Америк сэтгүүлч цаазлуулахаасаа өмнө Б.Обамаг буруутгажээ

9-4-9Америкийн сэтгүүлч Стивен Сотлофф лалын дайчдын гарт цаазлуулахаасаа өмнө америк цэргүүд Иракт нэвтэрч орсны төлөөсөнд амь насаа алдаж байна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн гадаад бодлогыг шүүмжиллээ хэмээн “Reuters” агентлаг мэдээлэв.

“Обама, АНУ-ын цэрэг Иракт нэвтэрч орохдоо Америкийн ашиг сонирхол, америк иргэдийн амь амьдралыг хамгаална хэмээн мэдэгдэж байсан. Би яагаад Америкийн бодлогын төлөө амь амьдралынхаа төлөө ингэж уйлах болов оо. Вашингтон татвар төлөгчдийн хэдэн тэрбум ам.долларыг дайнд зарцуулсны төлөөсийг хэдэн мянган цэрэг амиараа төлсөн. Та сонгуульд ялахдаа Ирак, Афганистанаас цэргээ татаж, Гуантанамогийн шоронг хаана гэж амлаж байсныг санаж байна. Обама, таны бүрэн эрхийн хугацаа дуусах дөхлөө. Гэтэл таны өгсөн амлалтаас юу ч биелсэнгүй” хэмээн сэтгүүлч Сотлофф Америкийн лидерийг буруутгасан байна.

“Лалын улс” байгууллагын дайчид цаазлуулсан байж болзошгүй америк сэтгүүлч Стивен Сотлоффын бичлэгийг интернэтэд тавьсан юм. “Америкт хаягласан хоёр дахь илгээлт” хэмээн нэрлэсэн уг бичлэгт нүүрээ халхалсан лалын террорист улбар цамц өмсөж өвдөглөсөн америк сэтгүүлчийг цаазлах гэж буйгаар төгсч байгаа аж. Тэрхүү террорист мөн барьцаанд байгаа Британийн иргэн, сэтгүүлч Дэвид Хейнсийг цаазлана хэмээн сүрдүүлжээ.

“Лалын улсын эсрэг тэмцэж байгаа Америкийн чөтгөрийн холбоог дэмжихээ болихыг улс орнуудад анхааруулж байна. Хэрвээ та нарын пуужин манай дайчид дээр унасаар байвал бидний хутга танай хүмүүсийн хоолойг хэрчсээр байх болно” хэмээн мань террорист мэдэгджээ. Үүний өмнө алан хядагчид Америкийн сэтгүүлч Жеймс Фолейн толгойг тасдаж цаазалсан бичлэгээ интернэтэд тавьж байсан билээ.

CNN мэдээлж буйгаар, лалын босогчдын барьцаанд Америкийн 34 настай сэтгүүлч Остин Тис байгаа аж.

McClatchy группт ажиллаж байсан Остин 2014 оны наймдугаар сарын 14-нд Сирийн нийслэл Дамаск хот орчимд барьцаалагдсан болохыг түүний гэр бүл баталжээ. Тис өмнө нь АНУ-ын Тэнгисийн цэрэгт алба хааж байсан бөгөөд энэ оны тавдугаар сард Сирид очоод байжээ. Тэрээр 2012 онд дайны сэтгүүл зүйн Жорж Полкийн шагналыг хүртэж байсан юм. Остин Тисийг ямар бүлэг барьцаалсан, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Мөн Sky News Arabia телевизийн сэтгүүлч, Мавританы уугуул Ишак Моктар барьцаалагджээ. Тэрээр зураглаач Самир Касаб болон сири жолоочийн хамтаар 2013 оны аравдугаар сард барьцаалагдсан байна. Жолооч нь суллагдсан ч Моктар, Касаб нарын талаар ямар ч мэдээлэл алга.

 

Н.МӨНХЖИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих