“Архинд живсэн Монголчууд” буюу архичин сэхээтний хүүрнэл
Саяхны нэг өдөр Хархорин зах дээгүүр хүнсээ цуглуулах санаатай ногоо махны үнэ сонирхон явж байлаа. Баяр наадмын үеийнх шиг хөл тавих зайгүй эс ч гэсэн хүний хөл бас ч нэг их тийм цөөнгүй байлаа.
Худалдан авагч нь худалдагчтайгаа, хулгайч нар нь архичидтайгаа хутгалдаад сайхан шоу болж байна даа.
Олны дунд хутгалдан алмайрч явтал өрөөсөн талын маань хармай хүндрээд ирэх шиг боллоо. “Халаасны хулгайч” гэсэн бодол тархинд зурсхийн, огцом эргэн хартал халтар хачин царайтай хачин даг дайр болсон хувцастай нэг залуу согтуу сүүтгэр нүдээр өөдөөс гөлрөн зогсож байх нь тэр. Хямдхан архины эхүүн үнэр ханхлуулсан эрийн хавантай бөлцгөр нүдэнд айдас гэмшил хоёр солигдон цавчилж байхыг би олж харсан юм.
- Чи чинь яаж байна аа залуу минь. Хулгай хийх нь үү? Тэгэхдээ бүр халаас ухаж байдаг.
- Уучлаарай ахаа би уг нь…
- Чи уг нь юу гэж? Гуйх байсым гэж үү? Тэгсэн бол би л хувьдаа 1000 төгрөг аваа л өгөх байсым.
- Үгүй ээ ахаа би гуйлга гуйхгүй.
Уг нь халаасны хулгайч биш л дээ. Жаахан юм уучихсан чинь солиорсон юм уу, зориг орсон ч юм уу хүмүүсийн халаас болгонд мөнгө түнтийж харагдаад байх юм. Гэхдээ би гуйлга гуйж алгаа тосоод гудамжинд сууж байсан дор бол, хулгай хийгээд шоронд явахыг илүүд үздэг хүн.
- Тэгэхээр шоронд орох гээ юу.
- Үгүй л дээ бидний хийдэг ажил чинь архи л уух. “Ажил”-аа л хийх гэсэн юм.
- Тэгээд хийгээч дээ.
- Ажлын “багаж”-гүйдээд л.
- Харамсалтай байна. Манай “компани” танай “байгууллага”-д “ажлын багаж” нийлүүлж чадахгүй нь дээ.
- Зүгээрээ танд баярлалаа гээд залуу эргэлээ.
- Хөөе хөөе, чи хүлээ. Чи түрүүн “бидний” гэв үү? Тэгээд танай байгууллага чинь олон ажилтантай болж таарч байна уу.
- Та манай хамт олонтой танилцаж болно ш дээ.
- Тэгэхийн тулд би яах ёстой вэ?
- Ганц юм л авчих
- Архи л биз.
- Өөр юу байдаг юм. Бид захын баруунтайх хэрмэн хашаа руу орж агуулах шиг юмны довжоон дээр сууцгаалаа тэнд түүнээс өөр хэн ч алга.
- За залуу минь танайхан тэгээд хаана байна.
- Одоо ирнэ ээ ахаа. Та жаахан хүлээж бай л даа гэх тэр залуугийн өмрөл гоморхол дүүрэн бараан царай, гэмэрхэл хорсол холилдсон харц надад нэгийг хэлэх гээд ч байх шиг, бас тэдний “ажил” ажлын “хамт олны” амьдралыг сонирхмоор санагдлаа.
- Үзэг минь энгэр загатнуулаад байсан болохоор л түүний аясыг дагасан минь тэр л дээ. Бусдыгаа хүлээх зуур тэрээр дотроо засаад авч амжлаа. Бусдадаа ч хувийг нь үлдээж байхыг бодоход их эвсэг хамт олон бололтой. Залуугийн бараан царай гэрэлтээд үг авир хоёр нь хурцлагдаад ирэх шиг боллоо. Нөгөө зориг солиорол хоёр нь зүрхэн дотор нь хутгалдан найрагдаж буй бололтой.
- Тэрээр хойно ОХУ-д боловсрол эзэмшсэн инженер хүн юм байна. Хаана ямар хотод сурч байсныг нь ч асуусангүй. Согтуу хүний зан шүү дээ… Оросоор хачин зөв цэвэрхэн ярих юм. Аялга нь л жаахан тийм… оюутан цагийнхаа дурсамжийг орос монголоор хольж яриад л “Под московны вечер”, Зелоная трава”, “Плд крише дома” гэх зэрэг тэр үеийн орос монголын ард түмний сэтгэлд хоногшсон дуунуудыг хүнгэнэсэн зөөлөн хоолойгоор дуулж гуниглан нулимсаа арчих нь өрөвдөж өр өмөрмөөр. Эгээ л дагаад мэлмэрчихсэнгүй.
- Чи тэгээд тийм сайхан мэдлэг мэргэжилтэй байж түүгээрээ амьдрах нь яасан юм.
- Яахав дээ ардчилал шинэчлэл зах зээл гээд дээр дооргүй бужигнаж байсан тэр үед аргатай зальтайнууд нь энэ монголыг хуваан авч ах дүү, хамаатан садан, ойр тойрныхонтойгоо эзэгнэчихээ биз дээ. Хуучин социализмаар тархиа цэнэглүүлчихсэн, улс төр нийгмийн боловсролын ямар ч гялангүй мань мэт нь модоо бариад гудманд гарсан даа.
Цаасан дээр л ухаанаа нэрж хөлсөө гоожуулахаас цаана нь амьдрах ямар ч ухаанд суралцаагүй би яах юм.
Гэхдээ амьдар гэдэг алалдах дайсантай тэмцсэн тэмцсэн. Хойшоо урагшаа яваад л ганзагын наймаа ч хүртэл хийж үзсэн. Гэвч сураагүй юм гэдэг сураагүй л байдаг юм байна. Эцэст нь эхнэр хүүхдээ ч тэжээж чадахгүйдээ тулсан даа. Бөөндөө хамт өлбөрч үхэж чадахгүйгээс хойш амь амиа бодоцгоосон. Байр сууцаа эхнэр хүүхэддээ өгчихөөд өөрөө энэ “Архи ХХК”-д ажилд ороод их ч тогтвор суурьшилтай ажиллаа даа. Үхэдгүй ээ гээд тэр муухан инээмсэглэлээ.
- Эхнэр чинь тэгээд одоо хаана байдаг юм.
- Эхнэр минь их сайн ханьтай болсон байна лээ. Хааяа нэг таарахаараа хэд гурван төгрөг өгдөг л юм хөөрхий. Нөхөр нь ч сайн хүн. Өөрийнхөө хувцас хунараас илүүчлээд, хоолонд оруулаад дотрыг минь засаад өгч л байсан. Гэхдээ би ямар ангаахай биш. Сүүлдээ тэднээс зугтаадаг болсон.
- Хоол унд хоног төөрүүлэх газар гээд юм юм л хэрэг болдог байх даа.
- Өө яахав юм таарвал иднэ ш дээ. Таарахгүй бол архи л уучихна.таарсан газраа тас үсрээд унтчихна. Тэгээд л сэрэхэд нар мандчихсан байдаг юм.
- Чи уг нь ийм сайхан мэдлэг мэргэжилтэй хүн энэнээс өөрөөр болмоор л юм даа.
Үхсэн баас. Бид л нийгэмд адлагдсан гудамжны тараншейны өвгөнтийн архичид болохоос биш нийгэм тэр чигээрээ архинд живчихээд байгаа шүү дээ. Орц хонгил, орд харш бүхэнд л лонх шил хоосорч аяга хундага мөргөлдөж л байгаа шүү дээ. Тэр битгий хэл эхнэр нөхөр нь үр хүүхэдтэйгээ, эрдэмтэн багш нар нь шавь нартайгаа, ах эгч нь дүү нартайгаа архидан согтуурч арсалдан хэмлэлдэж байгаа энэ нийгмийн хаагуур та нүдээ аниад чихээ таглаад явчихсан юм гээд нөгөөх чинь харин над руугаа агсамнах шинжтэй болоод ирлээ. Түүний хэлж байгаа үнэн л дээ. Нийгэм маань тэр чигээрээ архин далайд хөвж, живэх нь живж яваа нь баримттай нотлогдсон үнэн гэдэгтэй би санал нэг байна. Тэр хөвөгчдийнх нь дунд би ч гэсэн амь тэмцэн тийчлэж яваа гэж бодохоос…
Яамаар ч юм бэ дээ, Монгол “архичид” минь. Эх газар, эрлэг их л хол харагдаж байх чинь. Бүгдээрээ нэг завинд суух уу, харин сэлүүр олддог л байгаа даа. Эрэг үнэхээр хол байна уу эсвэл бид эргээс холдоод байна уу. Тийм бол жинхэнэ живж үхнэ дээ гэж бодохуй би түүний хажуунаас бушуухан холдмоор санагдав.
Өнөөх маань үлдсэнийгээ өөрөө цохьчихов бололтой “өө муусайн архинд живсэн монголчуудаа” гэж хашгирсаар холдлоо.
Чихээ дараад зугтаамаар….
Тэмдэглэсэн: П.Би-Мандах
agshin.mn
URL: