Н.Гантөмөр дарга “сэлгүүцэгчид”-ийг нэг сайн загнаад өгөөсэй

92c4debf-0114-4db8-a774-0a8386aede9cНийслэлийн Засаг дарга нар нийтийн тээврийн асуудал ба замын түгжрэлийг бууруулах асуудлаар жижиг гэлтгүй элдэв санаа сэдэж, ажил хэрэг болгохыг туршиж байгаа боловч тэр бүр амьдралд нийцэхгүй байгаа билээ.

Жишээ нь, буруу жолоодлоготой машин хилээр оруулж ирэхгүй байх санаачилга гаргаж, иргэдээс санал авсан ч бөөн эсэргүүцэлтэй тулгарч байв.

Саяхан хотын төвөөр явах машинаас сард 50 000 төгрөг хураах юм ярьж, бас л иргэдийн уур унтууцлыг барсан.

 

Энэ үед нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр “Хотоор төвөөр явж байгаа иргэдийн 30-40 хувь нь дэмий сэлгүүцдэг” гэж хэлээд бүр их буруудсан.

Яг өнөөдрийн тухайд туршилтын журмаар гэнэт нэг л өдөр автобусны чиглэл, маршрутыг өөрчилж, өдрийн турш 500 төгрөгөөр зорчуулж эхэлсэн нь бас л нэг шүүмжлэлийн бай болж байна.

Нийслэлчүүд нийтээрээ шахам ярьж буй учир Засгийн газрын 11-11 төвд иргэдээс багагүй санал ирж байгаа гэнэ.

 

Ингэхдээ 500 төгрөгөөр өдрийн турш шинэ чиглэлээр зорчихыг олон иргэн дэмжиж байгаа тухай 11-11 төвийн статистик гарсан байх юм.

“Автобусны жолооч, кондукторууд өөрсдийн хувийн ашиг сонирхлын үүднээс иргэдийг чирэгдүүлж буруу ухуулга хийж байна. Зарим автобус буудал дээрээ зогсохгүй, алгасаад явах зэргээр чирэгдүүлж байна.

Автобус ойрын эргэлтээр явах нь зөв, автобусны компаниуд, жолооч нар хариуцлагатай хандвал нийтийн тээврийн шинэ үйлчилгээ ард бидний сэтгэлд нийцэж байна” гэхчилэн ярьсан гэж тус төвөөс түүвэрлэжээ.

Гэвч 11-11 төвд ирүүлсэн хэдэн эерэг сэтгэгдлийг түүвэрлэлээ гээд энэ бол олон нийтийн хандлага болж чадахгүй.

Нийсэлийн ЗДТГ-ын албаны хүний ярьснаар туршилтын хугацааг маргааш буюу энэ сарын 31-нд зогсоодгоороо зогсоож, дахин судалгаа, тооцоотой хандахаар төлөвлөж байгаа аж.

 

Ер нь нийтийн тээврийн энэ туршилт аливааг ямар ч судалгаа, тооцоогүй өнөөдөр сэтгээд л, маргааш хэрэгжүүлдэг нийслэлийн засаг захиргааны араншингийн л илрэл болсноос бус шууд үр дүнгээ харуулахаар ажил биш байв.

11-11 төвөөс мэдээлснээр иргэд 500 төгрөгөөр өдрийн турш зорчихыг цааш үргэлжлүүлж өгнө үү гэсэн гэнэ. Мэдээж л дээ. Хямд үнээр хүссэн газраа зорчихыг хүсэх нь зүй. Гэвч үүний цаана бас л мөнгө яригдана.

Нийтийн тээврийнхэн  иргэдэд үйлчилгээ үзүүлээд эргээд ашиг олох гэж үйл ажиллагаа явуулдаг. Энэ зарчмаар нь, мэдээж төрөөс хянаад ажиллуулах ёстой.

 

Цаашид ч өдрийн турш 500 төгрөгөөр зорчуулаад байвал нийтийн тээврийнхний алдагдлыг хэн нөхөх вэ. Нийслэлийн төсвөөс татвар төлөгчдийн мөнгөнөөс үү.

Үүний оронд ёстой нөгөө “илүүдээ гарсан” мөнгөөр цэцэрлэг бариад өгөөч, хотын дарга аа л гэмээр байна.

Үнэхээр зорилготой, ажилтай хүмүүс автобусанд мөнгөө төлөөд л явна. Ажилтай хүмүүс өдрийн турш хаашаа, хаашаа явах вэ.

Ёстой нөгөө Н.Гантөмөр даргын хэлснээр сэлгүүцэгчдэд боломж олгоод байна гэж шүүмжлэх иргэд ч тааралдах аж.

 

Тиймээс цаашид 500 төгрөгөөр зорчих хүсэлтэй байгаа “сэлгүүцэгчид”-ийг Н.Гантөмөр дарга нэг сайн загнаад өгөөсэй.

“Бид зүгээр л туршсан юм.Битгий сэлгүүцэхээ бодоод бай” гээд. Ер нь ч иргэд аливаад амархан дасдаг.

Үнэхээр л үргэлж 500 төгрөгөөр зорчуулж “гийгүүлэхгүй” байсан юм бол анхнаас нь ном журмаар нь байлгаж байх байсан.

Нийтийн тээвэрт нийтээрээ төлөх ёстой мөнгөө төлөөд явах ёстой гэсэн зарчмыг эвдсэнээрээ нийслэлийн удирдлага нэг л сонин юм хийчихсэн ч юм шиг…

 

Г.Гэрэл

gereg.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих