Д.Амарсайхан: Хангалттай нөөц байхад зохиомол хомсдол бий болгож байна

Газрын тосны газрын дарга Д.Амарсайхантай ярилцлаа.

-Дизель түлшний нийлүүлэлт нэмэгдэхээр зөрөөд л АИ-92 бензин ховордож хомсдол бий боллоо?

-Хангалттай нөөц бий. АИ-92 бензин 17 хоног, дизель түлш 13, АИ-80 бензин 39 хоногийн нөөцтэй байна.  Машинтай иргэд өдөрт гурав, тав, 10, 20 литр бензин авдаг байсан. Гэтэл хомсдол бий боллоо гэсэн ташаа мэдээлэлд итгэн машиныхаа шатахууны савыг дүүртэл бензин аваад дээрээс нь нөөцөлж байна. Хүн болгон л ийм их хэмжээгээр аваад, бензин тасрах нь гэж цуу яриа дэгдээж байгаа нь зохиомол хомсдол үүсэхэд нөлөөлж байгаа. Энэ хүмүүст хандан хэлэхэд битгий хошуурч шатахуун нөөцлөөч ээ, эдийн засгийн хувьд ч танд алдагдалтай гэж хэлмээр байна. Бензин удахаар ууршдаг юм. Ердийн үеийнх шигээ худалдан аваад хэрэглээд байхад ямар ч асуудалгүй. Ийм олон хоногийн нөөцтэй байгаа учир шагийн үнээр бензин худалдан авч шатах хэрэггүй шүү.

-ШТС-ууд талон, картаар л олгоно, бэлэн мөнгөөр бол нэг литрийг нь 2000 төгрөгөөр худалдана гээд байхад хомсдол үүслээ гэж ойлгохгүй яах юм бэ?

-Өнөө өглөө Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж ярилцлаа. Компаниудад ч тодорхой шаардлага  тавина. Нөөц хангалттай байхад элдэв хязгаарлалт хийгээд байлгүй чөлөөтэй борлуул гэсэн үүрэг өгнө. Одоо би  МАН-ын бүлгийн хуралд орж мэдээлэл хийх гээд хүлээгээд сууж байна. Тэгээд үдээс хойш нефтийн бүтээгдэхүүн импортолж борлуулдаг компаниудын төлөөлөлтэй уулзах гэж байна. Тэднийг ирж уулз гэж  дуудсан байгаа.

-Та нөөц хангалттай гэж хэлдэг ч бодит байдал дээр эсрэгээрээ байна. Дизелийн түлш хомсдоход та бас л иймэрхүү тайлбар хийж байсан шүү дээ?

-Намайг худлаа ярьж байна гэх гээд байгаа юм уу.  Нууж хаагаад, худлаа мэдээлээд байх шаардлага ч надад алга. Өнөө өглөө хурал эхлэхээс өмнө нөөцийн мэдээллийн талаар хэвлүүлж авсан энэ цаасыг хар л даа. Би санаагаараа зохиочихоогүй юм. Сард 60 мянган тонн шатахуун хэрэглэдэг. Энэ сарын 25 гэхэд  84200 тонн нефтийн бүтээгдэхүүн орж ирсэн байна. Долдугаар сарын 1 гэхэд нийтдээ 91 мянган тонныг оруулж ирэх юм. Тэгэхээр нийлүүлэлт зогссон, багассан зүйл байхгүй ээ.

-Цаасан дээр ийм тоо байна гээд харуулах нэг хэрэг. Харин үнэхээр ийм нөөц байна уу гэдгийг газар дээр нь очиж  нягталж байгаа биз дээ?

-Шалгалгүй яахав. Манай байгууллагынхан  амралтгүй л ажиллаж байна. Хагас, бүтэн сайн өдөр ч ялгалгүй.  Нөөц хангалттай байгаа нь   бодит үнэн.

-ОХУ-ын талаас нийлүүлэлтдээ хязгаарлалт тавьж байгаа зүйл бий юу?

-”Роснефть” компани нийлүүлэлтээ тодорхой хэмжээгээр багасгасан. Тэр багасгасан хэмжээний шатахууныг  өөр компаниас авах гэрээ байгуулаад ирсэн, бид. Энэ дагуу шатахуун нийлүүлж байгаа.

-Ямар компани гэдгээ тодруулахгүй юу?

-ОХУ-ын “THK -БП”  гэсэн компаниас шатахуун авч байна. Мөн хойд хөршийн өөр өөр хотууд дахь шатахууны компани ч бүтээгдэхүүн  нийлүүлж байгаа. Хятадаас бас 3000 тонн шатахуун авах гэрээ байгуулаад ирсэн. “Чайна Ойл” гэсэн компани шатахуун нийлүүлнэ.

-”Чайна ойл” компаниас авах шатахуун ОХУ-аас   үнэ нь өндөр үү?

-Адилхан. Бид хэлэлцээр хийж, боломжийн үнээр авах тохироо хийсэн юм.

-Наадам хүртэл АИ-92  бензин борлуулахгүй гэсэн мэдээлэл өнөөдрийн хэвлэлд гарсан байх юм?

-Энэ ёстой худлаа. Ийм цуурхал тарааж бензин шаглаж ашиг унагах  гэсэн сонирхолтой нөхдүүд байгааг хууль хяналтын байгууллага нь шалгаж нягтлах шаардлагатай.

Д.Доржпагма


URL:

Сэтгэгдэл бичих