Ж.Батсуурь: Бүрэлдэхүүнээ солих гэж байгаа бол саналаа ил, тод тавих хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа. Тэрээр өнгөрсөн зуны амралт, ажлынхаа тухай болон удахгүй эхлэх намрын ээлжит чуулганаар хийх ажил Засгийн газрын бүтцийн талаар ийн ярьж байна.
-Ерөнхий сайд танхимдаа өөрчлөлт хийж, зарим сайдаа сэлгэнэ гэж мэдэгдсэн. Засгийн газрын шинэ бүтэц ямар байвал өнөөгийн байдалд тохиромжтой вэ?
-Саяхан нэг хэвлэлд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд газар тариалан мэддэг нэг ч дарга байхгүй талаар бичсэн байна. Ийм эмгэнэлтэй байж болохгүй. Тиймээс Засгийн газар чадварлаг, цомхон, шуурхай байх ёстой. Хуулийг хэрэгжүүлдэг ажлыг зохион байгуулагч нь Засгийн газар өөрөө. Засгийн газар бүтцийн хувьд анхнаасаа бүлэглэл, фракцуудад эсвэл хэн нэгэнд тохируулж тэрэнд нь энэ сайдын суудлыг өгье гэсэн байдал хэрхэвч байж болохгүй. Монгол Улс газар нутгийн хувьд том ч хүн ам цөөтэй. Салбараа мэддэг, олонд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг ажиллуулах ёстой. Сайд нь мэргэжлийн хүн байдаг ч сүүлийн үед газрын дарга бусад албан тушаалтнаа улс төрийн оролцоотойгоор бүрдүүлж, томилдог байдал ажиглагдаад байна. Мэргэжлийн байхаас гадна мэргэжлээрээ салбартаа хүлээн зөвшөөрөгдтөл ажилласан байх нь чухал юм шүү. Ийм хүмүүсээр багаа бүрдүүлж чадвал салбар өөрөө зөв болно. Хууль дүрэм нь хэрэгжихэд хялбар байх юм. Ер нь хууль хэрэгжихгүй байгаа хоёр үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, хуулийг үл тоодог. Хоёрдугаарт, хуулийг хэрэгжүүлэх арга замыг нь тооцож үзээгүй, тоцоо судалгаа муутай байна. Хэрэгжүүлэх боломжгүй хууль гаргачихаад олон жил улс орныг алдаа завхралд хүргэсэн жишээ олон бий.
-Хэрэгжих боломжгүй гэхээр ямар хуулийг хэлж байна вэ?
-Уул уурхайн салбартай холбоотой асуудлыг хэлж болно. Аливаа улс орон өөрийнхөө давуу талд тулгуурлан хөгжих ёстой. Байгалийн баялгаа ашиглах ёстой. Гэхдээ зөв ашиглаж, нөхөн сэргээлтээ хийх хэрэгтэй. Үүнийгээ хуулиараа зохицуулж, зөв хийгээгүйн улмаас өнөөгийн эмгэнэлд хүрч байна. Эцэст нь улс орон өөрөө ганцаарддаг, гадны хөрөнгө оруулалт байхгүй болдог. Монгол Улс техник, технологи, химийн үйлдвэрлэл хөгжөөгүй орон учраас гадны тусламж, дэмжлэг, тэдний техник технологи дээр тулгуурлахаас өөр аргагүй. Бодит үнэнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Цэцэрлэгийн жижиг барилга барих тендер авсан компани хойш, урагш хил гараад явж байна. Ойлгомжтой шүү дээ, тоног төхөөрөмж, материал оруулж ирэх гээд тэр. Тиймээс өнөөдөр хамаарлаа зөв ойлгож явах хэрэгтэйг санаж явах нь зүйтэй.
Үүнтэй холбоотой хэлэхэд хоёр хөршийн Төрийн тэргүүнүүдийн айлчлал ямар ч байсан үр дүнгээ өгнө. Харин хүлээсэн үүргээ бид ягштал мөрдөж, биелүүлж, хүндэтгэлтэй хандаж чадвал өгөөжтэй байна. Монгол, Оросын 50:50 хувийн хөрөнгө оруулалттай УБТЗ байна. Монголросцветмет нэгдэл, “Эрдэнэт” үйлдвэр байна. Эдгээрийг техник технологийн хувьд богино хугацаанд шинэчлэнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлсэн. Энэ бол том амжилт. УБТЗ Монголын хөгжил, дэвшилд маш их үүрэг гүйцэтгэсэн. Шинэчлэгдээд, хос замтай, цахилгаан галт тэрэгтэй болж чадвал цаг хугацаа хэмнэх, ачаа зорчих эргэлтийг сайжруулах боломж бүрдэнэ.
-Одоогийн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орохоор МАН, АН хамтарч бүрдүүлнэ гэх юм. Танай намынхан энэ тухай ярилцсан уу?
-Олонх болсон нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Гэхдээ манайд тогтолцооны нэлээд хэдэн гажиг байгаа. Сонгуулийн систем, парламентаа бүрдүүлж байгаа байдал, байнгын хороодын ажил үүргийн хуваарилалтыг цэгцлэх шаардлагатай. Нэгэнт олон суудал авсан нам анх Засгийн газраа “Шударга ёс” эвсэл, Ногоон нам, бие даагчидтай хамтраад байгуулсан. Гэвч энэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг солих шаардлагатай гэж үзэж байгаа бол өөрсдөө саналаа ил, тод тавих хэрэгтэй. Асуудлыг яаж тавьж, өрнөхийг тааж мэдэхгүй. Одоохондоо ийм асуудал тавиагүй учир бүлэг, намын төвшинд яриагүй байна. Ер нь улс орны эрх ашгийн төлөө ямар ч нэгдэл, ойлголцол байж болно гэж онолын хувьд хувь хүнийхээ зүгээс үзэж байна. Өнөөдрийн нөхцөл байдалд ямар гарц байгаа талаар шуурхай ажиллаж, үр дүнд богино хугацаанд хүрч ард иргэдийг ажлын байртай, амьдрах боломжтой болгох нь туйлын зорилго юм.
-Сонгуулийн жил талдаа орлоо. Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөнөөр дараагийнх нь үр дүнтэй ажиллана гэсэн баталгаа, хугацаа байна уу?
-Үе үеийн салбарын сайдууд одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд байна. Тэгэхээр ажлын туршлага дадлагатай болж, хөгжлийнхөө гарцыг олж харж байгаа гэж бодож байна. Тиймээс Засгийн газар солигдохоор бүтэхгүй, солигдохгүй бол бүтнэ гэдэг зүйл огт байхгүй. Япон, Швейцарь гэхэд Засгийн газар нь хэд хэдэн удаа солигдож л байдаг. Ард түмний эрх ашгийг хамгийн эхэнд тавьж аль нам эвсэл хамтраад ажиллах шаардлага байна, түүнийг харгалзах хэрэгтэй.
-Та энэ зун тойрогтоо хэр ажиллав. Сумын ойн баяр олон болох шиг боллоо?
-Дорноговь аймгийн 14 сумын 12 нь энэ жил ойгоо тэмдэглэлээ. Ойн арга хэмжээнүүдэд оролцсон. Аймаг, сумдын удирдлагуудтай хамтарч ойгоо аль болох бүтээлч байдлаар угтаж, тэмдэглэхийг хичээж ажиллалаа. Энэ зун арав гаруй суманд ажилласан. Ойд оролцонгоо албаны ажлаа амжуулан иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонссон. Ялангуяа, баталж гаргасан хуулиуд бодит амьдралд хэр хэрэгжиж байгаа талаар иргэд, хөдөлмөрчдийн санал бодлыг сонслоо.
-Танай тойргийнхон голдуу ямар санал гомдолтой байна вэ. Алслагдсан сумдын цахилгааны асуудлыг нэлээд ярьдаг байх аа?
-Цахилгааны асуудлыг иргэд их ярьж байсан. Сумдын онцлогоос шалтгаалан янз бүрийн хүндрэл, бэрхшээл бий. Тухайлбал, Мандах, Хатанбулаг суманд эрчим хүчний байнгын эх үүсвэр тааруу байдаг. Манай эрчим хүчний салбарынхан сүүлийн арав гаруй жилд сэргээгдэх эрчим хүч, салхины цахилгаан станц байгуулж эрчим хүчээр хангах талаар маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан. Гэвч энэ ажил төдийлөн үр дүнгээ өгч чадсангүй. Учир нь тогтмол эрчим хүчээр хангагдаж чадахгүй байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд нар, салхины эрчим хүчийг хослуулан эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгоно гэж тооцоолж байсан. Хатанбулаг суманд өмнө нь Өмнөговийн нэг суманд ашиглаж байсан нарны цахилгаан станцыг буулгаж авчирч нар салхийг хослуулан ажлуулах боломжтой гэж үзэж байсан. Ингээд тодорхой хэмжээний цаг хугацаа, хөрөнгө зарцуулсан боловч дорвитой үр дүнд хүрээгүй. Уг нь энэ хоёр сумыг эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгох талаар найдаж байсан. Гэвч сүлжээгүй газар нар салхины эрчим хүчийг бий болгоод байнгын эрчим хүчээр хангана гэж байхгүй болсон. Эцэст нь Засгийн газар, салбарын яам болон холбогдох газарт асуудал тавьсны хүчинд дээрх сумдыг цахилгаан дамжуулах шугамтай болгох шийдвэр гарсан. Мандах сумын ойролцоо МАК компани “Цагаан суварга”-ын зэсийн ордыг ашиглах үйлдвэр барьж байгаа. Үүнтэй холбоотойгоор Засгийн газартай тохиролцож хэлэлцсэний дагуу цахилгаан дамжуулах шугам Мандах сум руу барихаар боллоо. Хатанбулаг сумын хувьд аймгийн төвөөс алслагдмал. Наана нь байрлах Хөвсгөл суманд бага хүчин чадалтай шугам очсон учраас түүнээс цааш шугам тавих боломжгүй болсон. Харин Зүүнбаянгаас цахилгаан дамжуулах шугамыг барих талаар Засгийн газар, салбарын сайд энэ зунжингаа ярьсан. Ингээд Засгийн газрын хуралдаанаар дөрвөн тэрбум гаруй төгрөгөөр эрчим хүчний салбарын зүүн бүсийн цахилгаан түгээх сүлжээг мэргэжлийн компаниудтай хамтарч байгуулах асуудлыг батална. Барилгын ажлыг энэ ондоо эхлүүлэх юм.
-Удахгүй эхлэх УИХ-ын намрын чуулганы үеэр ямар хуулийн төсөл дээр түлхүү ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Бид өмнө нь ярилцаж байгаад Нийгмийн даатгалын тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай багц хуулиудыг өргөн барьсан. Мөн алслагдсан бүс нутаг говийн нэмэгдлийн асуудлыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамтран өргөн барьсан. Гэвч энэ асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй. Шийдвэрлүүлэхийн төлөө үргэлжлүүлээд ажиллана. Одоогийн байдлаар эмийн асуудал маш төвөгтэй болоод байна. Миний бие Нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагддаг учраас эрүүл мэндийн салбарын сайд хүмүүстэй анх энэ асуудлаар ярьж байлаа. Тэд тодорхой асуудлаар хуулийн төслийг Засгийн газраар дамжуулж өргөн барина гэж бодож байна. Мөн Л.Эрдэнэчимэг гишүүний өргөн барьсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй танилцсан. Одоо өргөн барьсан хууль нь Суруулийн өмнөх боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулаад шийдэж болох асуудал. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй. Бид Газрын тухай багц хуулийн талаар их ярьсан. Ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд ард түмний эрх ашигт нийцээгүй нэлээд заалт байсан учраас бид асуудал хөндсөн. Засгийн газар ч хуулиа татаж авсан. Ямар ч байсан хуулиа өөрчлөөд өргөн барих байх. Ер нь шинэ хууль үйлдвэрлээд энэ нь, тэр нь болохгүй байна гэж их шүүмжилдэг. Богино хугацаанд олон дахин өөрчлөлт хийгээд байхаасаа илүү байгаа хуулиа бүхий л шатанд мөрддөг болвол ард түмний амьдрал сайжирна.
-Тэгвэл хуулийн хэрэгжилтийг сайжруулахад юуг анхаарах хэрэгтэй байна вэ?
-Хууль хяналтын байгууллага, хүчний байгууллагуудын хооронд их маргаан үүсч байна. Гол шалтгаан нь шат шатандаа хуулийг ягштал сайн мөрдөж чадахгүй байгаагаас болдог. Одоо асуудал үүсээд байна, хөрөнгө мөнгө байхгүй гэж ярихаасаа илүү хуулиа биелүүлдэг болж чадвал ард түмэн сайн сайхан амьдрах, хөгжил дэвшилд хүрэх боломж бий. Түүнээс хуулиа хэрэгжүүлдэггүй, дур сонирхлоороо, ямар нэг эрх ашгаараа бүлэглэл үүсгэж хуулийг байнга өөрчлөөд байвал цаашаа огт явахгүй. Ер нь гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа зарим нэг шалтгаан нь бид хуульгүй юм шиг аашилдаг байдлаас болж үндсэндээ гадныхныг үргээж, жигшээж байна. Үүний зэрэгцээ асуудлыг нь шийдэхгүй цаг хугацаа алддаг зэрэг хариуцлагагүй байдлыг дурдаж болно. Үүнд төрийн байгууллагууд ч анхаарах хэрэгтэй.
Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: