Фракц бүрээс нэг сайдыг татах хүсэлтэй байна

garaa0918Өнөөдөр Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд одоогийн нүсэр бүтэц, бүрэлдэхүүнээрээ эцсийн удаа хуралдах нь. Засгийн газрын тэргүүн танхимдаа сэлгээ хийх талаар мэдэгдэснээс хойш энэ тэндээс элдвийн таамаг дэвшүүлж буй. Тэгвэл тэд танхимынхаа бүтцийг өөрчлөх талаар төсөл боловсруулсан байна.

 

Уг төслөөс харахад 16 яам, 19 сайдаа Ерөнхий сайд, сайдын статустай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарыг оролцуулан 11 сайд, есөн яамтай болгохоор төлөвлөжээ.

 

Өөрөөр хэлбэл, Шадар сайдгүй болж, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүйн яам, Батлан хамгаалах яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам одоогийн нэрээр үлдэж, зарим талаар чиг үүрэг, эрхлэх асуудал нь нэмэгдэхээр байгаа юм. Харин бусад 11 яамыг нэрнээс нь авахуулаад нэгтгэх маягаар дөрөв болгох нь. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Дэд бүтцийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хэмээн нэрлэжээ. Яамдыг нэрлэсэн байдал хийгээд харьяа байгууллагуудыг тараан байршуулснаас харвал энэ л Засгийн газрын үед цоо шинээр бий болж, багагүй хэл ам дагуулсан Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам үндсэндээ үгүй болж байгаа юм.

 

Ямартай ч энэ төслийн дагуу яамд, сайд нарыг цөөлж, базаж чадвал эдийн засгийн агуулгаараа ихээхэн үр ашиг дагуулах нь лавтай.  Мэдээж нам дотроо, бүлэглэл фракц хооронд, эвсэл хамтрагчийн дунд сайдуудын томилгоог тойрсон бодлого, болзол, амлалт хөвөрч байгаа нь гарцаагүй.

 

АН-ынхан удирдах ажилтнуудын  зөвлөгөөнөө удахгүй хийх гэнэ. Энэхүү зөвлөгөөнөөр Засгийн газрын бүтэц ямар байх ёстой талаар хэлэлцэх аж. Мэдээж Засгийн газрын хэдэн хувийг цомхотголд оруулах бол гэсэн яриа газар авч байгаа.Н.Алтанхуяг сайд Засгийн газрын тэргүүнийхээ  хувьд төлөвлөгөө гаргах ёстой.Дараа нь чуулган эхлээд бүлгийн эхний хуралд төлөвлөгөөгөө танилцуулах гэнэ. Ажигласнаар фракц бүрээс нэг сайдыг явуулах талаар яригдаж байгаа нь гарцаагүй. Энэ талаар санал нэгтэй хүмүүс ч цөөнгүй байгаа аж.

 

Ямартай ч гүйцэтгэх засаглалын тэргүүн хэнтэй, ямар намтай, аль фракцтай тохироо хийж, хэнийгээ авч үлдэх нь дараагийн алхамд нь том шийдэл авчирна гэсэн үг.

Б.Сийлэн

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих