Цэцэрлэггүй жаалуудын цоожтой тоглоом
“Цэцэрлэгтээ явж ангийнхантайгаа тоглож чадахгүй болчихсон юм чинь тэнд тогломоор байна, өвөө” гэх жаалхүү уйлсаар байгаад өвөөгөө хөтлөн бамбалзуур тоглоом руу зүглэв. Дөрвөн метр квадрат орчим жижигхэн талбайтай бамбалзуур дээр өөрийнх нь насны дөрвөн хүү тоглож байсан болохоор хорхой нь хүрсэн нь илт. Гэвч тоглоомын талбайн хаалга түгжээтэй юм. Ажиглавал шинэхэн суурилуулсан болохоор одоохондоо ашиглалтад ороогүй байгаа бололтой. Эцэг эхчүүд арга ядахдаа энд тэндүүр нь нүхлээд хүүхдээ оруулчихсан тоглуулж байна. Өвөөгөө дагуулан очсон жаалхүү ч бусдын адилаар “хулгайгаар” тоглож эхлэв.
Энэ бол “Буянт-Ухаа 1” хорооллын шинэхэн оршин суугч жаалуудын нэг өдрийн амьдрал. Уг нь ээж аавууд нь шинэ хотхонд нүүж ирэхдээ тэднийг цэцэрлэг, сургуульд оруулчихна гэж “том” санаж иржээ. Учир нь шинэ хороололд тус бүр хоёр сургууль, цэцэрлэг барих болохоор энэ тал дээр санаа зоволтгүй гэсэн байна. Гэтэл өнөөдрийн байдлаар “Буянт-Ухаа 1” хорооллынхон сургууль, цэцэрлэг битгий хэл мэдээллээс хол тасарч, гүйх маршруттай, яг л хөдөөнийхөн шиг амьдарч байна. 706 дугаар байрны оршин суугч О.Алтанцэцэгийнх сар орчмын өмнө нүүж ирснээс хойш телевиз үзээгүй, цахилгаан шат нь ашиглалтад ороогүй болохоор амьсгалаа тэлж алхахаас гадна хүйтэн усанд орж тэвчээрээ шалгадаг болжээ. Тэрээр уржигдар манай улсад болсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын мэдээллийг авч чадаагүйдээ ихэд харамсч байв.
“БУЯНТ-УХАА 1”-Д АНХНААСАА СУРГУУЛЬ ТӨЛӨВЛӨГДӨӨГҮЙ ГЭВ
Олон мянган ээж аавуудын шүдний өвчинг анагаахын тулд манай улсад дорж хаяж 1121 сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заалны хэрэгцээ байгаа судалгааг өнгөрсөн онд албаныхан гаргаж байв. Сургууль, цэцэрлэгийн ачаалал Улаанбаатар хотод дийлэнх хувь нь байгаа учир хотын захиргаанаас анхаарч байгаа мэтээр өнгөрсөн хугацаанд ярьж ирсэн. Бүр УИХ-ын гишүүд ч санаа тавьж сургууль, цэцэрлэгүүдээр явж байсан санагдана. Гэтэл яг л бага насны хүүхдүүдтэй залуу гэр бүл, төрийн албаныхан, бага дунд орлоготой айл өрхүүдэд зориулсан гэх анхны орон сууцны томоохон хороолол “Буянт-Ухаа 1”-д сургууль, цэцэрлэгийн асуудал орхигдсон бололтой. Энэ хорооллын эхний цогцолбор нь 1764 айлын багтаамжтай. Одоогоор 320 айл түлхүүрээ гардсан ч амьдарч эхэлсэн нь 200 орчим байгаа аж. Цогцолборт 60 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэг барьжээ. Харин сургууль анхнаасаа төлөвлөгдөөгүй болохыг ТОСК-ийн мэргэжилтэн хэлж байна. Байрныхан хүүхдүүдээ ойролцоох “Буянт-Ухаа” цогцолбор сургуульд оруулахыг хүссэн ч хүлээж аваагүй бөгөөд хорооллоос хоёр буудлын зайтай шинээр ашиглалтад орсон 118 дугаар сургуульд авч байгааг оршин суугчид хэлж байна. Харин цогцолборт баригдсан хоёр цэцэрлэг одоо хүртэл ашиглалтад ороогүй байгаа нь улсын комиссын акт хүлээгдэж буйтай холбоотой аж. Ашиглалтад орлоо гэхэд хувийн цэцэрлэг гээд өндөр үнээр хүүхэд авах нь гэх эмзэглэлтэй эцэг эхчүүд байна. Тэд ийнхүү ярилаа.
Г.Сувдмаа: ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНТЭЙ БОЛОХСОН
-1700 гаруй оршин суугчдын дунд 120-хон хүүхдийн цэцэрлэг барьсан нь учир дутагдалтай. Хорооллын хүүхдийн тоглоомын талбай ч хангалтгүй байна. Гурван байрны дунд жижигхэн талбай гаргачихаар хүүхдүүдээ хаана нь тоглуулж, нарлуулах вэ. Хөгшчүүд ч агаарлах боломжгүй юм. Уг нь гадны орны жишигт томоохон хорооллууд цэцэрлэгт хүрээлэн байгуулчихсан байдаг юм билээ.
О.Алтанцэцэг: ЦЭЦЭРЛЭГ НЬ ХЭЗЭЭ АЖИЛЛАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ
-Яахав, сургуулийн хүүхдүүдийг 118 дугаар сургуульд хүлээн авч байна. Анги танхим нь хүрэлцээтэй байгаа гэсэн. Харин цэцэрлэгийн насныхнаа шийдэж чадахгүй байна. Цогцолборт шинээр барьсан хоёр цэцэрлэг хэзээ ашиглалтад орж хүүхдүүдээ авах нь тодорхойгүй юм. Арга ядахдаа багачуудаа гадна талбайд өнжөөх юм. Тоглууъя гэхээр тоглоомоо түгжчихээд хороолол захиалгаа авч дууссаны дараа ашиглуулъя гэнэ. Бид ч гэсэн оршин суугчид биз гэв.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: