Хятадын төрийн банк яагаад Монголыг сонирхох болов?
Өнөөдөр Монголын эдийн засагчид болоод банкеруудыг хоёр талцуулан мэтгэлцүүлж байгаа томоохон асуудал нь эдийн засгийн хямрал гэхээсээ илүүтэй Хятадын төрийн банкны салбарыг Монголд оруулж ирэх эсэх талаар хэлэлцэж ярилцаж өөр өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлт өгсөөр байна.
Хятадын төрийн банк яагаад Монголыг сонирхох болов?
Өнөөдөр дэлхий дахинаа эдийн засгийн хувьд хүчин чадал дорой нэгнийг өөрийн эрх мэдэлдээ байлгах гэсэн томоохон гүрнүүдийн далд бодлого эрчимтэй төлөвшиж байна гэж болно. Зарим нэгэн улс орнууд өөрийн эрх мэдэл дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн эрх мэдлээрээ далайлган жижиг хөгжил буурай орнуудыг зэр зэвсгийн хүчээр өөрийн хараа хяналтанд байлгах гэсэн оролдлогууд ар араасаа даамжирсаар байгаагийн томоохон жишээ бол АНУ болон ЗХУ юм. Тэдний үзлийг дэмжихгүй өөрийн ёс заншил, уламжлалаа хадгалан авч үлдэх гэсэн гадны жижиг орныг ямар нэгэн байдлаар дэлхий дахинд буруугаар ойлгуулж эзлэх гэсэн санаа илхэн байгаад байгааг зарим хүмүүс хэлэх боллоо. Лалын ертөнц хэмээх ойрхи дорнодын бүсрүү хандах АНУ-гийн хандлага бол зүгээр л лалын хэт даврагсадыг дарах нэрийн дор тэднийг өөрийн мэдэлд байлгах гэсэн их гүрний бодлого.
Энэ мэтээр яриад байвал манай оронд хүртэл эрх мэдэл ноёрхолоо тогтоох гэсэн санаа их гүрнүүдийн хувьд байж л байгаа. Учир нь манай улс газрын доорх баялгаараа дэлхийд дээгүүр байр эзэлдэг,өргөн уудам газар нутагтай гээд л шалтгаан мундахгүй их. Харин урд хөрш маань өнөөгийн эдийн засгийн хямралтай байгаа үеийг далимдуулан өөрийн улсын байр суурийг бат бэх болгож Монголчуудыг чөдөрлөж авах гэсэн ухааныг олсон мэт санагдана. Чухамдаа бол Хятадын “Bank of China” төрийн банкны салбарыг нээж томоохон компаниудад хөнгөлттэй үнээр зээл олгож эхлэнэ хэмээсэн нь ч учиртай.
Өнөөгийн хямрал хийгээд Монгол орны хувь банк санхүүгийн байгууллага гадны банктай өрсөлдөх хэмжээний хөл дээрээ хүчтэй зогсож чадаагүй мөн гадны валютын ханшын өсөлт энэ бүгдээс харахад л ойлгомжтой. Өнөөдөр эдийн засгийн байдал дээр нь тоглолт хийгээд өөрийн болгох гэсэн дотор хүний санаархал далд санаа цаана нь нуугдаж байгаа гээд хэлчихэд бараг л буруудахгүй болов уу. Энэ нь ч шууд АНУ шиг үзэл бодол дээр нь дөрөөлөн өөрийн үзэл бодлоо тулгах хийгээд дэлхийн даяаршилыг хүчээр тулган шаардах мэт дайрч довтлохгүйгээр эдийн засаг дээр нь тоглож эзлэх гэсэн санаа.
“Bank of China” Монголд нээгдсэнээр…
Эдийн засагчид болоод банкеруудын санал бодол зөрж байсаар Засгийн эрх баригчид оруулах шийдвэр гаргачихвал яах бол гэсэн бодол зарим нэгэн хүмүүсийн дотор далдхан айдастай байгаа нь ч үнэн. Өнөөдөр өөрийн зах зээл дээрх хэдэн хувийн хэвшлийн эрх мэдэлд чөдөрлөгдчихдөг, засгийн газар болоод хууль хүчнийхэн “Bank of China” орж ирлээ гэхэд хууль дүрмийн дагуу үйл ажиллагааг нь хянаад яваад байх хүчин чадал байгаа гэж үү?
Ингэж асуухын учир энэ орж ирэх гээд байгаа банк санхүүгийн байгууллага бол дэлхийн том гүрний төрийн банк гэдэг утгаараа өөрийн улсын хууль дүрмийг чанадлан сахиж басхүү тэрхүү зээл тусламжаараа эргэж төрийн бодлогоо хэрэгжүүлэх гэсэн санаархалыг далдхан дагуулсаар ирэх нь дамжиггүй.
Зарим судлаачид арилжааны банк бол бас өөр хэрэг хэмээн зарим судлаачид үзсэн байна. Тэдний үзлээр “арилжааны банк бол цэвэр өрсөлдөөний үүрэг гүйцэтгэнэ, харин төрийн банк бол төр улсынхаа л үзэл бодлыг тулган шаардах болно” хэмээсэн нь ч учиртай. “Bank of China” Хятадын төрийн банк монголд орж ирснээр гүйцэтгэх үүрэг нь өөрийн улсын валютын зах зээл болоод манай улсын нийгэм, эдийн засагт нөлөөлнө гэдэг нь дамжиггүй юм. Мөн цаашлаад улс төрийн үйл ажиллагаанд шууд ба шууд бусаар нөлөөлөх магадлалтай.
ЧОЙ
URL: