Hongkong Шар хувьсгал эхэллээ (фото)
Дэлхийн санхүүгийн томоохон төв болсон тус хот БНХАУ-ын талд шилжсэн ч улстөр, эдийн засаг, нийгэм, соёлын хувьд барууны ертөнцтэй багагүй холбогддог. Энэ байдлыг нь харгалзаж коммунист нам аядуу бодлого баримталсаар ирсэн билээ. Эрх баригчид 2017 он гэхэд Хонг-Конгод ардчиллыг тогтооно гэсэн амлалтыг 2010 онд өгч байсан юм. Энэ нь тус хотынхонд өөрийн удирдагчаа өөрсдөө сонгоно гэсэн итгэлийг бий болгоод байсан. Гэтэл сүүлийн үед Хятадын Засгийн газар, Коммунист нам энэхүү амлалтаасаа ухрах болсонд хотын иргэд дургүйцлээ илэрхийлж жагсаал тэмцлийн хэлбэрийг сонгоод байна. Тэд коммунист нам 2017 оны Хонг-Конгийн удирдагчийн сонгуульд нэр дэвшигч болох 2-3 хүнийг нэр дэвшүүлж тэдний дотроос ард түмэн сонголтоо хийхээр болоод байгааг ийнхүү эсэргүүцэж байгаа юм. Эсэргүүцлийн жагсаалыг хянаж хэв журам сахиулахаар 2640 цагдаагийн албан хаагч ажиллаж байгаа бол жагсагчдын зүгээс 5000 хүн ажил хаялт зарлахаа мэдэгдсэн байна.
URL: