Ц.Гантулга: Алдаа гаргасан ажилтныг ажлаас нь түр түдгэлзүүлсэн

527-14110947105555555555555555555555555Шүүх эмнэлгээс цогцос алга болсон гэх мэдээллийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал Ц.Гантулгаас тодрууллаа.

-Танай Шүүхийн шинжилгээний төвийн харьяа шүүх эмнэлгээс цогцос алга болсон гэх мэдээлэл хэвлэлээр гарах боллоо. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Шүүх эмнэлгээс цогцос алга болсон гэсэн нь ташаа мэдээлэл. Ажилтны хариуцлагагүй байдлаас болж хоёр хүний цогцсыг сольсон хэрэг гарлаа. Манай Шүүх шинжилгээний төвд өнгөрсөн наймдугаар сарын 10-нд хоёр цогцос ирсний нэг нь гэртээ нас барсан, нөгөөх нь Хан-Уул дүүргээс эзэнгүй нэр, хаяг тодорхойгүй гэж ирсэн байсан.

Тухайн үед хоёуланг нь задлан шинжилгээнд оруулж, нэгнийх нь оршуулга наймдугаар сарын 13-нд болсон. Нөгөөх нь сүүлд эзэнгүй гэдгээр оршуулагдсан. Гэтэл нэг ар гэрийнхэн нь есдүгээр сарын 8-нд манайд ирж, цогцос солигдсон гэсэн гомдол гаргасан.

Энэ дагуу ажлын хэсэг гарч шалгаад үнэн болохыг тогтоосон. Ингээд бид шуурхай арга хэмжээ авч солиог гаргалаа. Манай байгууллагын зүгээс хоёр айлаасаа уучлалт хүссэн.

-Танай ажилчны хариуцлагагүй байдлаас болж энэ асуудал үүссэн. Танайх ямар хариуцлага тооцсон бэ?
-Манай байгууллагаас албаны шалгалт явуулаад гэмт хэргийн шинжтэй байсан учраас цагдаагийн байгууллагад ажилтнаа шалгуулах хүсэлт өгчихсөн. Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Одоогоор албан тушаалаас нь түр түдгэлзүүлсэн. Манайд дөрвөн жил ажилласан ажилтан байсан.

-Нэгнийх нь нэр, хаяг тодорхойгүй ирсэн гэсэн. Ар гэрийнхэнтэй нь холбогдож чадсан уу?
-Манай байгууллагас хариуцах эзэнгүй, нэр хаяг нь тодорхойгүй цогцосын мэдээллийн сан гэж бий. Тэр сангаас ар гэрийнхэн нь зургийг  нь харж таньсан байгаа.

С.Хорлоо

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих