“Матрикс”-ынхан үйлчлүүлэгчээ гомдоосон уу
Тодруулбал, С.Учрал хэмээх үйлчлүүлэгч есдүгээр сарын 2-ны өдөр тус салоноор үйлчлүүлсэн бөгөөд энэ үеэрээ үсчинд нь зураг үзүүлж, яг ийм байдлаар засаад өгөөч гэсэн байна. Гэтэл үсчин үсийг нь өөрийнх нь хэлснээс тэс өөр зассан бөгөөд үйлчилгээний хөлс гэж 99000 төгрөг нэхжээ. Тухайн үед үйлчлүүлэгч охинтойгоо хамт явсан болохоор элдэв хэл ам хийж чадалгүй мөнгийг нь өгөөд гарснаа цахим хуудаснаа бичсэн байна. Тухайлбал, тэрбээр “Матрикст маш их гомдсон… Өчигдөр “Матрикс” орж үсээ янзлуулсан. Нэг ижил тайралттай хэд хэдэн зураг харуулсан. Мастер үсчин гэсэн. Тайрч эхэлсэн. Би ямар их итгэлтэй байсан гээч. Үзүүрийг нь долгионтой болгоно гээд хими хийсэн ч ороогүй. Юун долгиотох, овойж арзайсан юм болсон. Одоо хүнтэй уулзах нь битгий хэл, өөрийгөө толинд хараад айж байна. 99000 төгрөг төлсөн гээд бод доо. Муурч унах дөхсөн, даанч хүүхдээ тэвэрчихсэн дээр нь маш их гомдсон болохоор чанга дуугарч чадаагүй. Яадаг юм билээ. Тайрсаар байгаад 3 см хүрэхээргүй болгочихсон” хэмээн бичсэн юм.
Мэдээж энэ тохиолдолд хүмүүс тэднийхийг сонгоод үйлчлүүлсэн хүний буруу гэх байх. Гэвч хэрэглэгч бид үйлчилгээ авсныхаа үр дүнд сэтгэл хангалуун, инээмсэглээд тухайн газраас гарах ёстой. Бүр байг гэхэд “Хэрэглэгч хаан” гэгддэг нөгөөх алдартай зүйрлэл үйлчилгээний байгууллагад нэвтэрсэн гэдэг шүү дээ. Энэ тохиолдолд хэрэглэгч гомдлоо гаргах нь зүйтэй. Учир нь хэн ч багагүй мөнгө төлчихөөд өөрийгөө муухай харагдуулахыг хүсэхгүй. Тиймдээ ч дээрх үйлчлүүлэгч энэ талаараа өөрийн цахим хуудаснаа бичиж. Үүний дараа тус салоноор үйлчлүүлээд сэтгэл дундуур үлдсэн олон хүн нэгдэж сэтгэгдэл бичиж, өөрсдийн асуудлаа хуваалцсан байна. Ингэснээр үйлчлүүлэгч албан ёсоор гомдлоо бичээд, өөрийн цахим хуудсанд хандсан 300-гаад хүмүүсийн сэтгэгдэл болон 99000 төгрөг төлсөн баримтыг хавсарган захиралтай нь уулзсан аж.
Гэвч захирал нь түүний бичсэн гомдол, хавсаргасан материал зэргийг харахыг ч хүсээгүйгээр барахгүй, албан шаардлага дээр нь өөрийн гараар “Уучлаарай хүлээн авах боломжгүй” гэж бичээд буцааж өгчээ. Магадгүй хүлээж авах боломжгүй байсан ч үйлчлүүлэгч албан ёсоор гомдол гаргаад орж байхад түүн дээр нь “Хүлээж авахгүй” гэж бичээд буцааж өгч байгаа нь байгууллага удирдаж яваа хүний хувьд хэр зохимжтой бол. Бид энэ талаар тодруулахаар “Матрикс” салонд хандсан ч “Манайд тийм гомдол ирээгүй. Тэр талаар мэдэхгүй, захирал байхгүй” гэх хариултыг өгсөн юм.
Тэгвэл үйлчлүүлэгч “Матрикс”-т гомдол гаргасан талаараа “Матрикст гомдсон-2” цахим хуудаснаа бичихдээ “Матрикст гомдсон постыг санаж байгаа байх. Хэлсэн, төлөвлөснийхөө дагуу “албан ёсоор шаардлага” хүргүүлсэн боловч бичиг үсгийн боловсрол тааруу захирал ийм хариу өглөө. /Зураг дээр балаар хариу бичсэн байдал. Албан бичиг буюу шаардлага өргөдөл гэх мэтэд ингэж хариулдаг байгууллагын захирал гэж байдаг л юм байна/ хэмээн гайхширсан байна.
Уг нь хэрэглэгч тус газрынхныг өөрийнх нь гоо сайханд халдсанаа хүлээн зөвшөөрч, сэтгэл санаа болон эд материалын хохирлоо төлүүлэн, уучлал гуйлгахыг хүссэн. Гэсэн хэдий ч үйлчилгээний байгууллага ийнхүү үйлчлүүлэгчтэйгээ бүдүүлэг харьцаж, өөрсдийн алдаагаа хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй аж. Ямартай ч “Монголдоо номер нэг” гэж өөрсдийгөө рекламддаг “Матрикс”-ынханд үйлчлүүлэгчийн гомдол огт хамаагүй бололтой.
П.ТУУЛ
Эх сурвалж http://www.info.mn
URL: