“Ерөнхий сайд үнэнд гүйцэгдлээ”

527-1410498081ce9e4734d340748greatЗасгийн газар өдгөө 16 яамтай. Энэ дунд чиг үүргийн давхардалтай яам нэгээр тогтохгүй байгааг хэлж, шүүмжлэх нь ч цөөнгүй бий. Энэ талаар УИХ дахь сөрөг хүчний зүгээс ч удаа дараа шүүмжилж, төрийн данхайсан бүтцийг цөөлөх хэрэгтэй хэмээн шаардаж байсан удаатай.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэ долоо хоногийн эхээр ард иргэддээ хандан, мэдэгдэл хийхдээ “Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, чиг үүргийн давхардлыг арилгах асуудлыг намрын чуулганаар өргөн мэдүүлэх болно” гэсэн нь улс төрийн хүрээнийхний гол сэдэв болоод байгаа билээ.

Өөрөөр хэлбэл, яамдын тоог цөөлөх нь зөв гэж үзсэн нэг хэсэг байгаа бол чиглэл нэгтэй яам байх нь зөв гэж үзэх хүн ч байна. Харин Ерөнхий сайдын мэдэгдэлд дурдсанчлан яамдын тоог цөөлөх нь зөв эсэхэд УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

Ж.Батзандан: Ерөнхий сайд маань үнэнд гүйцэгдлээ

-Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийхдээ Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна гэдгээ хэлсэн. Үүнийг бид сайшаан, дэмжиж хүлээн авч байна. Миний бие УИХ-ын гишүүний хувьд данхар, үрэлгэн захиргааны бүтэцдээ өөрчлөлт оруулаач гэдэг шаардлагыг жил зургаан сарын өмнө Ерөнхий сайдад хүргүүлж байсан.

Амаар болон бичгээр энэ хүсэлтээ илэрхийлсэн удаатай. Ямар ч байсан Ерөнхий сайд маань жил зургаан сарын турш асуудлыг шийдэлгүй явж ирсний эцэст үнэнд гүйцэгдлээ.

Энэ намрын чуулганаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн төдийгүй захиргааны шинэчлэлийн асуудлыг нухацтай авч үзэх ёстой гэж би хувьдаа бодож байна. Харин Засгийн газрын үйл ажиллагааны үнэлэлт дүгнэлтийг УИХ, УИХ-ын байнгын хороод өгөх байх. Тэр үед нь би хувийн байр сууриа илэрхийлнэ.

З.Баянсэлэнгэ: Яамдын чиглэл давхардалтай байгаа нь харагддаг

-Яамдын тоог нэмээд тодорхой амжилтад хүрч чадсан уу үгүй юү. Тухайн үед хүмүүс үүнийг хэлбэр төдий л харж байсан. Яамдын тоог олшрууллаа. Бүтэц орон тоог нэмэгдүүллээ гэж шүүмжилж байсан.

Уг нь яамдын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, чиглэлийнх. нь дагуу байгуулах нь оновчтой шийдвэр байсан. Яамд хэдий өөр өөр чиглэлтэй ч нэгдсэн байр суурьт зангидагдах ёстой. Гэвч зарим яамны үйл ажиллагааны чиглэл давхцаж байгаа нь УИХ дээр салбарын хуулиуд орж ирэх үөд анзаарагддаг.

Ямар ч байсан Засгийн газар мөрөө эргэж хараад засч залруулах зүйл байна гэдгийг олж харсан байх гэж бодож байна. Тиймээс яамдын бүтцэд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа.

Р.Бурмаа: Ерөнхий сайдтай ч бас асуудлыг ярих ёстой

-УИХ-ын хувьд Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй л харилцаж, ярина. Тэр утгаараа хариуцлагыг Ерөнхий сайдтай ч бас ярих ёстой. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах, зарим сайдаа солих эсэх талаар Засгийн газрын тэргүүн өөрөө хариулах байх.

Бидний хувьд Ерөнхий сайдын ажилд дүгнэлт өгөх ёстой. Үүнийг УИХ-ын намрын чуулганаар даруй хийх байх гэж бодож байна. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног өнгөрсөн. Үүний дагуу ямар ажил хийсэн юм.

Үнэхээр энэ ажлаа чанартай, сайн хийсэн үү гэдэг дээр ярина. Тухайлан аль нэг сайдын асуудлыг ярихгүй. УИХ-ын хувьд Ерөнхий сайдын ажилд дүгнэлт егөх ёстой. Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд холбогдох бүх хууль, дүрмийг нь УИХ-аас баталж өгсөн.

Тэгэхээр энэ чиглэлээр Засгийн газар хэрхэн, яаж ажиллаж байгаагаа УИХ-д тайлагнаж, УИХ түүнд нь дүн тавих ёстой. Бид энэ Засгийн газрын ажил бүтцээсээ болоод, эсвэл хэн нэгэн сайд, Засгийн газрын гишүүнээс болоод сайн явахгүй байна гэдэг дүгнэлт хийхгүй.

Х.Болорчулуун: Бие даагчид яамдын тоог цөөлөхийг дэмжиж байгаа

-Шинэчлэлийн Засгийн газрын бүтэц хэт данхайсан гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Түүхэндээ анх удаа 17 сайдтай Засгийн газар байгуулчихаад байна шүү дээ. “Олдвол өлдөнө” гэдэг шиг л зүйл болж байна.

Яагаад гэвэл Засгийн газрын олон сайд нар хоорондоо эрх мэдлээ булаацалдах, эрх үүргийн давхцлаас болж үл ойлголцол үүсч байна. Нэг яам байсныг хоёр яам болгочихсон. Яамдад бүтцийн давхардал бий болчихоод байна гэсэн үг.

Ялангуяа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам гээд сонин бүтэцтэй яам бий болчихсон. Уг нь аль ч улс оронд Хөдөө аж ахуйн яам тусдаа байдаг. Хөдөө аж ахуй гэдэг өөрөө маш том салбар шүү дээ. Аль ч улс оронд бараг үндэсний аюулгүй байдалтай холбогддог салбар. Тийм учраас тусдаа байдаг. Гэтэл манайд    үйлдвэрлэлтэй нь холбочихсон.

Тэгэхээр үйлдвэрлэлийн салбарыг Хөдөлмөрийн яамтай ч юм уу холбож болно шүү дээ. Ер нь бие даагчдын зөвлөл яамдын тоог багасгах хэрэгтэй гэдэгдээр санал нэгтэй байгаа. Ерөнхий сайдын тавьсан асуудлыгзөв зүйтэй гэж бодож байна.

Б.Болор: Аль нэгэн сайдад хариуцлага тооцохгүй байх

-Миний хувьд ойлгохдоо ямар нэгэн байдлаар, аль нэгэн сайдад хариуцлага тооцно гэхээсээ илүү бүтцээ илүү оновтой болгож, үүнийхээ дагуу Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох юм байна гэсэн ойлголт авсан.

Би хувьдаа хаврын чуулганы төгсгөлд бид эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд ч бүтцийн асуудлыг оновчтой болгох шаардлагатай гэдгийг ярьж байсан. Ер нь гол өөрчлөлт, шинэчлэл хийх ажлуудын эхлэл, суурь тавигдсан учраас өнөөдөр Засгийн газар ийм нүсэр бүтэцтэй ажиллах шаардлага байхгүй гэдэгтэй санал нэгдэж байгаа.

Бусад нам, эвслүүд ч бас санал нэгдэж байгаа байх. Бүтцэд өөрчлөлт орохоор мэдээж бүрэлдэхүүнд өөрчлөлт орж таарна. Түүнээс биш аль нэгэн сайдад хариуцлага тооцно гэсэн утгатай үг хэлээгүй байх гэж бодож байна. Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд миний хувьд ямар ч байсан 3-4 яамыг нэгтгэх боломжтой гэж харж байгаа.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих