Ким Чен Уны санхүүч мөнгө хулгайлан зугтжээ

1БНАСАУ-ын дарга Ким Чен Уны хувийн санхүүч гэддэг Юн Дэ Хен улсынхаа сангаас дор хаяж таван сая ам.доллар хулгайлан зугтсан тухай БНСУ-ын “Чуннан Илбо” сонин уламжилжээ. Тус сонинд, “Хойд Солонгосын “Чосон Дайсон” банкны тэргүүн Юн Дэ Хен ОХУ-ын Находка боомтод сураггүй алга болсон байна. Тэрээр биедээ таван сая ам.доллартай явсан бөгөөд гуравдагч орноос орогнол хүссэн байж болзошгүй” гэж бичсэн байна.

Юн Дэ Хен нь Ким Чен Ун болон түүний эцэг Ким Чен Ирын хувийн санхүүч байсан бөгөөд гадаадын банкуудад байрлуулсан нууц активуудыг удирддаг байжээ. АНУ 2010 онд Юн Дэ Хений хянадаг “Чосон Дайсон” банкийг БНАСАУ-ын хилийн чанадад явуулдаг хууль бус санхүүгийн ажиллагаанд хамаатай учир хар жагсаалтдаа оруулж байжээ.

2013 онд АНУ, БНСУ-ын тагнуулчид БНХАУ-ын банкуудад Юн Дэ Хений байрлуулсан БНАСАУ-ын удирдагчдын мөнгийг илрүүлсэн тухайгаа мэдэгдэж байсан удаатай. Үүний дараахан БНАСАУ цөмийн туршилт явуулсан бөгөөд НҮБ-ын гишүүн орнууд тус улсын банкуудын төлөөлөгчийн газрыг нээх, хамтарсан үйлдвэр байгуулах, их хэмжээний мөнгө гуйвуулахыг хоригложээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих