Я.Санжмятав сайд Завханд их хэмжээний мөнгөөр туйлж байгаад иржээ

527-1411962861527-1358733669kiwi-middleЗавхан аймгийнхан өнгөрсөн долоо хоногт баахан бужигнав. Учир нь тэд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын аймгийн Засаг дарга байхдаа санаачилсан гурван тулгуурт бодлого гээчийг гүйцэлдүүлэхиин тулд хүүхдүүдээ шатар тоглуулахаар аймаг, сумын төв рүү их нүүдэл хийлээ.

Өөрөөр хэлбэл, Я.Санжмятав сайд Засаг дарга байхдаа эхлүүлсэн ажлаа дуусгах гэж энэ сарын 20-24-ний өдрүүдэд “Өсвөрийн монгол шатар-9999” тэмцээнийг Завхан аймгийн 24 суманд нэгэн зэрэг зохион байгууллаа.

Уг нь энэ арга хэмжээ хүүхдүүдийн оюун ухааныг тэлэх, улсынхаа урлаг соёлын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийх зорилготой. Гэвч автор нь Соёл спорт, аялал жуулчлалын сайд бус Хөдөлмөрийн сайд С.Санжмятав.

Хөдөлмөрийн сайд хүн 9999 хүүхдийг шатар тоглуулж явахын оронд 9999 хүнийг ажлын байраар хангах ажил зохион байгуулсан бол олон нийтээс сайн үнэлгээ авах байлаа. Гэвч түүнийг хариуцсан салбараасаа тэс хөндлөн ажил сэдэж, их хэмжээний хөрөнгө зарсныг Завхан нутгийнхан толгой сэгсрэн ярьж байна. Я.Санжмятав сайд тоонд ихээхэн ач холбогдол өгдөг нэгэн.

Тэрбээр засаг дарга байхдаа гурван тулгуурт бодлого гээчийг санаачлан нэгдүгээрт, 666 хүүхдийг компьютертэй болгосон бол хоёрдугаарт, 999 морин хуурчийг Отгонтэнгэр хайрхны бэлд тоглуулсан явдал. Хэдийгээр сайд энэхүү ажлаа “Түүхэн амжилт” гэж тодотгодог ч түүний энэхүү ажпыг нутгийн зон олон одоо ч сайнаар ярьдаггүй юм билээ.

Тухайлбал, 666 хүүхдийг 2.3 тэрбум төгрөгөөр компьютержүүлсэн ч үр дүнгээ өгсөн нь тун ховор гэнэ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийг компьютержүүлэх ажил нь нэр төдий байсан бөгөөд тараасан компьютер нь энгийн хэрэглээний ачаалал даахгүйгээс гадна тэгэс хийгээд эвдэрч дууссан байна.

Харин одоо уг компьютерээс 400 гаруй сая төгрөгийн үлдэгдэл аймгийн агуулахад хог болон хэвтэж байгаа аж. Харин 999 морин хуурчийг Отгонтэнгэр хайрхны өвөрт тоглуулахад хүүхдүүдийн хувцас хэрэглэл, машины бензинээс авахуулаад багагүй зардал гарсан гэдэг. Харин гурван тулгуурт бодлогын сүүлийнх нь 9999 шатарчны тоглолт байлаа.

Хэдийгээр эрхэм сайд энэхүү ажпаа “Түүхэн гавьяа байгуулж байна” хэмээн тодотгосон ч нутгийн зон олон төдийгүй олон нийт түүний сэдсэн энэхүү ажлыг эгдүүцсэн байдалтайгаар хүлээн авсан байна. Энэ нь ч аргагүй юм.

Учир нь энэ бүх зардал нийлээд нэг тэрбум гаруй төгрөг болсон гэж нутгийнхан таамаглаж байгаа аж. Тэрбээр нийслэл хотоос Завхан аймгийн зүг хөдлөхдөө маш өргөн бүрэлдэхүүнтэй явсан байна.

Тодруулбал, БШУЯ-ны төлөөлөл, UBS телевизийн хөгжмийн сувгийнхан “Мотив” хамтлаг Хөдөлмөрийн яамны харьяа ЖДҮ-ийн газраас нэг баг гарсан бол МСҮТ, Шатрын холбоо, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Г.Ариунбаатар тэргүүтэй “Universe best songs” наадмын шилдэг оролцогчдоос бүрдсэн урлагийн бригад явсан байна.

Харин энэхүү урлаг соёлын арга хэмжээг “UBS” телевизийн хетлегч П.Одгэрэл хөтлөн явуулжээ. Мэдээж сайдын сэдсэн хувийн шоуг сурталчлах хэвлэлийнхний баг ч мөн Завхан аймагт ажиллаад ирлээ. Гавьяатаас авахуулаад манайдаа л өндөр өртөгтэй хөтөлдөг бүсгүйг олон хоногоор хөдөө тийш дагуулж явсан болохоор үнэ өртөг гомдоохооргүй өгсөн нь тодорхой.

10 мянган шатрыг 160 сая төгрөгөөр хийлгэжээ

Хүүхдүүдийг нэг дор шатар тоглуулахын тулд 10 мянган шатар хийлгэжээ, Ингэхдээ нэг ширхгийг нь 16 мянган төгрөгөөр хийлгэсэн бөгөөд зөвхөн шатарт 160 сая төгрөг зарцуулсан байх юм.

Түүнчлэн уг шатрыг 2-3 хүн хөлслөн хийлгэжээ. Цаашлаад тэмцээнд шалгарсан эхний 100 хүүхдийг гадагш нь аялуулахаар болсон бол мөн л 100 хүүхдийг “Найрамдал” зусланд амраахаар төлөвлөсөн аж. Энэ бүрт хэчнээн хэмжээний мөнгө урсаж байгааг таахад бэрх ч хэдэн саяар тоологдох хэмжээний мөнгө зарцуулж байгаа нь тодорхой юм.

Ингээд ч зогсохгүй Я.Санжмятав сайд 9999 шатарчны тэмцээнийг зохион байгуулахдаа 9999 хүүхдээ 3333-аар нь гурван газар цуглуулж тоглуулах саналыг аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивд тавьсан ч тэрбээр зөвшөөрөөгүй байна. Учир нь энэ олон хүүхдийг олон газар цуглуулахад их хэмжээний зардал гарахаас гадна хүүхдүүдийн хоол унд, байрлах байр савнаас өгсүүлээд хаана хаанаа хүндрэл гарна гэж үзжээ.

Түүнчлэн нэг пургонд 15 хүүхэд суулгаж зөөхөд 660 пургон машин хэрэгтэй болох тооцоо гарсан учраас больсон байна. Ийнхүү сайдын санаачилга талаар болсон учраас сум бүрээс 1000 хүүхдээр шатар тоглуулсан байна. Харамсалтай нь сайдын шоуг амилуулж хурдан хурдан хугацаанд шатар заалгасан хүүхдүүд яг тэмцээнии үеэр даам шатрыг хольж тоглон, доог тохуу болсон тохиолдол ч гарсан байна.

Харамсалтай нь хүүхдүүдийг ингэж тоглуулахын тулд хичээлийг нь таслуулах явдал ч гарсан бөгөөд асар их зардал гарсныг Завхан нутгийнхан одоо ч халаглан ярьж байна. Хүүхдүүдийг ингэж нэгэн зэрэг шатар тоглуулахын тулд нийслэлээс сайдыг дагалдан явсан хүмүүс сумдад хуваарилагдан ажиллажээ. Тэрбээр хаалтын орой аймгийн төв дээр томоохон хэмжээний шоу зохион байгуулсан бөгөөд сум бүрт салют буудуулан жинхэнэ утгаар нь шоудсан байна.

Түүгээр ч зогсохгүй сайдын шоунд оролцсон баг хамт олонд тэрбээр дээд зэргийн хүлээн авалт хийхээ ч мартаагүй байна. Ингэхдээ тарваганы боодгоор урьсан зочдоо дайлж, сайдын бяраа гайхуулсан байх юм. Гэтэл тарваганы хорио цээрийн дэглэм хэвээр үргэлжилж байгаа цагт боодгоор дайлсанд баярласан хүн байсан ч олонхи нь гайхаж хоцорсон гэнэ.

Жирийн иргэд хэдий хүссэн ч боодог бүү хэл тарваганы мах олж идэж чадахгүй байгаа үөд эрхэм сайд олноор нь агнуулан, зочдоо дайлжээ. Түүнчлэн эрхэм сайд шатрын тэмцээний нээлтэд нэгэн зэрэг очихын тулд гурван газар нисдэг тэргээр буусан нь ёстой л бэл бэлчингээрээ гайхуулсан явдал болжээ.

Ийнхүү хувийн шоугаа их хэмжээний зардлаар нүсэр хийсэн Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавыг аудитын газар болон АТГ-т шалгуулах хүсэлтийг ч зарим хүн гаргаад байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, бэл бэнчингээрээ гайхуулан өөрийн хариуцсан салбараас гажсан ажлыг зохион байгуулж маш их хэмжээний мөнгөөр шоу хийсэн түүнийг тэрбум гаруй төгрөгийг хаанаас гаргасныг гайхаж хоцорсон хүн Завхан аймагт олон байгаа аж.

Ийнхүү Я.Санжмятав сайдын нүсэр шоу дуусахтай зэрэгцэн Засаг ноён байхдаа төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж, төсвийн байгууллагыг өрөнд унагаж байсан асуудлыг ч аймгийнхан сөхөж ярьсаар үлдсэн байна. Тодруулбал, тэрбээр Завхан аймгийн Засаг дарга байхдаа 999 морин хуурчийг нийслэл хотод авчран тоглуулж байсан удаатай.

Гэтэл энэ ажилд мөн л их хэмжээний зардал гаргасан бөгөөд хүүхдүүдийг нааш цааш нь зөөх зардлыг орон нутгийн төсвөөс гаргаж байснаас аймгийн төсвийн байгууллага одоо ч өртэй үлдсэн аж.

Түүнчлэн тэрбээр тус аймгийн УИХ-ын 2000 оны сонгуульд нэр дэвшиж байхдаа мөн л тэгш тоотой буюу 444 хүнийг “Солонгос улсад аялуулна” хэмээн сонгуулийнхаа ажилд татан оролцуулжээ. Харин сонгууль дууссаны дараа хэлснээсээ буцаж Солонгос явуулах хүн тус бүрээс нэг сая төгрөг авсан бөгөөд эргэж ирэхээр нь буцааж өгнө гэсэн ч одоо хүртэл өгөөгүй байгаа аж.

Ийнхүү Я.Санжмятав сайд эхлүүлсэн ажлаа дуусгаж, ирэх сонгуулийн шоугаа амжилттай хийлээ хэмээн бодсоор нийслэлийн зүг хүлгийн жолоо залсан ч нутгийн олон түүнийг төсвийн мөнгөөр туйлж байгааг нь гайхаж хоцорчээ. Түүгээр ч зогсохгүй эрхэм сайдын өмнөх жилүүдэд үлдээсэн худал хуурмаг бүхнийг сөхөж ярьсаар хоцорсон байх юм.

Үнэндээ ингэхээс ч аргагүй. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг Хөдөлмөрийн салбарыг толгойлж байгаа атлаа урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулан, их хэмжээний мөнгө цацаж байгааг хардахаас өөр аргагүй.

Өнгөрсөн хугацаанд Я.Санжмятав гэдэг хүн Хөдөлмөрийн яамыг толгойлохдоо хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх талаар АНУ-аас 700 мянган ам.долларын зөвлөгөө авснаас өөрийг хийгээгүй гэхэд хилсдэхгүй.

Угтаа “Гадны байгууллагаас зөвлөгөө аваад л хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлчихдэг бол Хөдөлмөрийн яам гэж тусдаа байгууллага үйл ажиллагаа явуулах ямар ч шаардлагагүй”-г хэлэх хүн олон байгаа. Гэтэл зөвлөгөө авахад зориулсан энэ их мөнгийг сайд халааснаасаа гаргаагүй нь лав.

Энэ мэтчилэн эрхэм сайдын баруун солгойгүй цацсан их мөнгөний асуудал маргаан дагуулж магадгүй нь. Хаанаас гараад байгаа нь мэдэгдэхгүй атлаа их хэмжээний мөнгөөр туйлж байгаа сайдыг үнэндээ төсвийн мөнгө үрж байна гэж хардахаас өөр аргагүй. 9999 шатарчны тэмцээнийг Гиннөсийн номонд бүртгүүлэх зорилгоор зохион байгуулсан.

Гэтэл энэ тэмцээний зардлыг өөрийнх нь хариуцсан яам эсвэл төсвийн мөнгө хоёрын нэг нь л нугалсан байж таарна. Тиймээс энэ бүх мөнгөний асуудлыг холбогдох газрууд шалгаж, тогтоон Завхан нутгийнхны тээж үлдсэн харыг эцэслэхгүй бол яам толгойлсон сайд нар хаанаас гарсан нь мэдэгдэхгүй их мөнгөөр туйлж явдаг гэх сэтгэгдэл орон нутгийнхны тархинд бат гэгч суух нь.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн

 


URL:

Сэтгэгдэл бичих