Тарваган тахал болохыг тогтоожээ

тахалӨвөрхангай аймгийн Сант сумын 15 настай хүүхдээс тарваган тахлын залгиур хоолойн хэлбэрээр өвчилсөн болохыг эмнэл зүйн шинж тэмдэг, лабораторийн шинжилгээгээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яам хэвлэлийнхэнд мэдээллээ. 15 настай М нь энэ сарын 3-нд тарваганы түүхий давсаг залгисан байна. Мөн түүний аав тарваганы хүн мах, ээж нь цөсийг түүхийгээр залгиж, махаар нь боодог хийж идсэн бөгөөд маргааш нь хүү халуурч, хоолой нь өвджээ. Өвчтөн сургуулийн сурагч байсан учир олон хавьтагчтай байсан тул сумын Засаг даргын захирамжаар сумын төвд өнгөрсөн баасан гаригт хөл хорио тогтоож, нэгдүгээр хавьталтай 62 хүнд иж бүрэн үзлэг хийж, тусгаарлан сэргийлэх эмчилгээнд хамруулсан аж. Өнөөдрийн байдлаар эдгээр хүнээс өвчний шинж тэмдэг илрээгүй байна. Хөл хорионы эцсийн хугацаа өнөөдөр дуусна.

Иргэд хууль зөрчин, хориотой ан хийж махыг нь борлуулсан. Хууль бусаар агнасан амьтны махыг боловсруулалгүй хэрэглэсэн, түүнийг эрүүл мэндийн байгууллагад хэлэлгүй нууснаас олон хүнийг аюулт халдварт өвчин гарснаас сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасалдахад хүрчээ. Мөн голомтыг хяналтад авах, халдвар тархахаас сэргийлэхэд хүн хүч, техник, тоног төхөөрөмж олноор дайчлан их хэмжээний мөнгө зарцуулсан аж. Тухайлбал, Сант суманд гарсан тарваган тахлын голомтын арга хэмжээнд Өвөрхангай аймаг 51 сая, Зоонозын өвчин судлалын үндэсний төв 5.7 сая төгрөг зарцуулжээ.

Иймд иргэд эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөгөө, санамжийг биелүүлж, аливаа эрсдлээс өөрийгөө болон гэр бүл, найз нөхөд, хөршүүд, хамт олноо сэргийлэн хууль дүрмээ сахих. Тарвага агнахыг хуулиар хориглосон ийм үед хууль бусаар агнах, махыг нь зарж борлуулах, худалдаж авахгүй байхыг Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.

 

Н.Даян /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих