Цаг хугацаа намайг хүлээхгүй учраас уралдаад л ажиллах ёстой

522598_134056163439816_1479764217_nЭнэ удаагийн дугаартаа жүжигчин, МУСТА Б.Хулантай ярилцлаа. Хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрөөд байсан түүнтэй ийн ярилцсанаа хүргэе.

-Жүжигчин Хулангийн сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаас ярилцлагаа эхэлье. Энэ зуныг уран бүтээлийн арвин олз омогтой үдсэн байх шиг байна?
-Тэглээ, олз арвинтай зун болж өнгөрлөө. Ажилдаа их шургуу ороод байна. Ажлын саналууд ар араасаа орж ирж байгаад баяртай байгаа. Их сайхан байна. “Ээж ээ, надтай гэрлээч” кино маань өнгөрсөн сарын 15-нд нээлтээ хийсэн.

Харин энэ баасан гаригг “Миний ах атаман” кино нээлтээ хийх гээд бужигналдаад л байж байна. Мөн 50 ангитай дэлгэцийн уран бүтээлд саяхнаас орлоо. Яг одоо ажил ундраад л байж байна даа. Анх удаа олон ангит кинонд тоглож үзэж байна. Их сонирхолтой байгаа.

-Их уран бүтээлийн хажуугаар хуүхдүүддээ анхаарал хандуулах зав гарах юмуу. Бага хүү нь жаахан байх аа?
-Ажилдаа гүйгээд л, үр хүүхдүүддээ цаг заваа зарцуулаад л явж байна. Аль алийг нь орхигдуулахгүйг л хичээх юм. Бага, хүүхэд маань жаахан болохоор хүүхдүүдээ агаар салхинд ч гаргахыг хичээх юм. Ар гэр, ажил гээд аль алиндаа л их ажилтай явна даа.

-Хуланг манай уншигчид “Х-түц” продакшнаас гараагаа эхэлснээр сайн мэдэх байх. Энэ продакшнд ажиллаж байсан үеэ дурсвал?
-Оюутан байхдаа дадлага хийдэг шүү дээ. Тэгэхдээ л “X-түц” продакшнаа сонгож очиж байсан юм. Тухайн үед “Хориотой жүжиг” жүжгийг Ч.Найдандорж найруулагч тавьж байсан юм. Дадлагын оюутнууд бидэнд боломж олгож “Та нар энэ, энэ дүр дээр өөрсдөө чадна гэж бодож байвал дублёрдоод явж болно. Надад үзүүлж шалгуулж болно” гэж хэлсэн л дээ.

Тэгэхэд Хонгороо гээд дүр дээр нь “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг бид хоёр ажиллаж байлаа. Би ч өөрийнхөө хэмжээнд ажиллаад, бэлдээд л. Тэгээд найруулагчид үзүүлтэл намайг сонгосон. Тэгэхэд их баярлаж байлаа. Их сайхан санагдаж байсан.

Би чинь дадлагын оюутан болохоос биш үндсэн жүжигчин байгаагүй шүү дээ. Оюутан хүн дадлагаа хийнэ, тэгээд бүр дүр авна гэдэг их том боломж гэж санагдаж байлаа.

Жүжгээ тоглож туустал “Х-түц”-ийнхэнтэйгээ хамт тоглосон, их ч ойр дотно болсон. Тэд маань сургуулиа төгсөөд ирж ажиллах саналыг надад тавьж байлаа. Ингээд л би сургуулиа төгсөнгүүтээ яваад очсон. Энэ продакшндаа таван жил ажилласан даа.

-Тэгэхээр тайзны уран бүтээлийнх нь гараа “Хориотой жүжиг”-ээр тавигдсан гэсэн үг үү?
-Үгүй ээ. Өмнө нь нэгдүгээр курст байхдаа “Guys” хамтлагийн “Дурлал яг үлгэр шиг, үхэл шиг” жүжигт гол дүрд тоглож байсан юм. Мюзикл л дээ. Энэ миний анхны тайзны уран бүтээл байсан.

-Дунд сургуулийн сурагч байхдаа МҮОНТ-ийн хөтлөгчөөр нэлээд хэдэн жил ажилласан?
-Хүмүүс мэддэггүй байх / инээв/. Сурагч байхдаа МҮОНТ-ийн “Эх орны төлөө”, “Алхам” гээд хүүхдийн нэвтрүүлгүүд хөтөлдөг байлаа. Хүүхэд насны сайхан дурсамжтай үе минь юм даа.

-Нэвтрүүлэг хөтөлдөг байсан гэхээр хүүхэд байхаасаа л нүүрэмгий, нээлттэй охин байсан байх нь?
-Үгүй ээ. Үнэндээ тийм ч нүүрэмгийн, хөдөлгөөнтэй охин байгаагүй. Дуугүй л сууж байдаг охин байлаа. Одоо л хүмүүс намайг их өөрчлөгдсөнийг гайхаад байдаг юм. Магадгүй урлагийн сургууль намайг илүү задалж өгсөн байх.

Завсарлагаанаар хүүхдүүд шаагилдаад л гараад гүйж байхад би ширээн дээрээ л сууж байдаг байлаа. Гэхдээ их нийгмийн идэвхитэй хүүхэд байсан. Сургуулиас зохион байгуулсан бүх ажилд их идэвхитэй оролцдог байлаа.

-Тэгээд телевиэд хэдэн жил ажиллачихсан хүн сэтгүүлч юм уу, нэвтрүүлэгч мэргэжилд татагдсангүй юу. Яагаад урлагийн, тэр тусмаа жүжигчин мэргэжилд татагдчихав?
-Манай ээж хуульч мэргэжилтэй xүн байдаг. Багадаа ээжийгээ дуурайгаад хуульч болно гэж хэсэг ярьдаг л байлаа /инээв/. Ойр дотны хүмүүс маань надад телевизийн хөтлөгч байхад л чи дэлгэцийн хүн болбол их зохино гэж хэлдэг байсан юм.

Тэр үеэс л жүжигчин болно гэж шийдсэн дээ. Магадгүй миний оролцож байсан тэмцээн уралдаанууд ч их түлхэц болсон байх.

-Шинэ уран бүтээлийн санал хэр ирж байна вэ. Оролцох уран бүтээлээ сонгохдоо ямар шалгуур, шаардлага тавьдаг бол?
-Уран бүтээлч болгонд өөр өөрийн гэсэн онцлог байдаг байх. Тэр онцлогуудыг нь харж байж найруулагчид ч саналаа тавьдаг байх. Сүүлийн үед надад их сайхан санагдаж байна. Би чинь ажлаа хийлгүй хэсэг хугацаанд завсарлалаа шүү дээ.

Тэгээд эргээд ажилдаа оронгуут ажлын саналууд ирж байна. Харамсалтай нь тэр болгонд зөвшөөрч чадалгүй зарим нэгэнд нь татгалзсан хариу өгч байгаа. Өнгөрсөн өвөл “UBS music awards”-ыг хөтөлсөн шүү дээ.

Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд хошин урлагийнхны хамтарсан тоглолтод оролцоход хүмүүс эргээд уран бүтээлдээ орох гэж байгааг гадарласан байх.

-”Эмоци” продакшны сүүлийн тоглолтод оролцох гэж байгаад больсон. Яагаад?
-”Ээж ээ, надтай гэрлээч” киноны маань зураг авалт давхацчихсан. Тэгээд л хамт олноосоо уучлалт гуйгаад болихоос аргагүй болсон. Уг нь рекламныхаа зураг авалт, бүх юмандаа оролцчихсон, цацчихсан байсан.

Тоглолт эхлэхээс гуравхан хоногийн өмнө болих шийдвэрээ гаргасан. Харамсалтай л санагддаг юм. “Эмоци”-ийнхон маань өмнө нь хамт нэг продакшнд харьяалагддаг байсан, нэг гарын хүмүүс учраас намайг ойлгосон. Уг нь ажиллахад их дөхөм, сайхан хамт олон. Харамсалтай нь чадаагүй.

-Одоо тэгэхээр “Эмоци” продакшнд харьяалагдаж байгаа гэсэн үг үү?
-Үгүй ээ. Чөлөөт уран бүтээлч.

-Сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлүүдэд түлхүү ажиллаж байна. Тайзны уран бүтээлийн санап ирж байна уу. Тайзаа хэр санаж байна?
-Санаж байна шүү. Жүжигчин хүн бүр л тайзан дээр жүжигт тоглохыг хүсдэг, мөрөөддөг байх. Түүний нэгэн адил би ч жүжигт тоглох юмсан гэсэн бодол тээгээд л явж байна.

Одоохондоо жүжгийн санал хараахан ирээгүй. Киноны саналууд л ар араасаа ирж байна. Улирал нь ч тэгж таарч байгаа байх. Одоо бол зүгээр сууж болохгүй. Цаг хугацаа намайг хүлээхгүй. Тэгэхээр цаг хугацаатай уралдаад л ажиллах ёстой.

-Ажиглаад байхад Маша дандаа эерэг дүрд тоглох юм. Өөрийгөө эвдсэн, өөр өнцгөөс харуулсаг дүрд тоглохыг хүсдэг л байлгүй?
-Жүжигчин хүний уран чадварыг шаардсан, надаас гарах бүх л нөөц бололцоог шавхсан тийм дүр дээр ажиллаж үзмээр байна. Цаг нь болохоор тийм гоё дүрийн санал, зохиол ирэх байх гэж найдаж байгаа.

Хүмүүс надад санал тавихдаа дандаа л эерэг талаас нь хардаг шиг байгаа юм. Өөрийнхөө тоглож байсан, өөрийнхөө гаргаж байсан дүрүүдээс тэс ондоо, Хуланг маш өөр өнцгөөс харуулсан дүрд тогломосю байна. Залуу уран бүтээлчийн хувьд надад сурч мэдэх зүйл их байна. Удахгүй нэг л өдөр санал ирэх байх аа.

-Уран бүтээлээсээ хөндийрсөн хэсэг хугацаанд Хуланг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрээр л бичлээ. Энэ бүхэнд нэг ч удаа хариу өгсөнгүй, няцаалт хийсэнгүй. залхсандаа тэр үү?
-Өөрөөсөө ах хүнтэй суулаа, гадаадад амьдарч байна гээд бичиж л байсан. Би юунд хариулт өгөх юм бэ. Худлаа гэдгийг нь цаг хугацаа харуулаад өгөх юм чинь. Эхэндээ цочирддог л байсан.

Одоо ч дөжирчихөж дээ. Харин манай ээж надтай холбогдолтой бүх л зүйлүүдийг цуглуулдаг юм. Сайнаар ч тэр, муугаар ч тэр бичсэн, хэвлэгдсэн бүх зүйлийг хадгалчихсан байдаг /инээв/.

-Таны эгчийг дизайнер Б.Халиун гэдгийг хүмүүс мэдэх байх. Эгчтэйгээ хамтран ажиллаж байна уу. Дизайнер, жүжигчин хүмүүст хамтарч ажиллах ямар ямар боломж байна вэ?
-Уг нь бид хоёрын хоорондоо ярьсан зүйл байдаг л юм. Гоё гоё мөрөөдлүүд ч бий. Эгч маань өөрөө “Комсополитан” сэтгүүлдээ толгой өндийх завгүй шахам л ажилтай байх юм.

Би ч шинэ уран бүтээлүүддээ орж байна. Одоохондоо би эгчийн ажилд өөрийн чадах зүйлээр туслах, эгч миний улаан хивсний ёслолд өмсөх хувцсыг зөвлөдөг, сонголт хийж өгөх ч зэргээр л хамтарч байна.

-Яг одоо 50 ангитай дэлгэцийн уран бүтээлд ажиллаж байгаа гэлээ. Бас л эелдэг эмэгтэйн дүрүү?
-”Гэр” олон ангит киног бүтээсэн хамт олны хоёр дахь уран бүтээл. Их хөнгөн, инээдмийн кино.байгаа. Миний хувьд эмч эмэгтэйн дүрд тоглож байгаа. Бас л эерэг дүр.

-”Миний ах атаман” кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Киноны постерийг харахад оролцон тоглосон ганц эмэгтэй жүжигчин байх шиг байсан?
-Энэ кинонд ажилласан ганц эмэгтэй жүжигчин. Өмнө нь ийм action кинонд тоглож байгаагүй болохоор сонирхолтой байлаа. Энэ кинонд би хутгалуулаад үхэж байгаа.

Ямар сайндаа л манай ээж “Энэ үхдэг дүр чинь ямар аймаар юм бэ. Олон удаа үхэж тогловол муухай юм байна” гээд байх жишээтэй /инээв/.

А.Халиун

Эх сурвалж: Нийслэл таймс


URL:

Сэтгэгдэл бичих