Засгийн газар иргэдээ “хакерджээ”
“Викилийкс” сайт Монгол Улсын тухай ээлжит дуулианаа нийтэлжээ. Улс орны засаг захиргааны үйл ажиллагаатай холбоотой нууц баримтуудыг ил болгодог тус сайт Монгол Улсын Засгийн газар цахим ертөнцийг хянадаг тухай баримтыг илчилсэн байна. Засгийн газар FinFisher олон улсын интернет, онлайн ертөнцийг хянах систем зохион бүтээж, худалддаг байгууллагад хандаж, их хэмжээний мөнгө төлжээ. Тодруулбал, FinSpy, FinFly USB, FinUSB Suite, FinFly ISP, FinIntrusion Kit, FinFireWire, FinFly LAN, FinFly Web зэрэг программ хангамжийн системийн лицензийг 16 удаагийн давтамжтайгаар худалдан авахдаа нийт 1.358.160 евро төлсөн байна. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 3-нд FinSpy программын төлбөрт 723 мянган евро өгчээ.
FinFisher буюу FinSpy программ нь “Гамма”-гийн хяналтын программ аж. Анти-вирусд өртдөггүй, хянаж тагнах зориулалтаар Германы улсын хэмжээнд хэрэглэгдэж байсан. Тус программын тусламжтайгаар таны компьютер руу нэвтэрч бүх зүйлийг хийж болохоос гадна, гар утасны яриаг давхар чагнах, мессенжерийн текстийг давхар унших, email хаяг руу нэвтрэх боломжтой. Энэ зун иргэдийн мессенжер устаж, гэнэт нээгдэхээ больсон талаар цахим ертөнцөд жиргэж байсан билээ. Магадгүй дээрх программтай холбоотой байж мэдэх аж. Учир нь таны email-д тоон мэдээлэл явуулахад л хангалттай гэнэ. Тэр Имэйл-ийг нээсэн бол таны хувийн мэдээлэл бусдын гарт орсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, танд нууц гэж байхгүй. Хоролмоотай шөнө, өдөргүй нөхөрлөж буйгаа ойлгох хэрэгтэй болно.
Манай улс 2010 оны есдүгээр сарын 1-нээс дээрх программыг ашиглаж эхэлжээ. Герман, Франц, Португали, Орос Араб, Англид хууль сахиулах болон тагнуулын байгууллагад мэдээлэл цуглуулахад хэрэглэгддэг дээрх программ компьютерийг хяналтандаа авах, тэр ч байтугай шифрлэгдсэн мэдээлэл, харилцаа холбоо барих чадвартай талаар албаныхан тодотгосон.
Дэлхийн таван тивд серверүүд ажилладаг дээрх программыг ашиглаж байгаад баригдсан хэд хэдэн жишээ бий. Тухайлбал, Этиопийн засгийн газар нь сөрөг хүчнийхэндээ өгөөш тавих байдлаар тус программыг ашиглаж байсан аж. Түүнчлэн “Викийликс” сайт 2008 онд АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Сара Пэйлингийн хувийн yahoo Имэйл хаягт нэвтэрч захиануудыг дэлгэсэнээр тэрбээр сонгуульд өвдөг шороодсон юм. Мөн 2009 онд Английн их сургуулийн Цаг уурын судалгааны багийн эрдэмтдийн харилцдаг Имэйлийг олонд ил болгож, тэдний судалгааны материал, өгөгдөл нь хуурамч эсвэл хэн нэгэн зохиосон болсон нь батлагдсан удаатай.
Америк болоод нөлөө бүхий улсуудын гадаад бодлогын нууцыг ил болгосон далд айлчлал, нууц уулзалт, хуйвалдааны тухай 250 мянга гаруй мэдээ баримтыг нийтэд дэлгэж байсан тус сайтынхан өмнө нь Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар тэргүүтэй нөхдүүд БНАСАУ-ын төлөөлөгчидтэй нууц уулзалт хийсэн тухай мэдээллийг нийтэд ил болгож байсан билээ. Мөн Канадын Худалдааны сайдын Монголд айлчилсан талаарх, тэрбээр Монголын улстөрчидтэй хэрхэн харилцсан, ямар дүгнэлт хийгээд буцсан талаар бичиж байв. Улмаар Канадын тал Ерөнхий сайд асан С.Баяр, Гадаад хэргийн сайд асан С.Оюун, Үйлдвэр худалдааны сайд асан Х.Наранхүү нарт талтайг илчилсэн.
Харин энэ удаад ил болгосон дээрх дуулиан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн хуульчид онцлов. Юутай ч HelpDesk буюу уг програмтай холбоотой хүндрэлүүдийг шийдэхэд тусалдаг газартай холбогдсон хүмүүсийн захианууд ил тавигдаж эхлэхэд түүн дотор odmagnai гэгч нөхөр, gmail хаяг руу халдах кодтой хавсаргасан захиа илгээгээд бүтэлгүйтсэн талаараа учирлаж, тусламж гуйсан байдаг.
URL: