ДОХ-ын халдвар авсан ч мэдэхгүй яваа хүн олон бий
ДОХ-ын халдвар тээсэн хүмүүс маань нэг үеэ бодоход илүү нээлттэй болоод байгаа билээ. Тэд анх яаж яваад уг өвчний вирусыг авсан тухайгаа сонин хэвлэл, телевизээр илэн далангүй ярьдаг болсноос гадна хөдөөгийн аймгуудаар явж бусдад сэрэмжлүүлэг болохуйц зүйлийг ярьцгааж байгаа юм. Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг болохоор ингэж илэн далангүй ярих нь туйлын зөв. Тэгээд ч манай улсын хувьд сүүлийн арван таван жилийн хугацаанд нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал хөсөр хаягдаж, бэлгийн замбараагүй амьдрал газар авч, бэлгийн замын халдварт өвчний тархац эрс нэмэгдсэн билээ. Ямар нэг өвчний оношийг тодруулахаар шинжилгээ өгсөн, эсвэл гадаад орон руу явахаар болж шинжилгээ өгсөн, жирэмсэн болоод шинжилгээ өгсөн хүмүүсээс зарим нь ДОХ-ын халдвар тээгч болсноо мэдэж, ДОХ-ын үндэсний төв гэх мэтийн байгууллагуудад үүнийг үндэслэн тэдгээр хүнд аймшигт өвчний халдвар тээгч болжээ гэж багцаагаар тооцож байгаа болохоос бус яг хичнээн хүн ДОХ-ын халдвар тээж байгаа нь ч нарийн тодорхой болоогүй байгаа шүү дээ. Ард олны эрүүл мэнддээ тавих анхаарал сул болсон ийм үед ДОХ-ын халдвар авсан нэгэн бүсгүй 20-р зуны тахалтай хэрхэн нүүр учирсан тухайгаа ярьсныг толилуулъя.
Өөрийгөө Цэцэгээ хэмээн танилцуулсан тэрбээр нэг хэсэг загвар өмсөгч болох гэж хичээсэн ч уг хүрээлэлд түгээмэл байдаг садар самуун, шалиг заваан зүйлээс нүүр буруулжээ. Ингээд нэгэн их сургуульд суралцахын хажуугаар халаасны мөнгө олохын төлөө сургуулийнхаа гал зууханд аяга таваг угааж эхэлсэн байна. Гэтэл удалгүй тус сургуулийн хувь эзэмшигч нэгэн настай доктор түүн дээр харц унагаан халамжилдаг болж эвтэйхэн эргүүлсээр өөртөө дасгаад авсан юмсанж. Өвгөн доктор бол сургуульд хэмжээлшгүй эрх мэдэлтэйгээс гадна гүйлгээ ухаан, сортоо самбаагаар багагүй мөнгө цуглуулсан нь ч нөлөөлсөн биз ээ. Загварын хүрээнээс садар самуун зүйлийг үзэн ядаж гарсан Цэцэгээ өвгөн докторын өмдний цахилгааныг арга буюу доош нь татдаг болсноос хойш мөнгө төгрөгөөр гачигдахаа больсон нь аажим аажмаар аашийг нь эвдэж амар хялбар аргаар амьдрах сонирхолтой болгосон байв. Тийм ч учраас өөртэй нь ижилхэн загварын хүрээнд багтах гэж оролдоод амжаагүй найз охид нь гадаадын хүмүүстэй явалдан доллар өвөртөлж байгаа нь их л аятайхан санагдан бэлгийн сулралтай өвгөн доктороо голж эхэлсэн бөгөөд нэг удаа найзуудтайгаа явж байгаад Монголд зугаа цэнгэл хайж ирсэн америк залуустай наргиж дээд зэргийн таашаал авсан төдийгүй таван зуун доллартай болоод “Өвгөн докторын өвчүүн доор хэвтэж байснаас ингэж явах нь дээр юм биш үү” гэж бодох болсон байна.
Энэ бодлоо гадаадынхантай явалддаг найз охиддоо ч хэлжээ. Тэгтэл нэг үдэш нэг найз нь утасдан “Нэг тамирчин залуу байна. Чи завтай бол хүрээд ирээч” гэсэн юмсанж. Өмнө нь америк эртэй ганцхан шөнийг хамт өнгөрөөгөөд 500 доллар олсон Цэцэгээ энэ удаа ч гэсэн овоо мөнгө атгана гэдэгтээ огтхон ч эргэлзсэнгүй. Ингээд яваад очтол навтайсан намхан биетэй япон залуу хүлээгээд сууж байжээ. Япон залуу үнэндээ америк залуугийн хаана ч хүрсэнгүй. Тэр ч бүү хэл өвгөн докторынх нь ч энд ч хүрэхгүй юм шиг санагдсан байна. Гэхдээ урам хугалсан сексийнхээ дараа 1500 доллар өгсөн учраас Цэцэгээ маргааш оройг бас хамтдаа өнгөрөөе гэсэн саналаас нь татгалзаж чадаагүй байна. Энэ явдал ч яахав ингээд л өнгөрсөн байна. Харин сарын дараа япон тамирчин түүнийг японд ирээч хэмээн урьсан бөгөөд Япон руу явахаар эмнэлгийн шинжилгээ өгөөд ДОХ-ын халдвар тээсэн гэдгээ мэджээ.
Тэрбээр яг хэзээ, хэнээс энэ өвчний халдварыг авснаа огт мэддэггүй аж. Ямар ч байсан гадаад хүнээс аваагүй гэдгээ л сайн мэддэг байна. Америк, япон эртэй бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэсэн учраас өвгөн доктор юм уу түүнээс өмнө учирсан хоёр гурван монгол залуугийн аль нэгнээс эдгэшгүй өвчний халдвар авсан гэж боддог юмсанж. “Саваагүйтэж явсны минь харгай” хэмээн санаа алдсан Цэцэгээгийн гунигтай яриа өөрийгөө хянаж самуун завхай явдлаас хол явж чадахгүй бол ДОХ-ын халдварыг хэзээ ч, хэнээс ч авч мэдэх нөхцөл манай улсад бүрэн бүрэлдсэнийг нотолж байгаа ба халдвар авсан гэдгээ мэдэхгүй хэдэн жил ч явж мэдэх нь байна.
Н.Нараа
agshin.mn
URL: