Төр, засагтаа өргөх бичиг

P1080315.JPG1. Том төрөөс ухаалаг төр болох талаар ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санал нь жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадвал хамгийн оновчтой санал гэж ойлгож байгаа. Иймд: зөвхөн санал дэвшүүлээд зогсохгүй жинхэнэ утгаар нь зөв чиглэлээр нь хэрэгжүүлэхийг хүсэх байна .

2. Манайд архинаас үүдэлтэй гэмт хэрэг зөрчил гарах, эрдэнэт хүний амь нас эрсдэх явдал их гарч байна. Иймд: ард түмнээ архиар угжиж өөрсдийн хэтэвчийг зузаалан, ард түмний хэтэвчийг хоосолж гэмт хэрэг зөрчил гарах эх үүсвэр болсон архи үйлдвэрлэн борлуулж, баяжиж байгаа эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцож, архи үйлдвэрлэх асуудлыг багасгах хэрэгтэй юм биш үү.

3. Монгол хүн хэтэрхий үнэгүйдээд байх шиг. Жишээ нь, хүн хөнөөчихөөд шоронд орсон нэртэй төрөөр тэжээлгээд, төрийн цагдаагаар хамгаалуулаад амьд явж байдаг. Амиа алдсан хүн ямар ч үнэгүй шороонд булагдаад хоцорч байна. Иймд монгол хүнээ эдийн засгийн үнэлгээтэй болгож өгнө үү.

4. Манай улс малын удмын санг хамгаалах хуультай. Гэтэл монгол хүний удмын санг хадгалж хамгаалах талаар төрийн бодлого дутаж байна. Иймд: Монгол хүний удмын санг хадгалж хамгаалах талаар төрөөс баримталж ажиллах бодлого боловсруулж ажиллах нь зүйтэй.

5. Төрийн албан хаагчдын тоо сүүлийн хоёр жилд 30 мянгаар нэмэгджээ. Иймд чадварлаг цөөн орон тоотой болгож, хөрөнгө мөнгийг хэмнэлттэй зарцуулах нь зүйтэй байна.

6. Манайд хүнтэй ажиллах ажил, аман мэдээлэл дутагдаж байгаагаас болж хүмүүс оюуны хомсдолд ороод байх шиг. Иймд: хүмүүсийнхээ оюунд дорвитой хөрөнгө оруулалт хийж, оюуныг төлөвшүүлэх талаар онцгойлон анхаарч ажиллах нь зүйтэй байна.

7. Эрх мэдэлтэй хүмүүс өөрсдийн ойр дотны болон найз нөхдийг ажилд авч, ажилд эрсдэл гаргаж байгаа ашиг сонирхлын зөрчлийг арилгах хэрэгтэй байна.

8. Эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй байдлыг арилгаж, хэн нэгэн хүнд адил тэгш үйлчилдэг тогтолцоог бий болгох нь зүйтэй.

9. УИХ-ын гишүүд өөрсдөдөө ашигтай хууль гаргаж, ашиглаад байх шиг. Иймд: УИХ-ын гишүүдийн халдашгүй дархан эрх гэдгийг өөрчилж, Монголын иргэн бүр хуулийн заалтыг адил тэгш эдэлдэг байхаар өөрчлөх нь зүйтэй.

10. Намын нэрийн ард нуугдаж УИХ-ын гишүүн болдог заалтыг УИХ-ын сонгуулийн тухай хуулиас хасах нь зүйтэй.

11.Газрын доорхи баялаг ард түмний өмч: “Эрдэнэс таван толгой” хувьцаат компаниас ард түмэндээ 1072 хувьцаа өгнө гэж байсан. Гэтэл миний сонссоноор бол ард түмэндээ хувьцааны ашиг өгөх байтугай санхүүгийн хувьд хүндрэлд өртөөд байгаа юм байна. Энэ компани Монголын хоёр ерөнхий захирал, гадаадын хоёр, дөрвөн дэд захирал, бүгд таван захиралтай гэх мэтээр данхайсан олон орон тоотой. Сард нэг хүн 10-20 шахам сая долларын цалин аваад өөрсдөө тансаглаж суудаг юм биш үү? Дахиад хэлэхэд шинэчлэлийн Засгийн газар сүүлийн хоёр жил төрийн албан хаагчдын тоог 30 мянгаар нэмээд татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн төсвийн хөрөнгийг олуулаа идэж, улсын санг ядууралд оруулж байгааг яаралтай засч ажиллах нь зүйтэй байна.

12.Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа тэтгэвэр нь өндөр тогтоогдож, дээр нь 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэмэгдэл тэтгэмж авч байгаа. Энэ байдлыг харгалзан үзэж дээр үед төрийн албан хаагчдын хэмжээнд ажил хийж байсан, одоо амьд сэрүүн байгаа ахмадуудад 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж нөхөж олгож өгнө үү? Нийт Монголчууддаа: Урт насалж удаан жаргаж, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж байхын ерөөл өргье.

 

Хөвсгөл аймаг Рашаант сум IV багийн өндөр настан М.ЦЭРЭН-ОЙДОВ


URL:

Сэтгэгдэл бичих