Татан буулгах гэж байгаа яамдын хурган дарга нар санаагаар унаж сархад хөнтрөөд эхэлжээ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалын дараа гэнэтхэн ард түмэндээ хандан үг хэлж удахгүй нээгдэх намрын чуулганаар яамдаа цомхотгон улс төрийн ганцаарчилсан тоглолт хийх гэж байгаагаа мэдэгдсэн билээ. Одоогийн байдлаар Лу.Гантөмөрийн толгойлдог БСШУ-ны яам, Ц.Оюунгэрэлийн тэргүүлдэг ССАЖ-ын яам хоёрыг нэгтгэж Соёл боловсрол шинжлэх ухааны яам болгохоор зэхэж байгаа юм гэсэн. Гэхдээ ингэж нэгтгэсэн тохиолдолд хоёр сайдын аль нэгийг жийж, нэгийг нь үлдээхгүй харин өөр хүнийг сайд болгоно гэж байгаа. Лу.Гантөмөр, Ц.Оюунгэрэл хоёр ийнхүү удахгүй Н.Алтанхуягт гомдогсодын эгнээнд шилжин орох гэж байгаагаас гадна “Фортуна” зайрангийн толгойлдог Эдийн засгийн хөгжлийн яамыг уяач сайд Ч.Улааны толгойлдог Сангийн яамтай нэгтгэж Санхүү эдийн засгийн яам болгох юм гэсэн. С.Эрдэнийн удирддаг Хүн амын хөгжил нийгмийн хамгаалалын яам, Я.Санжмятавын толгойлдог Хөдөлмөрийн яам хоёрыг ч гэсэн нэгтгэх нь ойлгомжтой болсон. Мөн О.Сономпилийн тэргүүлдэг Эрчим хүчний яам, Д.Ганхуягийн удирддаг Уул уурхайн яам хоёрыг ч гэсэн нэгтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд Ц.Баярсайханы удирддаг Барилга хот байгуулалтын яам, А.Гансүхийн толгойлдог Зам тээврийн яамыг ч гэсэн нэгтгэх юм гэсэн. Дээр нь нэмээд Н.Удвалын тэргүүлдэг Эрүүл мэндийн яамыг өөр яамтай нэгтгэж уусгах юм гэсэн. Ийнхүү Н.Алтанхуягийн 2012 оны сонгуулийн дараа нам доторхи зөрчилдөөнөө дарах зорилгоор бялуу хуваан бий болгосон вант улс хоёр жилийн дараа түүний санаачилсан Шинэчлэлийн засгийн газрын нөлөөнд уусан алга болох гэж байх шиг байна.
Дээр нь 11 яамны 11 сайд мулт үсэрч АН-д гомдогсодын тоо таван хувиар нэмэгдэх нь гарцаагүй. Харин үүний хариуд нэмэгдэх хоёр жил шахуу хоосон гуяа ганзагалан лааз өшиглөсөндөө шарлахаад хорон үгээр Алтанхуягийг дайрсан 11 хүнд шинэ боломж гарч ирж байх шиг харагдана. Түүнчлэн эдгээр яамдыг цомхотгон нийлүүлэхээр яамны ажилтан хэмээн хамраа сөхөж явсан нэлээд олон тооны албан тушаалтан, ахан дүүсийн хэлхээтнүүд хэлмэгдэн хохирч дээдсийн дээлний хормойны үзүүрийн салхинд хийсэн гудамжинд гарах нь лав. Зарим нэг нь үүнийг хэдийнэ мэдрэн золгүй хувь заяандаа гутарч ажил төрлөө ч хийхгүй ууж наргиж баар цэнгээний газраас гарахаа болиод байгаа юм байх. Дарга сайд нар ч яахав архи ууж гутарсан ч гэсэн “Чамайг бодвол би төрийн сайд хийж явлаа” хэмээн ширээ шаах сайхан дурсамжтай үлдэж байгаа юм. Харин насаараа төрийн яамны далбаан доор эвшээж суух юм шиг санаад хувийн ажлаа хүртэл хойш нь хаясан хурган дарга нар хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилж байгаа энэ цаг үед хөөрхий байна даа.
Б.Мөсөн
agshin.mn
URL: