Хүүхдийн нэр өгөх, угаалгын зан үйлийн тухай

babies-mongoliaАйл гэрийн гал голомт, үр үндэс залгамжлах хүүхэд төрөхийг монголчууд “хүн заяавал хүнс заяана” хэмээн ихэд бэлгэшээн гэр бүлийн амьдралд тохиолдсон онцгой тэмдэглэлт үйл явдал болгон ёсолдог бөгөөд түүнийг хүүхдийн угаалга гэж нэрлэдэг.

Хүүхэд угаах ёслол бол эрдэнэт хүний биеийг олж орчлон дээр төрсөн гэр бүлийн шинэ гишүүн, төр улсынхаа бяцхан иргэнийг эцэг, эх нь ах дүү төрөл садан, танил дотно нөхдийнхөө хамтаар хүндэтгэн хүлээн авч унасан газрынх нь шимт усаар угаан амьдралын турш дуудуулах нэрийг нь өгч буй ёслол юм. Хүүхдийн угаалгын ёслолыг үйлдэхдээ хуучны уламжлал ёсоор бол төрснөөс хойш 6-7 хоноод төрөл садныхаа хүрээнд ёслон тэмдэглэдэг. Гэхдээ ажил амьдралын тухайн үеийн байдлаас шалтгаалан 16 хоноод ч хүүхэд угаах ёслолыг хийж болдог байв.

Хүүхэд угаах ёслолын үед аливаа найрын адил идээ цагаалга, зоог шүүс, айраг архи, бэлтгэн зочин гийчдээ дайлах боловч хэт их ууж согтуурахыг цээрлэдэг ба гэрлэх хуримын нэг адил нар шингэхээс өмнө найрыг дуусгадаг заншилтай. Хүүхэд төрөх үед эхэд нь уулгах шөлний хонь төхөөрч энэ хонины гэдэс, дотор, цус, хөшиглөсөн мах, өөх чихсэн үнхэлцэг, элэг бөөр, сүүлийг нь чанаж хүүхэд угаах ёслолын зоог шүүсэнд оруулах ёс байдаг.

Мөн хүүхдийг эх барьж авсан эхэд ууц тавин хүндэтгэдэг ба мянгад ястанд хүүхэд угаах ёслолын үед даллагын бортого хувинд нэг шор мах, шагайт, уураг, сүүл, цагаан мах хийгээд төрсөн хүүхдийг эх барьж авсан эх, хүүхэд төрүүлсэн эхийг хурай хурай хэмээн хурайлж цагаан махнаас гурав дахин эргүүлж гурав амсуулж ёсолсны дараа хувинтай  махаа цугларсан хүмүүст нар зөв тойруулан амсуулдаг. Ингээд үлдсэн махыг гурав хоног хадгалаад хүүхдийн эцэг, эх хоёр иддэг ажээ. Энэ нь хүүхдийн угаалгын ёслолын зоог шүүс бол зан үйлийн зориулалтгай хүндэтгэлийн идээ гэсэн утгатай аж.

Найр эхэлсний дараа үд дунд болохоос өмнө товлосон цаг болмогц хүүхэд угаах ёслол үйлддэг ба анх боож авсан эх аагтай хар цай буюу шөлийг бүлээтгээд хүүхдийг угаадаг. Давстай шөлөнд үр будаа, арц хийж угаах ёс нийт монголчуудад ихээхэн дэлгэрсэн заншил юм. Ингэж угаахын учир давсаар буртгийг цэвэрлэж, арцаар ариутгаж, үр будаа шиг өнөржин үржихийн бэлгэ тэмдэг гэж үздэг.

Үүний дараа хүүхдийн эцэг, эх нь  барьж авсан эхэд буюу эсвэл хамгийн ахмад хүндтэй хүнд хадаг барин “хүүд нэр хайрла” гэж хүсэхэд аз жаргалтай явахыг бэлгэшээсэн нэрийг өөрөө сонгон хэлэх, эсвэл эцэг эх нь урьдаас 2-3 нэрийг сонгон бичсэн цаасыг хуйлан дотор нь хийсэн ваартай будааг хэд шигшихэд түрүүлж ил гарсан цаасыг авч уншаад хүүхдийн чихэнд нэрийг нь шивнэн хэлнэ. Тэгэхдээ хэрэв хөвгүүн байвал баруун чихэнд, охин байвал зүүн чихэнд гурвантаа шивнэн хэлээд “Танай охин (хүү)… гэдэг нэртэй боллоо” гэж нийтэд зарладаг ажээ.

Хүүхдийн нэрийг хэлэхдээ ийнхүү хоёр өөр янзаар баруун, зүүн чихэнд нь шивнэн хэлдгийн учир нь монголчуудын эртний заншил ёсны дагуу баруун талыг эрэгтэй хүнд, зүүнийг эмэгтэй хүнд оноон хамааруулдаг уламжлалтай холбоотой юм. Түүнчлэн хүүхдэд өгөх нэр бичсэн цаасыг ваартай будаан дотор хийдэг нь нэр алдар нь будаа шиг өсөхийн бэлгэдэл болдог. Монголчууд “дуудах нэрийг эцэг, эх өгнө, дуурсгах алдрыг өөрөө олно” гэж ярилцдаг билээ.

Хүүхдэд нэр өгөхдөө ихэвчлэн түүнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэмжлэн ард түмний гоо сайхны таашаалыг илэрхийлсэн нэр сонгодог. Мөн пүрэв гаригт төрсөн бол Пүрэвжав, ням гаригт төрсөн бол Нямжав гэх мэтээр нэр өгдөг байжээ.

Хуучин цагт хүүхэд тогтдоггүй айлд хүүхэд төрвөл Муунохой, Хүнбиш, Бибиш, хэрэв хүүхэд нь нас барсан бол дараагийн төрсөн хүүхдэд өөрийн хүүхэд биш хэмээн Тэрбиш, Адилбиш гэх мэт баталсан, эсвэл нохой, бадарчин хэмээн үл тоомсорлон зэвүүцсэн, эсвэл Төмөр, Өлчир гэх мэтээр осол үхэлд дийлдэшгүй гэсэн утгатай үгээр нэрлэдэг. Хуучны шүтлэгийн ойлголт ёсоор бол энэ нь шинэ төрсөн хүүхдэд хор хөнөөл хүргэж болзошгүй далдын онгоныг хуурахад чиглэгдсэн зүйл юм.

Хүүхдийн угаалганд ирсэн хун бүр түүний дотор эх барьж авсан хүн нь шинэ төрсөн хүүхдэд бэлэг өгдөг ба эд өлгийн зүйлс, хувцас, ойр төрлийнхөн нь унага, хурга, тугал, ботго зэрэг мал өгдөг нь ирээдүйн малчны хөрөнгө малыг эртнээс бэлтгэж буйн зориулалттай.

Хүүхдэд өгдөг онцгой бэлэг гэвэл хуйтай хутга, нум сум, эмээл хазаар гэх мэт зүйлс байсан нь малчин хүний хөдөлмөрийн багаж зэвсгийг өгч буй хэрэг юм. Эцэг, эх нь мөн ирсэн хүмүүст хариу бэлэг өгнө.
Хүүхэд угаах ёслолын үед шинэ хүний ирээдүйг бэлгэдсэн ерөөл хэлж, бүүвэйн дуу, эцэг эхийн ачийг магтсан агуулгатай дууг дуулдаг. Нэлээд эртхэн үед “Хүүхдийн даллага” гэж тусгай зан үйлийн шүлэг хэлдэг байсан бөгөөд түүнд
Есөн мууг давах хийгээд
Хүн эдэд өлзийтэй
Хотол чуулах болтугай
Зуун жил ахуй бөгөөд
Зуун намрыг үзэх болтугай
Амь чинь гүр хар чулуунаас бат
Үндэс чинь үетэй цагаан өвснөөс олон болтугай
Хурай хурай хурай
гэж бяцхан хүүхдийн ирээдүйн сайн сайхныг “шидэт үгийн” хүчээр урин далладаг байсан нь ерөөлийн уламжлал болсон эртний хэлбэр юм. Хүүхдийн ерөөл нь тухайн ёслолын учир зорилгыг нэмэн тодчилж, шинэ төрсөн хүүхэд, түүний эцэг, эхэд хандаж буй хамт олны сэтгэлийг илэрхийлсэн утгатай.

Энэ ерөөл нь агуулгын хувьд эцэг, эх хоёрт болон хүүхдэд хандсан хоёр хэсэгтэй. Эцэг, эхэд нь хандсан хэсэгт тэднийг анх эхлэн танилцаж, улмаар сэтгэлтэй болоод ханилан сууж хүүхэдтэй болсон тухайд наргиантай байдлаар шүлэглэсэн байдаг бол хүүхдэд зориулсан хэсэгт эцэг, эхийн хайр ивээл дор эрүүл энх өсөж торнин түмэн олондоо хүндтэй сайн хүн болохыг ерөөн бэлгэдсэн байдаг.

Тухайлбал хүүхдэд хандсан хэсэгт
Будаалга хуримыг хийхээр
Буянтай та нарыг цуглуулаад
Сая гарсан хүүгийнхээ
Сайн сайхныг ерөөж бүхийд
Эрдэнэт хүний биеийг олсон
Эрхэм хүүхдийн алдрыг дуурсган … хэмээн эхлээд бяцхан хүүхдийн эрүүл энх өсөж торних тухайд

… Хоёр насыг ч хурнэ дээ
Хонгор даахь нь ч ургана даа
Алаг хоёр нүдээрээ
Аав ээжээ таньдаг болно …

… дөрвөн насыг ч хүрнэ дээ
Дөт саахалтаар ч гүйдэг болно
Ахиж дөхөж тав хүрээд

…. Ажлын нэмэртэй ч болно …
гэж шүлэглэн улмаар том болсон хойноо ажил эрдэмд суралцан
Эх, эцэгтээ энэрэлтэй
Элгэн садандаа түшигтэй
Эх орондоо гавьяатай
Энэ дэлхийд нэртэй
Эрхэм сайи хүн болохын
Эетэй сайхан ерөөлийг
Энд дэвшүүлж айлтгая гэж түүний ирээдүйг бэлгэдэн ерөөж төгсдөг байна. Энэ бол бяцхан хүүд хандан хэлж буй хамт олны захиас төдийгүй, ямар хүнийг сайн хүн гэж үздэг тухай Монголын ард түмний үзэл бодлын илэрхийлэл юм.

Мэдээллийн эх сурвалж: “Монголын үндэсний биет бус соёлын өв” ном.


URL:

Сэтгэгдэл бичих