Н.Даваадорж: Иргэдийн дэмжлэгээр төрийн эрхэнд гарснаа санаарай

indexНийслэл хотод маань байнгын маргаан дагуулдаг сэдэв бол газар. Хүчтэй нь хүчгүйгүйгээ дийлдэг хорвоо дээр ядарсан ард иргэдээ дарлах томчуудын араншинг үл хүлцсэн нэгэн иргэн сэтгүүлч бидэнд хандаж хэлэх гэсэн үгээ хэлж, хүрэх ёстой газар нь түгээхийг хүссэн юм.

Түүнийг Н.Даваадорж гэдэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд 10 жил дугуй засварын ажил эрхэлж байгаа. Энэ хугацаандаа тухайн газраа эзэмших хүсэлтээ зохих байгууллагад нь удаа дараа гаргаж, 2005 оноос нэг жилийн хугацаатай эзэмшлийн гэрээ байгуулсан гэв. Түүнээс хойш гэрээгээ сунгах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч дүүргийн газрын алба хугацааг сунгаагүй байна. 2012 оноос түүний ажлын байрыг нураахаар болжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

- Таны ажлын байрыг нураахаар газрын албанаас байнга хүмүүс ирэх болсон гэсэн. Яагаад нураах болов оо?

- Дугуй засварын газар маань цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст орсон байсан учраас бид газраа багасгаж эзэмшлийн гэрээгээ байгуулсан. Ингээд 12 метр газарт дугуй засвараа ажиллуулж байлаа. Тэгтэл 2012 оноос газрын албаныхан манайхыг нураах болоод, учрыг нь асуусан чинь тэр хавийн газрыг “Сод Монгол” групп авсан байсан. Аюултай гээд байсан өндөр хүчдэлийн шугамын дор шатахуун түгээх станц барихаар болчихож. Тэр үед “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч байсан юм.

- Танд мэдэгдэх хуудас, ямар нэгэн албан бичиг өгсөн үү?

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнууд тав, зургуулаа хуурамч баримт бичигтэй ирж байна лээ. Хуурамч гэдэг нь газрын гэрчилгээн дээрх талбайн хэмжээ, кадастрын зурган дээрх хэмжээ хоёр нь зөрүүтэй байснаас харагдаж байгаа юм.

Газрын албаныхан өдөр шөнөгүй дарамтлах болсон. Тэд нар бүгдээрээ “Сод Монгол”-ын Ерөнхийлөгч Ц.Анандбазарын бие төлөөлөгч нар шиг авирладаг. Мөнгөтэй хүнд төрийн албан хаагч нар дулдуйдаж, над шиг энгийн иргэнд оршуулгын газар ч олдохоо байсан цаг юм байна.

- Та энэ талаар хэн нэгэнд хандав уу?

- Би хоёр жиийн өмнөөс Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар нарт уулзах хүсэлт тавьсан. Хариу аваагүй л байгаа. Харин Ц.Анандбазар бол тэдэнтэй дуртай үедээ уулзаж явдаг юм билээ. Иймэрхүү газрын алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай байхад луйварчид хойморт залрах нь аргагүй юм байна. Иргэн бидний дэмжлэгээр энэ хүмүүс төрийн эрхэнд гарсан гэдгээ байнга санаарай гэв.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч Н.Даваадоржийн газар эзэмших хугацааг сунгаагүй атлаа дүүргийн Засаг даргын захирамжаар хэд хэдэн удаа дээрх газрыг эзэмших гэрээг шилжүүлсэн байх юм. Н.Даваадоржийн гомдлын дагуу ШӨХТГ-аас Чингэлтэй дүүргийн өмч, газрын харилцааны албанд №7/940 тоот албан бичиг хүргүүлээд байна. Энэ сарын 19-ний өдрийн дотор албан бичгийн хариуг авна гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих