МАН доторх МАНАН буюу Ардын нам Г.Алтангийн барьцаанд…

өбббыбыХ.ОЧИРСҮХ

Ардын нам дотор ч балиар юм их болдог ажээ. Хамгийн сүүд гарч ирсэн нэгэн мэдээллийг ард түмэн пүү паа гээд л хүлээж авч байна. Юу гэвэл, төрд эргүүлэн авахаар шүүхийн шийдвэр гарсан Нийслэлийн МАН-ын байр буюу Лениний музейг мань МАН-чууд хэдийнэ барьцаанд тавьчихаад байжээ.

2012 оны арваннэг­дүгээр сарын 6-ны өдрөөр огноолсон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, иргэн Г.Алтан нар гарын үсэг зурж баталсан Зээлийн болон Барьцааны гэрээ байна.

Зээлийн гэрээний эхэнд “…Нэг талаас Сүхбаатар дүүргийн VI хороо, Бага тойруу, Улаанбаатар-11, Тусгаар тогтнолын ордон хаягт орших 8082001001 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 8488908 тоот регистрийн дугаартай Монгол Ардын нам, нөгөө талаас Боргочууд овогт Нотовын Алтан нар Зээлийн гэрээ байгууллаа. Ардын нам дотоод үйл ажиллагаандаа зарцуулахаар Г.Алтангаас найман сарын хугацаатай  1 000 000 /нэг сая/ ам.доллар зээлсэн уг гэрээг Ардын намыг төлөөлж тус намын Сан хөмрөгийн хэлтсийн дарга Балжир засаг овогт Жамбаагийн Тамир,  иргэн Г.Алтанг төлөөлж хуулийн зөвлөх нь болох Лхамжавын Сарангэрэл нар байгуулжээ.

Зээлийн гэрээнд нэг сая ам.долларын сарын хүү 2.9 хувь байхаар тусгажээ. Энэ нь Ардын нам Г.Алтанд сар бүр 29 000 /хорин есөн мянга/ ам.долларын хүү төлдөг гэсэн үг. Ингэхдээ МАН Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, зургадугаар хороолол дахь Ү-2202002678, 000133314 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаар бүхий 7550 мкв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай байрыг 0231960, 154/0135 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаартай 4712 мкв газрын хамт Г.Алтангийн барьцаанд тавьжээ.

Ардын нам өнөө хэр нь Г.Алтанд 1 000 000 /нэг сая/ ам.доллараа өгөөгүй байгаа аж. Үүнээс болоод шүүхийн шийдвэрийн дагуу Лениний музейг төрд шилжүүлэх ажил гацчихаад байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Батаарын музей байгуулах Засгийн газрын санаачилга ч даший шог болоод байна.

Г.Алтан 2010 онд Увс аймгийн нэр дээр МАН-ын Бага хурлын гишүүн болсон байдаг. Бага хурлын гишүүн болсноосоо хоёр жилийн дараа ийн их хэмжээний зээл намдаа өгсөн байна. 2012 оны арваннэгдүгээр сар бол Орон нутгийн сонгууль тун дөхсөн цаг. МАН Г.Алтангаас зээлсэн нэг сая ам.доллараа Орон нутгийн сонгуульд зарцуулсан бололтой юм. Өнөөдөр Зээлийн болон Барьцааны гэрээг баталж байсан Г.Занданшатар ажлаа өгчихсөн. Харин гэрээ байгуулсан Сан хөмрөгийн хэлтсийн дарга Ж.Тамир нь ажлаа хийж байгаа. Гэхдээ хэн дарга байхаас үл хамааран МАН Г.Алтанд нэг сая ам.долларыг эргүүлэн төлөх учиртай.

Нэг сая ам.доллар гэдэг бага мөнгө биш. Асар их мөнгө. Ийм их мөнгө зээлчихээд, өгөх ёстой хугацаандаа өгөлгүй ийм их удаачихсан, дээрээс нь шүүх барьцааны хөрөнгийг нь төрд авах шийдвэр гаргачихсан байдаг. Ийм нөхцөлд МАН Г.Алтангийн өмнө ямар байдалтай байх билээ. Төсөөлөөд үз дээ.  Бөөн нээнтэг. Авсан хүн нь бөхийгөөд,  өгсөн хүн нь гэдийгээд… Юу болж байгаа бол, энэ Тусгаар тогтнолын ордонд. Уг нь намаараа дэнчин тавьж зээлдсэн ганц сая ам.долларыг МАН-ын удирдлагад байгаа захын нэг эрхэм л гаргаад шидчих мөнгө гэх. Гэвч хурааж хуримтлуулсан, хил давуулаад шидчихсэн мөнгөнийхөө авдрыг ухах зоригтон энэ цаг үед лав МАН-аас төрөхгүй бололтой дог.

Ер нь Тусгаар тогтнолын ордон анх баригдахдаа л  төсвөөс маш их мөнгө гаргуулж,  бизнесмэнүүдээс төдий хэрийн мөнгө хандив нэрээр татсан байдаг. Энэ ордныг барьсан компанийн захиралд хүртэл Их хуралд нэр дэвших эрх олгож өр төлсөн байдаг. Энэ утгаараа МАН-д мөнгө хандивласан, зээлдүүлсэн, санхүүжилтээр дэмжсэн хэн боловч ямар нэгэн хэмжээгээр өөрт ашигтай “бялуу” хүртдэг гэсэн үг юм.

Тэгэхээр Г.Алтан нэг сая ам.доллараа өнөөг хүртэл аваагүй атлаа, тэр байтугай өнөөх барьцаа хөрөнгө нь хураагдах дээрээ тулчихаад байхад дуугүй суугаа нь МАН-аас сонсгосон бялууны сурагтай холбоотой гэлцэж байна. Тэр нь удахгүй засагт нэгдвэл, удлаа гэхэд 2016 оны сонгуулийн дараа… гэх МАН-ын дарга нарын ам. Үнэхээр ч МАН “дотоод үйл ажиллагаа” явуулах хөрөнгө мөнгөний гачаалд ороод байгаа гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл,  Г.Алтанд шахуулсан МАН-ын дарга нар Н.Алтанхуягийг хөнжлөө сөхвөл гүйгээд ороход бэлэн байгаа аж.

Хэзээнээсээ төрийн мөнгийг өөрийн юм шиг зарцуулсаар ирсэн. Унаж, ялагдахаа тооцолгүй байж байгаад УИХ-д цөөнх болсон. 2012 оны сонгуулийн дараа засагт багтаагүй. Өдгөө намын гишүүд дэмжигчдээсээ мөнгө татах гэхээр өнөөдүүлийг нь АТГ, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан сахиад суучихсан байдаг. МАН-ын эдийн засгийн өнөөгийн байдал яг иймэрхүү л хүнд байдалд байгаа аж.

Тиймээс” МАН-ын бүсийн зөвлөгөөн” гээчийг улс даяар уржигдраас эхлүүлжээ. Улаанбаатарын бүсийн зөвлөгөөн нь Найрамдлын орчимд болж лав хоёр өдөр хуралдав. Хурлын үеэр тэд “Намд тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг тэвчихэд тун хэцүү байгаа. Засагт багтах урилгаа Н.Алтанхуягт сэм сэмхнээр илгээсэн. МАНАН үүсгэж ганц хоёр гайгүй мөнгөтэй яам барьж аваад Г.Алтангийн нэг сая ам.доллар мэтийн өр төлбөрөө барагдуулах ойрын зорилготой…” гэх нууц юмнуудаа ярьж буй аж.

Мөн “Яг одоо, намыг ийм хүнд байхад санхүүжилтээр дэмжсэн хүмүүст 2016 онд  сонгуульд нэр дэвших эрх, нам ялвал том албан тушаал ямар ч оочергүй өгнө. Ер нь 2016 оны сонгуульд цоо шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй оролцох төлөвлөгөөтэй байгаа” гэдгээ ярьжээ.

Төр Лениний музейгээ авах шүүхийн шийдвэрээ бариад, Г.Алтан нэг сая ам.доллараа нэхэж сануулсаар байгаа учир МАН ийм арга хэмжээ зохион байгуулж мөнгө босгохоор шийджээ. Дээрх зөвлөгөөнийхөө үеэр зарим нэгийгээ “Оффшор данснаасаа саяыг гарга…” гээд дарамталж суугаа гэх яриа ч байна.

Юутай ч Г.Алтангийн барьцаанд лавхан орсон МАН энэ “нуман тулгуур”-аасаа гарч Лениний музейг барьцаалаад авчихсан сая ам.доллараа төлж чадах эсэх нь өнөөдрөөс тодорхой болох нь. Гэвч дотооддоо манан будан татуулсан энэ намын дарга нарт итгэж нэг сая ам.доллар палхийтэл өгчих шийртэй аавын хүү хэд гарах бол?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих