгаа нь энэ. Анхны нислэгийн баг Бээжин хүртэл хоёр цаг нисээд цаашаа Сингапур руу зургаан цаг нисч хүрлээ. Монголд хүйтний уур амьсгал ороод цас орчихсон үед бид 30 хэмийн халуунтай дулаан уур амьсгалтай оронд хөл тавилаа.
Тус улсын Чанги нисэх буудлын үүдээр ороход үндэснийх нь уламжлалт үзүүлбэр болох луут бүжиглэх үзүүлбэр тоглож байв. Энэ нь Сингапурын чиглэлд анхны нислэгээ хийсэн МИАТ компанийнханд баяр хүргэсэн сюрприз байлаа. Мөн талархлын үг бичсэн самбар байрлуулсан байв. Сингапурын Чанги нисэх буудал тохь тухаараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг аж. Энэ нисэх онгоцны буудал жилийн хугацаанд 42 сая 38 мянга 777 зорчигчид үйлчилжээ. Чанги нисэх онгоцны буудал Ази тивийн агаарын замын огтлолцол дээр байрладаг гол буудал. Терминал хооронд 70 гаруй мянган хавтгай дөрвөлжин метр талбай дээр олон тооны дэлгүүр, зоогийн газар, кафе байрладаг юм байна. Мөн энд амралтын өрөөнүүд, халуун усны газар, спа төв байдаг. Нисэх буудлаас 100 гаруй олон улсын авиа компанийн онгоц 60 орны 250 гаруй онгоц нислэг үйлддэг байна. Тус нисэх буудалд 100 секунд тутамд нэг онгоц хөөрдөг гэсэн статистик мэдээ бий.
Сингапур улс таван сая хүн амтай боловч 2012 оны байдлаар Чанги нисэх буудлаар 51.2 сая хүн үйлчлүүлсэн бөгөөд үүнээс 9500 орчим нь Монголын иргэн байна. Чанги нисэх буудлаас гараад МИАТ компанид баяр хүргэсэн арга хэмжээнд очлоо. Тэнд Бүгд Найрамдах Сингапур Улсын Чанги Олон Улсын Нисэх буудлын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Агаарын төв, хөгжлийн газрын тэргүүн Yam Kum Weng, Сингапур Улсын Иргэний нисэхийн удирдах газрын ерөнхий захирал Yap Ong Heng, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Зам тээврийн сайд А.Гансүх, “МИАТ” ТӨХК гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан болон албаны бусад хүмүүс, манай улстай харилцаа холбоотой ОХУ, Казахстан, БНХАУ-ын иргэд оролцож баяр хүргэж байв.
Энэ үеэр “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан “Сингапур улс нь зүүн өмнөд Азийн гол зангилаа. Аливаа эдийн засгийн гол амжилт бол агаарын тээврийн нийтийн сүлжээ, түүнийг дагасан нисэх буудлын боотмууд, үйл ажиллагааны үр дүн байдаг. Мөн Монгол Улсын хөгжлийн 30 орчим хувь нь агаарын тээвэр байдаг. Сингапурын нислэг зүүн өмнөд Азийн болон манай улсын аялал жуулчлал болон эдийн засгийн хувьд шинэ гүүр болно гэдэгт итгэлтэй байна” гэж онцлов. Энэ үеэр Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаагийн сэтгэгдлийг сонслоо.
/Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд/
-Энэхүү тогтмол нислэгийн шугам нь хоёр орны дипломат харилцаа, Зүүн Өмнөд Азийн улс орнуудтай тогтоосон найрсаг харилцааг соёл, эдийн засаг, бизнес, аялал жуулчлал зэрэг олон талаар хөгжүүлж, иргэдийн харилцан зорчих боломжийг хялбаршуулж байгаа юм. Юуны өмнө миний бие Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүхэд энэхүү нислэгийг биеллээ олоход үнэтэй хувь нэмэр оруулж, шаргуу ажилласанд гүн талархал илэрхийлье.
Миний бие 2012 онд анх Сингапур Улсад томилогдон ирэхдээ тавьж байсан зорилтын маань нэг нь ийнхүү хэрэгжиж байгаад туйлын сэтгэл хангалуун байна. Энэхүү хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Элчин сайдын яам Зам, тээврийн яам, ИНЕГ, МИАТ ТӨХК болон Бүгд Найрамдах Сингапур Улсын Changi группийн Маркетингийн алба, Иргэний нисэхийн удирдах газар, Тээврийн яам зэрэг холбогдох байгууллагуудын хооронд холбох гүүр нь болж ирсний үр дүнг бид өнөөдөр ийнхүү харж байна. Мянган бээрийн аялал нь нэг алхмаас эхэлдэг.
Монгол, Сингапур Улстай тогтоосон найрсаг харилцаа төдийгүй хоёр талын улс төр, эдийн засгийн харилцаа улам бүр хөгжин тэлж, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааны үр ашиг нэмэгдэхэд шууд нислэг үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. Сингапур улс нь Зүүн Өмнөд Азийн бизнес худалдаа, аялал жуулчлалын гол төв бөгөөд сүүлийн үед манай хоёр орны иргэдийн харицлан зорчих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж байгаа юм. Энэ ч үүднээс шинэ нээж буй энэхүү нислэг Монголд төдийгүй Сингапур улсын хувьд ч үр өгөөжтэй юм. МИАТ компани нь Бээжингийн чиглэлд өдөр бүр нислэг үйлддэг бол Сингапур улс руу долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт нисэх аж. Нөгөө талаар энэ нь Зам тээврийн яамны хийсэн томоохон ажлын нэг юм.
МИАТ компани үндэсний агаарын тээвэрлэгч статустай болоод зээлээр ч болтугай худалдаж авсан “Боинг”-той боллоо, өвөл цагт зорчигч урсгал цөөрдгийг далимдуулан өөр улсад онгоцоо түрээслүүлж, ашиг оллоо, Москва, Берлин, Сөүл, Бээжингээр дамжиж Франкфуртад очдог байсныг шууд нислэгтэй болголоо, олон улсын нислэгийн тавдугаар эрхийг авч Сингапур руу нисч эхэллээ, удахгүй Канад, Энэтхэг рүү шууд ниснэ.
МИАТ-ийн инженерүүд дэлхийн авиакомпаниудад урилгаар очиж, агаарын хөлгийнх нь засвар үйлчилгээг амжилттай хийдэг, үнэлэгддэг болчихлоо. Энэ бүхнийг амжилт биш гэж хэн хэлэх вэ. Үүнийг үнэнээр нь хэлэх, сайшаах дэмжих сайхан зан ч бас бидэнд байх ёстой. Үндэсний гэх юм болгон руугаа бид хангалттай нулимдаг. Одоо болсон. Монголынхоо жижигхэн зах зээл дээр өрсөлдөж байгаа хэдхэн үндэсний компаниа хэмлэх биш гадаадын зах зээл рүү хамтдаа гарах хэрэгтэй гэж мундаг эдийн засагчид хэлдэг. Эдийн засгийн хүндрэлийн үед иргэд дотооддоо ч тэр болгон онгоцоор нисээд байж чадахгүй байгаа нь үнэн. Харин гадаад зах зээлээс ашиг олох боломж бол бий.
Азийн бар улс, монголчуудын хамгийн ихээр зорчдог Сингапурын нислэгийн эрхийг авсан нь өөрөө том аз, бас амжилт. Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлэхээр тусгасан энэ цаг үед жинхэнэ цаг үеэ олсон ажил. “МИАТ” компани өнөөдөр гурван одтой. Дэлхийн хамгийн тансаг, дээд зэргийн агаарын тээврийн компани таван одтой байгаа. Баян орнуудын энд хүрч таван одыг байг гэхэд дөрвөн одтой болохын төлөө ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өмнөө байгаа шатан дээрээ гарахын төлөө л зүтгэх хэрэгтэй. Зүтгэж ч байгаа. Засгийн эрхийг хэн барьж байна, “МИАТ” компанийн захирал хэн байна гэдгээс үл хамааран бидний хамгийн түрүүнд хүрэх амжилт тэр л байна.
МИАТ удахгүй дахин хоёр “Боинг” худалдан авч паркаа шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Тэр цагт Стамбул, Лондон, Австрали, Америк руу монголчууд шууд нисэх болно. Дэлхийд Нью-Йорк, Лондон, Хонконгийн дараа дөрөвт жагсдаг, санхүүгийн том төв, Азийн бар улс руу МИАТ-ийн онгоцоор нисчихээд ирлээ. Ирж очих зардал нэг сая наян есөн мянган төгрөг гэсэн. Долоо хоногт хоёр удаа буюу лхагва, бямба гарагт нисч байна.
63 жижиг арлаас бүтэх Сингапур улс нь Малайзын Жохор мужийн өмнө, Индонезийн Риау арлуудын хойно байрладаг бөгөөд газар нутгийн хэмжээ нь 707.1 км. Тус улсын орлого олох гол эх үүсвэр нь аялал жуулчлал. Сингапурын бэлгэ тэмдэг нь загасан сүүлт арслангийн хөшөө Мерлион гэдгийг хүн бүхэн мэдэх биз ээ. Энэ хөшөө 37 метрийн өндөртэй бөгөөд уг хөшөөний загасан бие нь далайг, арслан нь сүр хүчийг илэрхийлдэг юм байна. Мөн Марина Бэй эрэгт орших урлаг соёлын олон улсын төв Эспланада театр нь Сингапур улсад очсон хүн бүрийн заавал үзэх ёстой газрын нэг гэгддэг билээ. Энд сонгодог дуурь, бүжгэн жүжиг болон дэлхийн оддын тоглолт байнга болдог.
Байгалийн ямар ч баялаггүй, ердөө 700 гаруй ам километр газар нутагтай, тусгаар тогтнолоо дөнгөж зарлаад үндэсний бие даасан бодлого явуулж эхэлж байсан их гүрнүүдтэй хиллэсэн бяцхан орон хөлөө олж, Азийн бар улс, дэлхийн санхүүгийн том төв болж хөгжсөн түүх нэн сонирхолтой. Энэ улсаас авах зүйл манай улсад их байна. Хамгийн наад зах нь иргэн бүр нь стрессгүй байх “Смайл Сингапур” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна. Зөрсөн хүн бүр нь инээж өнгөрч байгаа нь үнэхээр сайхан байлаа. Ийм байхад ямар ч хүн ууртай байхын аргагүй. Мөн автомашины түгжрэл огтхон ч харагдсангүй.
Автомашины замыг гүүрэн зам, газар доогуур гээд боломжтой газар бүрт тавьжээ. Түүнчлэн зогсоол хайж цаг гарздахгүй. Бүгдийг төлөвлөлтийн дагуу хийдэг тул зай талбай хайж бухимдах шаардлагагүй. Хүн бүр хуулийг чандлан биелүүлнэ. Гудамжинд бохь зажилж хаясан хүнийг 1000 ам.доллараар торгоно. Тиймээс бохь зажилж яваа хүн харагдахгүй. Газар бохио хаяснаас үүдэж автотээврийн осол гарсан тул бохь нүдний гэм болсон бололтой. Мөн гудамжинд тамхи татаж явж болохгүй. Тогтсон тамхи татах цэгт зогсож байгаад татна. Энэ мэтчилэн олон зүйлээс туршлага судалмаар… Мэдээж Сингапурын барилга байшин, аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлснийг хэлэх нь илүүц биз ээ. Ингээд холыг ойртуулдаг агаарын тээврийн салбарын түүхийг өгүүлэгч МИАТ үндэсний агаарын тээвэрлэгч компани тус улсад зорчих хамгийн дөт замыг монголчууддаа нээж өглөө. Нисээд байж дээ…
М.Даваа
URL: