Эбола вирус зургаан сарын дотор 2.800 хүний амийг авч оджээ
Баруун Африкт эбола вирусийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 2.800 давж, даваа гарагийн байдлаар халдварын 5.800 тохиолдол бүртгэгдсэн гэж ДЭМБ мэдээллээ. Өнгөрсөн гуравдугаар сард эбола вирус тархсан талаар анх албан ёсоор мэдээлснээс хойш зургаан сарын хугацаанд эрүүл мэндийн байгууллагын 337 ажилтан уг вирусаар халдварлаж, тэдний 181 нь нас барсан байна. ДЭМБ-аас мэдээлснээр Гвиней, Либери, Сьерра Леон улсуудад халдвар хамгийн их газар аваад байгаа ажээ.
Тус байгууллагын мэргэжилтнүүд “The New England Journal of Medicine” сэтгүүлд нийтлүүлсэн тайландаа Баруун Африкт эболагаар халдварлагсдын 71 хувь нь амь эрсдэх аюултайг дурдаад, тархалтыг зогсоох тал дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол ойрын саруудад халдварын тохиолдол болон нас барагсдын тоо долоо хоногт хэдэн мянгаар тоологдох хэмжээнд хүрч магадгүйг анхааруулжээ. Мөн Африкийн улсуудын эрүүл мэндийн тогтолцоо хоцрогдсон, нийслэл хотуудын хүн ам шигүү, шилжилт хөдөлгөөн их, иргэдийн эрх баригчдад итгэх итгэл бага байгаа зэрэг нь вирусийн тархалтыг зогсооход ихээхэн саад тотгор болж байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
URL: