Э.Эрдэнэжамъян: Олон зүйл хийх боломж олдлоо
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяныг хоёр жилийн хугацаанд улс төрийн албан тушаал хашихгүй байх шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-Та дэд сайдын албан тушаалаа өгөх үү?
-Албан тушаалаа өгнө. Надад анх хэрэг үүсгэснээс хойш ийм зөрчил гарч ирэх нь гэж бодсон. Албан тушаалаа өгье гэж тухай бүрт нь намынхаа удирдлагууд болон Ерөнхий сайд, салбарын сайддаа тавьдаг байсан.
Өөрийгөө буруутай гэж үзсэн хүн огцордог, буруугүй гэж үзэж байгаа бол албан тушаалдаа байх ёстой гэж тэд надад хэлсээр өнөөдрийг хүрсэн юм.
-Шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа энэ хүмүүстэй уулзсан уу?
-Би өнөөдөр /өчигдөр/ Ерөнхий сайд, Х.Тэмүүжин сайд, Шадар сайдтай уулзаж албан тушаалаа өгөх тухайгаа хэлсэн. Албан бичгээр хүсэлтээ өгчихнө.
-Таны улс төрийн карьер хоёр жил хаагдсан гэж ойлгох уу?
-Шүүхийн шийдвэр бодож байснаас өөр гарлаа. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхээс илүү Дээд шүүхээс ханатай шийдвэр гаргах болов уу гэж харж байсан. Улс төрийн үзэл бодлоо илэрхийлж, олон улсын байгууллагад захиа бичих ёстой журмын дагуу бичсэний төлөө ял авч байгаа нь хаа ч байхгүй жишиг. Өгсөн ял нь ч гэсэн улс төрийн албан тушаал хашихгүй гэснийг нь ойлгохгүй юм. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн байх. Монголд анх удаа гарсан шийдвэр болов уу. Өмнө нь хэзээ ийм шийдвэр гарч байсныг бүү мэд. Харин төрийн албан тушаал хаших эрхийг хасдаг тохиолдол бий.
-Улс төрийн албан тушаал хашихыг хориглосон заалт ямар хуульд байдаг вэ?
-Ямар ч хуульд байдаггүй. Тодорхой ажил, албан тушаал эрхлэхийг хориглох заалт бий. Жолоо барих, нягтлан бодох эрхийг түдгэлзүүлж болдог. Харин улс төрийн албан тушаалыг өөрөөс нь салгаж болохгүй эрх. Шоронд байгаа хүн ч улс төр хийж, байр сууриа илэрхийлэх эрх чөлөөтэй.
-Энэ сэдэв удаан үргэлжилсэн. Улс төрийн хэлмэгдүүлэлт гэж олон хүн байр сууриа илэрхийлсэн байна лээ. Танд өөрийгөө зөвтгөх ямар шалтгаан байна?
-Ганцхан намайг биш, хууль шүүхийн байгууллагууд дуртай хүнээ шалгадаг, дуртай хүнээ цэвэрхэн аваад гарчихдаг тогтолцооны илрэл юм. Эрх мэдэлтний дургүйг хүргэсэн хэн ч байсан шоронд ороход бэлэн болчихжээ. Ерөнхий прокурор гэхэд л хамгийн идэвхтэй улстөрждөг, Цагдаагийн дарга нь улстөрч байна. Шүүх ч гэсэн улстөржсөн. Шударга ёс, Үндсэн хуулийн зарчим ч яригдахаа больжээ. Ер нь дээрээс удирддаг болсон байна.
-Таныг МАХН дэд сайдад нэр дэвшүүлж, Засгийн газраас томилсон улс төрийн албан тушаалтан. Тэгэхээр энэ тухай намынхаа удирдлага, даргатайгаа мэдээлэл солилцсон уу?
-Намын даргатай мэдээлэл солилцох боломж сүүлийн жил гаруйн хугацаанд гараагүй. Бараг хагас шоронжсон хэлбэртэй амьдарлаа. Дэд сайд болсноос хойш гадаад руу ч явсангүй.
-Цаашаа ямар гарц байна вэ?
-Өөрийгөө цагаатгах боломж бий. Гэхдээ ийм том тогтолцоотой үед боломжгүй байх.
-Харамсалтай байна уу. Хоёр жилийн турш олны анхааралд байсан хууль зүйн шинэчлэлийг та хийлцэж байгаа шүү дээ?
-Харамсаж, гуних шалтгаан алга. Сэтгэл зүйн бэлтгэл эртнээс бий болсон. Заавал улс төр хийж, сайд, дарга хийх нь гол биш шүү дээ.
-Ер нь танай яам болон сайд, дэд сайдыг зүгээр байлгасангүй. Хэцүү байв уу?
-Мэдээж амархан ажил гэж сонгоогүй шүү дээ. Хэцүү зүйл их байсан. Хууль зүйн салбарт бодсон шинэчлэл маань хийгдэж үр дүнд хүрсэнгүй. Сайд сайхан хууль санаачлаад нэмэргүй, харин хүний сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэйг ойлголоо. Улстөрчид өөрсдөө төлөвшөөгүй, нөгөө талаар тогтолцооны гажуудал ч байна. Хоёр жил ажиллаж, улс төрийн гал тогоонд байгаагийн хувьд юуг өөрчилж, хаанаас эхлэх ёстой тухайд санаа олж авлаа.
-Жишээ нь юуг өөрчлөх ёстой гэж?
-Хүний сэтгэлгээг өөрчлөх ёстой. Хэчнээн сайхан хууль гарлаа гээд байдал өөрчлөгдөхгүй байна.
Улс төрийн албан тушаалд томилогдож буй, томилж буй хүмүүсийг сонгуулийн тухай хуулиас эхлээд зохицуулах хэрэгтэй юм байна. Сонгуульд оролцож баахан хүмүүс гарч ирдэг, амлалт өгдөг, гарч ирснийхээ дараа байр сууриа олон жил хадгалах гэж үздэг тогтолцоо нь өөрийгөө тойрон хүрээлэгчид, хамгаалалт үүсгэдэг, өрсөлдөгчөө дардаг юм байна. Тиймээс ийм байдлыг бугшуулах хэрэггүй.
-Та намдаа албан тушаал хашдаг бил үү?
-Гүйцэтгэх товчооны гишүүн.
-Хоёр жилийн турш намынхаа ажилд оролцохгүй гэсэн үг үү?
-Цаасан дээрээс уншихад тэгж ойлгогдсон. Өмнө нь ийм туршлага байгаагүй болохоор яадгийг мэдэхгүй юм. Би өөрөө ч, хуульчдаас асуухад ч сайн мэдэхгүй байна.
-Дэд сайд болоход намаас чинь танд үүрэг өгсөн үү, түүнийгээ биелүүлсэн үү?
-Улс төрийн намын саналаар томилогдож байгаа улс төрийн албан тушаалтан бол дэд сайд. Нам дээр яригдсан шийдвэр, бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Ямар ч байсан намын шийдвэрийн тухайд хангалттай ажилласан гэж бодож байна.
-Таны суудал МАХН-ын квот. Танай намаас Хууль зүйн шинэ дэд сайдад нэр дэвшүүлэх үү?
-Тэгнэ. Анхнаасаа Засгийн газрыг байгуулахдаа аль сайд, дэд сайд аль намынх байх тухайд ярьж тохирсон зүйл бий.
-Таныг орлох хуульчид бий юу?
-Надаас сайн хуульчид олон бий. МАХН хамгийн олон хуульчтай нам байх шүү.
-Улс төрийн карьераа дахиж сэргээхэд багагүй хугацаа шаардах нь. Энэ хугацаанд юу хийх вэ?
-Мэдээж үүгээр дуусахгүй. Энэ боломжийг ашиглаад ажиллаж үзээгүй өөр салбарт хүч сорихыг хүсч байна. Хуулиас илүү хөдөө аж ахуй, газар тариалан гээд бизнесийн салбар олон бий.
-Цаг хугацааны хувьд тооцоход та 2016 оны сонгуульд оролцох боломжгүй юм шиг?
-2020 онд болох байх. Тэр хүртэл олон зүйл хийх боломж олдлоо.
-Х.Тэмүүжин сайдтай хамтарч ажиллах ямар байв?
-Хууль зүйн яамны хамт олонтойгоо хоёр жил хамтарч ажиллалаа, тэдэндээ баярлалаа гэж хэлье.
М.ГАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: