“Зуншин” ХХК: Бид ослын талаар нарийн сайн мэдээлэлгүй байна
-БАРИЛГЫН ОСОЛ МАНАЙ ЯАМАНД ХАМААРАХ ХАМААРАЛ ТУЙЛЫН БАГА ГЭВ-
Есдүгээр сар гарсаар барилга дээрээс юм унасан, барилгаас хүн унаж гэмтсэн, амиа алдсан хэд хэдэн харамсалтай хэрэг гарлаа. Энэ сарын 23-нд л гэхэд Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутагт барилгын гадна фасад хийж байсан 18 настай эмэгтэй С 13 давхараас унаж амиа алдав. Тодруулбал, түүний зогсож байсан өргөгч шатны бэхэлгээ тасарсанаас энэхүү харамсалтай хэрэг гарчээ.
Уг орон сууцны барилгын гүйцэтгэгчээр “алдарт” “Зуншин” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Дай Лхагва” ХХК-ийн ажилчид ажиллаж байжээ. “Дай Лхагва” компани барилгын ажил хийх тусгай зөвшөөрөлгүй байсныг “Зуншин” ХХК-ийн удирдлага мэдэж байсан ч үл тоон ажиллуулж байсан талаар МХЕГ-аас мэдээлсэн. Гэтэл тус хэргийн дуулиан намжаагүй байтал буюу маргааш нь нэгдүгээр сургуулийн өмнө баригдаж байгаа барилга дээрээс хүн унаж бэртсэн мэдээлэл ирэв.
Сүхбаатар дүүргийн нутагт баригдаж байсан эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны зориулалт бүхий “Болор мэлмий” ХХК-ийн 17 давхар барилга дээрээс туслах ажилтан 30 настай эрэгтэй ажилтан унаж, нуруу нугасны хүнд бэртэл авсан бөгөөд яаралтай хагалгаанд орсон. Тус барилгын захиалагч мөн л “Макс өргөө” ХХК бол гүйцэтгэгчээр нь өнөөх “Зуншин” ХХК ажиллаж байсан юм билээ.
“Зуншин” ХХК-ийн хувьд удаа дараа осол гаргаж, хүний аминд хүрч байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард “Зуншин” ХХК-ийн барьж байсан “Макс Өргөө”-гийн барилга дээрээс өргөгч тавцангийн бэхэлгээний сум төмөр зам дээр явж байсан автомашин дээр унаж, жолооч нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
“Зуншин” хэмээх хэнд ч захирагддаггүй энэ компанид ямар хариуцлага ногдуулах ёстой юм бэ. МХЕГ-аас 2014 оны нэгдүгээр сард шалгалтууд хийгээд “Зуншин” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтээ Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн. Гэвч одоог хүртэл тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талаар ямар нэгэн хариу мэдэгдэл өгөөгүй байгаа гэдгийг өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэж байв. Тиймээс бид Барилга хот байгуулалтын яамнаас энэ талаар тодруулахаар зорьж очлоо.
Тус яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамба “Барилга хот байгуулалтын яамнаас энэхүү барилгын ослууд юунаас үүдэж гараад байгаад дүгнэлт хийж байна. Менежмент сул, хөдөлмөр хамгааллын асуудалд анхаарал хандуулдаггүй, мэргэжлийн бус хүмүүс ажиллуулсан гэх мэт олон шалтгаан байна. Мэргэжлийн хяналтын байгууллага тухайн барилгыг шалгаад акт тогтоодог. “Зуншин” компанийн барилгын тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах хүсэлт манай яаманд ирсэн. Гэтэл төд удалгүй араас нь “Зуншин” компани зөрчлөө арилгасан байна” гэх утгатай бичиг ирсэн. Ингэсэн байхад бид яах ёстой вэ. Гэтэл явуулсан ч ямар ч хариу өгөөгүй гэж гүтгэсэн байна билээ. Яагаад тэгж ярьсныг мэдэхгүй. Ер нь Барилга хот байгууллатын яам Монголын барилгын салбарт ямар үүрэг гүйцэтгэх вэ гэхээр барилгын норм, норматив, бааз суурийг боловсруулах, мөрдүүлэх тал дээр анхаарч ажилладаг бодлогын чанартай үйл ажиллагаа хэрэгжүүлдэг газар. Бидний гаргасан норм нормативийн дагуу зургаа гаргаад, барилгаа бариулж байгаа субъектууд ном журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж, хариуцлагаа өөрсдөө үүрэх ёстой. Яг үнэндээ барилга дээр гараад байгаа энэ олон осол аваар манай яаманд хамаарах хамаарал туйлын бага. “Зуншин” компани хариуцлагаа хүлээх ёстой” гэсэн юм.
Биднийг яаман дээр очих үед буюу өнгөрсөн баасан гаригт Барилга хот байгуулалт яамнаас “Зуншин” компанийн удирдлагуудыг дуудаж уулзан, хариуцлагын асуудал ярилцсан байна. Энэ үеэр бид тус компаний удирдлагаас барилгын аюулгүй ажиллагаа болон ослын талаар мэдээлэл авах гэсэн боловч “Бид ослын талаар нарийн сайн мэдээлэлгүй байна. Та нар ч гэсэн асуудлыг мэдэхгүй байж битгий худлаа юм бичиж бай” хэмээн зугтаах шахам явсныг зургаар баримтжуулан хүргэж байна.
Б.БУРМАА
medee.mn
URL: