Р.Пүрэвлхам: Монголд нас барсан хүнийг шүүдэг жишиг тогтчих вий
Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан агсанд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хурал саяхан болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. Өөрөөр хэлбэл, талийгаачийг гэм буруутай гэж үзэв. Нас барсан хүнийг хоёр шатны шүүхээр хэлэлцсэн явдалд талийгаачийн ар гэрийнхэн болон хуулийнхан шүүмжлэлтэй хандаж байна. Төрийн хамгаалалттай байранд хүн амиа алдчихаад байхад ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлэх битгий хэл гэм буруугийн асуудлыг хэлэлцсээр байгаа нь шүүх байгууллагад хүнлэг энэрэнгүй зарчим үгүй болж, хуулиас дээгүүр аашилж байгааг ч хэлэх нэгэн байна. Талийгаачийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамтай ярилцлаа.
-Д.Амарсайхан агсанд холбогдох хоёр шатны шүүх хурал болж өнгөрлөө. Та бүхний шүүхэд гаргасан гомдол биеллээ олохгүй байгаа бололтой. Талийгаачийг гэм буруутай гэсэн ч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Энэ нь хууль бус үндэслэл үү?
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.3-т гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барвал байцаан шийтгэх ажиллагаа шууд дуусч хэргийг хэрэгсэхгүй болгодог. Мөн тус хуульд гомдол гаргах заалт бий. Үүнийг би юу гэж ойлгож байна вэ гэхээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй бол ар гэрийнхэн болон өмгөөлөгч гомдол гаргана гэж. Гэтэл өнөөдөр энэ хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдлыг бид үүсгээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хамгийн гол субьект бол яллагдагч. Яллагдагч энэ хэрэг маргаанд байсан эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, талийгаачийг яллагдагчаар татсан нь тодорхойгүй байдаг. Тиймээс би анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч сэжигтэн. Дээрээс нь нас барсан учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэдэг хүсэлтийг шүүх хуралдаан эхлэх үеэс тавьж байсан. Шүүх үүнийг хүлээж аваад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байтал амьд хүн адилаар гэм буруугийн асуудлыг хэлэлцээд овог нэрийг дуудсаар байгаа нь харамсалтай юм.
-Нас барсан хүний овог нэрийг цоллоод хэлэлцээд байгаа нь хүн ёсны хувьд эвгүй санагдах юм?
-Мэдээж нас барсан хүнтэй холбоотой ямар нэгэн байдлаар шоу болгох вий гэж эмзэглэж байгаагаа хэлье. Хоёрдугаарт, нас барсан хүнийг шүүнэ гэдэг Монголын байтугай дэлхийн түүхэнд тохиолдоогүй байх. Манай шүүхийнхэн алдаатай нөхцөл байдлыг үүсгээд нас барсан хүнийг амьд мэтээр шүүсээр байгаа явдалд харамсч байна. Гэхдээ Монгол Улс гурван шатлалын шүүхтэй. Бид хэдийгээр хоёр дахь буюу давж заалдах шатлалын шүүхээр ороод шийдвэр хэвээр үлдсэн ч дараагийн шатны шүүхийн шийдвэрт найдлага тавьж байна. Арай ч алдаатай байдлыг өөгшүүлж, жишиг болгочихгүй байх. Хэрэв өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэх юм бол буруу жишиг тогтох нь. Хэнийг ч үг хэлээгүй юм, үг хэлэхийг завдаагүй юм гэдэг ч юм уу ийм байдлаар хандаад гэм буруутай болгочихно. Яагаад гэвэл түүнд холбогдох бусад хүнийг шүүхийн тулд заавал шийтгэнэ гэсэн сэтгэлзүй шүүхийнхэнд байна. Мэдээж надаас өөр олон мундаг хуульч байгаа. Энэ хэргийг эрхзүйн талаас нь онолоороо ямар утгатай юм, практикт яаж шингэх ёстойг дүгнэж байгаа байх.
-Нас барсан хүнийг шүүгээд байгаа нь Монголд байхгүй жишиг гэж байна. Үүнтэй адил төстэй хэрэг дээр та ажиллаж байсан уу. Хэрэв тийм бол хэрхэн шийдвэрлэгдэж байв?
-Тийм практикууд надад байсан. Хулгайн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг өмгөөлж байсан юм. Таван хүнд Эрүүгийн хуулийн 145.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсчихсэн байтал гурав нь нас барчихсан тохиолдол бий. Нэг нь зугатаж яваад машин мөргүүлж, нэг нь өвчний улмаас, нөгөө нь байшин дээрээс унаад амиа алдсан явдал болсон. Шүүхээс талийгаачдын байцаан шийтгэх ажиллагааг дуусгавар болгоод, тэдэнд холбогдох хэргийг тухайн шатанд хэрэгсэхгүй болгосон. Үлдсэн хүмүүст өөрийнх нь үйлдэлд тохирох ялыг нь өгөөд шийдвэрлэж байсан. Нас барсан хүмүүстэй холбоотой ямар ч шийтгэл байгаагүй.
-Гэтэл Д.Амарсайхан агсныг гэм буруутайн дээр амьдарч байсан байрыг нь шүүхээс улсын өмч болгох давхар шийтгэл оногдуулсан байх аа?
-Тийм. Гэхдээ давхар шийтгэлийг зөв буруу эсэхийг хэрэг маргаан эцэслэгдээгүй учраас дүгнэж хэлэх эрхгүй.
-Та анхнаасаа талийгаачид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгооч гэсэн хүсэлт гаргаж байснаа хэлж байна. Үүнээс гадна асуудлыг хэлэлцүүлэх хүсэлт гаргасан болохоор шүүх хурал зарлагдаад байгаа юм биш үү?
-Өмгөөлөгчийн зүгээс шүүхээс хүссэн гэх зүйл яриад байгаа. Надад хүсэлт гаргах шалтгаан, шаардлага байхгүй. Байцаан шийтгэх ажиллагааг дээр ярьснаар холбогдогч нас барсан бол шууд дуусгавар болгож хэрэгсэхгүй болгох ёстой. Хэлэлцүүлье гээд явсан ч энэ нь хэлэлцэх үндэслэл биш. Гэхдээ би нэг ч удаа ийм асуудал хэлэлцүүлье гэж яваагүй. Харин ч энэ хэргийг хэрэгсэхгүй болгоод дуусгавар болгооч гэсэн. Одоо уг хэргийг Улсын дээд шүүх буюу хяналтын шатны шүүх шийдвэрлэнэ. Тэд хуулийн заалтуудыг зөв буруу хэрэглэсэн эсэхийг хянана. Үүнд л маш их найдаж байна.
-Энэ асуудлыг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос шалгаж эхэлсэн гэсэн. Хариу мэдээлэл өгөв үү?
-Одоогоор ямар нэг хариу өгөөгүй байна. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй болохоор хүлээлтийн байдалд байгаа болов уу.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: