“River stone”-ийг төлөөлж талийгаачийн гэрт очсон хүмүүс “манай дүүгийн компани сүйрчихлээ” гэж уйлж байгаад явжээ
Нарны гүүрний баруун урд талд баригдаж байгаа “River stone” орон сууцны хороолол дээр ажилалж байсан гурван иргэн энэ сарын 7-ны өглөөний 11.00 цагийн үед унаж, нас амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Уг орон сууцны хорооллыг “S DEVELOPMENT” ХХК-ийн захиалгаар “Бо Бэ констракшн” гүйцэтгэж байсан юм.
Ослын гол шалтгаан яалтачгүй хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй гэдгийг албаны болоод бусад эх сурвалжууд хэлж байна. Өөрөөр хэлбэл, уг барилга дээр ажиллаж байгаа ажилчид хөдөлмөр хамгааллын наад захын багаж хэрэгслээр хангагдаагүй, тэдэнд зааварчилгаа өгөх хөдөлмөр хамгааллын инженер ч байгаагүй байсан юм.
Хэрэг гарах үед хохирогчид барилгын гадна талын өнгөлгөөний засварын ажил хийн дүүжин шатаар явж байсан бөгөөд дүүжин шатны бэхэлгээ тасарч талийгаачид есөн давхараас доош унажээ.
Улмаар Чингэлтэй дүүргийн 12-р хороонд оршин суух туслах ажилтан 22 настай эрэгтэй А, Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд ошин суух туслах ажилтан, 18 настай, эрэгтэй О нар унаж газар дээрээ амиа алдсан бол Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд оршин суух, 23 настай О нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаад нас барсан юм.
Ийм харамсалтай хэрэг гарсаны дараахан талийгаач 23 настай О-гийн ар гэртийнхэнтэй “River stone”-ны захирлын төрөл садан очиж уулзсан аж. Гэвч тэд эмгэнэл илэрхийлж нөхөн төлбөрийн талаар ярихын оронд “Манай дүүгийн компани сүйрчихлээ. Ингээд л дампуурчихлаа шүү дээ. Дүү маань баларчихлаа” гэх мэтээр уйлж хашгичсан гэнэ. Бараг танай хүүхэд үхсэнээс болж манай дүүгийн компани сүйрэх дээрээ тулаад байна хэмээн үг чулуудаж эхэлжээ. Талийгаачийн ар гэрийнхэн энэ бүхнийг сонсоод “Та бүхэн хаанаас явж байгаа, юун хүмүүс вэ? гэж асуухад манай дүүгийн компани чинь ямар нэртэй билээ” гэх мэтээр доёолсон гэнэ. Улмаар та нарын хэн нэгэн утсаа өгвөл өгчих гэх мэтийн зүйл ярьчихаад яваад өгсөн талаар эх сурвалж хэллээ.
23 настай О гэгч талийгаачийн хувьд Их засаг их сургуулийн 4-р курсын оюутан юм байна. Тэрбээр хичээл нь хожуу эхлэх байсан тул сургалтынхаа төлбөрт нэмэр болох санаатай хэдэн төгрөг олохоор уг барилга дээр ажиллаж байжээ.
Талийгаачийн ар гэрийнхний хувьд тухайн компанид гомдолтой байгаад зогсохгүй эмнэлгийн ажилчдыг буруутгаад байгаа юм. Учир нь гурван залууг өндрөөс унаад цаг хиртэй болсоны дараа түргэн тусламжийнхан ирсэн аж. Энэ үед талийгаач залуу амьд байсан бөгөөд “энэ утас манай ахын дугаар” гээд утасны дугаар хүртэл өгчээ. Улмаар тэрбээр эмнэлэгт очоод 10 минут болоод амьсгал хураасан гэдгийг ар гэрийнхэн нь ярьж байна.
Харин захиалагч болоод захиалгаар орон сууц барьж байсан компанийн хувьд уг мэдээллийг хав дарж ажилчиддаа ч хэлээгүй байсан бөгөөд ажилчид нь хэрэг гардаг өдрийн маргааш ажлаа хийхээр компани дээрээ цугларч энэ явдлын талаар мэдсэн байна.
Харин хэргийн талаар Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэхдээ “Энэ барилгыг үйл ажиллагааг зогсоочихсон байсан. Зогсоочихсон байхад өөрсдөө дур мэдэн ажиллаж байсан” гэх зүйлийг ярьсан. Харин үүнийг сонссон иргэд мах их бухимдалтай байна. Ер нь мэргэжлийн хяналтын байгууллага ямар нэг хэрэг гарсаны дараа л энэ байгууллага зөрчилтэй байсан, үйл ажиллагааг нь зогсоосон гэх зүйл ярих юм. Тэгэхээр ийм хариуцлагагүй мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгах хэрэгтэй гэсэн шүүмжлэл жиргээчдийн дунд хүчтэй явагдаж байна.
Ер нь барилга барих гэж хүнээр тахил өргөж байгаа байдал хэрээс хэтэрлээ. Барилгын компаниуд хатуу хариуцлага, дүрэм журмын дор үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй байна. Энэ ослын өмнөхөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барьж буй “Хурд” грүппийн “Хүннү” хорооллын барилгаас 25 настай иргэн унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан билээ.
24tsag.mn
URL: