“Сайхан сэтгэл худалдана”

9-2-19Охин нь Монголд тэр бүр тохиолдоод байдаггүй, эмчлэх бүү хэл оношийг нь тогтоож чадахгүй  хүнд өвчин тусч, гадагшаа явахаас аргагүй болсон хөөрхий эцэг, эхтэй уулзаж  зовлонг нь сонслоо. Аргаа барсан эцэг, эх охиноо эмчлүүлэхийн тулд хашаа байшингаа барьцаалан зээл авсан гэнэ. Гэсэн ч  тэр нь 100 орчим сая төгрөгийн  хаана ч  хүрэх билээ. Ингээд  хандив цуглуулахаар  болжээ. Хэвлэлийн хурал зарлан хамаг зовлонгоо тоочиж. Хаа ч очиж хэвлэл, мэдээллийнхэн  таних мэдэх бүхэндээ хандан зар тарааж, бичиж нийтэлсний дүнд нэг гудамжныхан, ажлын хамт олон болон  сураг тасраад удсан багын найз, нэг ангийнхан нь  хүртэл холбоо барьж  чадах чинээгээрээ тусалсан  байна. Цаашлаад томоохон компани, аж ахуй нэгжүүдэд хандаж үзэхийг зөвлөсөн бусдын зөвлөгөөг даган хандив   тусламж гуйсан хүсэлт бичиж, цөөнгүй газарт илгээжээ. Түүний хариуд олонх нь “боломжгүй” байгаагаа учирлаж. Зарим  газраас  “Таны хүсэлтийг дарга, удирдлагадаа дамжуулж тусламж дэмжлэг үзүүллээ гэхэд надад хэдэн хувийг нь өгөх вэ. Тэгж тохирвол болох юм” гэсэн байна.

Нийгэм бүх шатандаа  авлигажиж,  одоо бүр сайхан сэтгэлийн тус дэм хайсан нэгний хариуд ч хүртэл ингэж ханддаг болжээ.  Өөрөө  бусдад туслах сэтгэлгүй, тэгээд бусдын сайхан сэтгэлийг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэсэн явуургүй санаа, нэг ёсны бизнес тэнд цэцэглэж байна.

Дарга нь тусч хүн байгаад хэдэн төгрөг өгье гэсэн ч өөрөө завгүй тул мэдээж өөрийнхөө доорх хүнээр дамжуулж таарна. Тэгээд ч тэр хүсэлт туслахаар нь ч юм уу, олон нийттэй харилцах албаар дамжин түүнд ирсэн байгаа. Гэтэл тэр нөхөр “Би туслуулсан юм чинь”  гээд талыг нь авах жишээтэй.  Ингээд нөгөөх сайхан сэтгэлийн тусынх нь дөнгөж тал нь л нөгөө хүнд нь очих нь л дээ. Сайхан сэтгэлийг ингэж худалддаг болчихжээ. “Хүлэг морь хур дэлээрээ гайхуулна,  хүн төрөлхтөн сэтгэлээрээ гайхуулна” гэж Н.Хикмет хэлсэн нь бий. Морьтон монголчуудын бие биеэ гэсэн сайхан сэтгэл, итгэл ингэхэд  хаачив аа. Дэлхийд монголчуудаас өөр дэлгэр сэтгэлтэй нь байна уу гэж бидний  аархаж ирсэн минь  худлаа гэж үү.

Өнөөдөр хүнд өвчин туссан охиноо эмчлүүлэх гэж эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа хөөрхий  эцэг, эх ямар тендер авъя гэсэн  биш дээ. Их хурлын гишүүдээсээ эхлэн тендерийн бизнес хийж, хувийн  хэвшил, аж ахуй нэгжийнхний нуруун дээр  тарвалзаж яваа. Тэгвэл андив тусламж гуйсан нэгэнд тэрийг нь бүтээхэд зуучлаад хөлсөө авдаг “Сайхан сэтгэл худалдах” үйлчилгээ бий болсон байна. Тэгж олсон мөнгө орлого мөн үү, тэр мөнгөөр тайван жаргалтай амьдарч харагдаач.

 

 

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих