Д.Отгонбаяр: Гитар бол миний бас нэгэн шүтээн
Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн “Хурд” хамтлагийн гитарчин, ая зоиогч П.Отгонбоярыг “Зочин” буландаа урилаа.
-Энэ зуныг “Хурд” хамтлагийнхан хэрхэн өнгөрүүлэв дээ?
-Хөдөө сумдаар явж тоглоллоо. Завхан аймгийн Дөрвөлжин, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Баянхонгорын Өлзийт сумын 90 жилийн ойд очиж бүрэн хэмжээний тоглолт хийлээ. Буцах замдаа Баянхонгорын Ламын гэгээний есдүгээр дүрийг сэнтийд нь залах ёслолд оролцоод ирсэн.
-Танай хамтлаг тэр бүр орон нутгаар явж тоглоод байдаггүй байхаа?
-Тиймээ, тэр бүр боломж бололцоо олддоггүй. Аймгийн төвүүдэд гэхэд л тав, зургаан жил болж байж очно. Сумдад очиж тоглоно гэдэг асуудал бараг байхгүй. Сая л сумдын ой гэдэгт утгаараа очиж тоглолоо.
Ер нь, ирж тоглооч гэх урилга заллага байнга ирдэг. Тэр бүгдэд очиж тоглох боломжгүй. Хурд ганц шүү дээ. Арван “Хурд” байдаг бол өөр хэрэг. /инээв/
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Шинэ CD гаргах гээд ажиллаж байна. Ер нь, дуусах шатандаа явна. Тиймээс өнөөдөр бугд л ажлын байран дээрээ байна. Хурд 20 жил тасралтгүй тоглосон, хүч нь саарахгүй байна.
-Ингэхэд та гитар хөгжимтэй хэдэн жил нөхөрлөж байна вэ?
-35 жил болжээ.
-35 жилийн хугацаанд олон гитар барьж байв уу?
-Гитар гэдэг хуучрах тусмаа өнгө ороод л, улам хөг ороод л байдаг. Миний хамгийн анхны гитар одоо ч бий. Надад шүтэж явдаг олон зүйл бий. Тэдгээрийн нэг нь гитар юм. Энэ хөгжмийн хүчинд би сая наадмаар Гавьяат жүжигчин гэдэг эрхэм хүндтэй цол авлаа шүү дээ. Хуучны гитарууд үнэхээр гоё дуугаралттай шүү.
-Хувийн уран бүтээл хийж байгаа юу?
-Сая 18 дуу тоглож дууссан. Түүгээрээ удахгүй CD гаргах бодолтой байна. Ер нь, байж байгаад л дан гитарын CD гаргадаг. Одоо гаргах цаг нь болсон байна Бэлтгэж байгаад л бэлэн болохоор гаргана даа.
Тэрнээс төлөвлөгөө боловсруулаад л энэ жилдээ би заавал тийм юм хийнэ гэдэг асуудал урлагийнхны хувьд ялангуяа, бүтээл хийдэг хүнд их хэцүү. Яг тухайн цаг үед л мэдрэмж орж ирж байж л биелэгддэг болохоос биш талхны үйлдвэр шиг норм биелүүлэх асуудал яригдаж болохгүй л дээ.
-Урлагтай анх нөхөрлөсөн үеэ дурсвал та хүүхэд ахуй үеэ ярих байх даа?
-Тэгэлгүй яахав төмөр замын 20 дугаар сургууль гэж байлаа. 38 дугаар бага сургуульд сурч байгаад 20 дугаар сургуульд 1984 онд шилжиж ирсэн. 38 дугаар сургууль одоогийн төмөр замын Ахмадын өргөө байгаа байшинд байсан шүү дээ.
Харин 20 дугаар сургууль тэр үед 38 дугаар сургууль байсан хоёр байранд байсан. Хуучин шинэ гээд хоёр байртай байсан даа. 20 дугаар сургуульд “Ган зам” гэж хүүхдийн чуулга байлаа. Чуулга гэдэг бүжигчидтэй, дуучидтай хөгжимчидтэй бүрэн хэмжээний чуулга шүү дээ.
Тэнд Чүлтэмсүрэн багштайгаа таарч, урлагийн замд эргэлтгүй орсон. Биднийг шалгаж авдаг байсан. “Ган зам” чуулгад хамгийн авъяастай шилдэг хүүхдүүд орж байсан. Тиймээс тэндээс Монголын урлаг соёлын олон алдартнууд төрөн гарсан. Чүлтэмсүрэн багш минь үнэхээр гайхалтай хүн байлаа даа.
-Танд бас ax нарын тань нөлөө байсан байх даа?
-Тэгэлгүй яахав. Хүүхэд байхад мэдээ орсон цагаас л ах нар гитар тоглоно. Пянз сонсоно. Миний өссөн орчин тийм байсан болохоор хүн ингэж л амьдрах ёстой юм байна гэдэг ойлголт суучихсан ч байж магад.
-Ах нараараа гитар заалгасан уу?
-Үгүй, ах нар зааж өгнө гэсэн юм байхгүй. Өөрөө л сурахгүй бол тэд чадвал чад, чадахгүй бол хохь нь гэнэ шүү дээ.
-Нэг гэр бүлийн хүүхдүүд бүгд ийм авъяастай. Тэгээд нэртэй хамтлаг байгуулаад ингэж явна гэдэг үнэхээр ховор байх?
-Гэхдээ “Хурд” хамтлагийг анх байгуулахдаа заавал нэг гэр бүлийнхнээ авна энэ тэр гэсэн юм байгаагүй. Аргагүй авъяас чадлаараа л шалгагдаж орсон шүү. Намайг хүүхэд байхад Суудлын вагон депо дээр “Охидын цуурай” байхаа, тийм нэртэй хамтлаг байж байгаад Ганбаяр ах эд нар “Хурд” гэж нэрийг нь өөрчлөөд тоглож байсан.
Тэр үед бэлтгэл дээр нь очиж харна. Гитар эд нарыг нь зөөж өгнө. Тэгж байгаад л тэд ер нь гадагшаа хандсан уран бүтээл хийх нь зөв юм байна гээд л бие дааж гарсан. Хурд хамтлагт хамгийн сайн хөгжимчин, хамгийн сайн дуучин шалгаж авна л гэсэн.
Би тэр үед зохиогддог байсан гитарчдын тэмцээнд түрүүлчихсэн байсан. Тэр тэмцээнд одоогийн хамгийн шилдэг гитарчид л орж байсан шүү дээ. Дуучин шалгаруулж авах гээд бөөн л юм болж байсан.
Харангийн Энхманлай, Чука ах эд нар хүртэл ирээд хамт сууцгаагаад л 75.-76 хүн шалгаж л байлаа. Цогоо маань бас л өөрийнхөө авъяасаар л энэ хамтлагт орж ирсэн. Ах нар дүү нар нь эрхгүй сайн тоглоод үеийнхнээсээ ялгараад гарч ирсэн учраас хамтлагтаа авсан. Тэрнээс Хурдад ах дүү гэр бүлийнхнээ авна гэсэн ойлголт байгаагүй шүү.
-Та хэдийг их дэгтэй өссөн гэдэг?
-Арван банди, ганц охинтой айл гээд төсөөлбөл хүмүүст аймаар л санагдана. Манай гэрийн цонхыг хөвөнгөөр арчихад өлөн тоос гардаггүй айл байсан гээд төсөөлөхгүй юу. Тэгэхээр манайх ямар айл байсан байна вэ гэдэг ойлгомжтой. Бид ямар дэгтэй хүмүүжилтэй өссөн бэ гэдэг ойлгомжтой.
-Эцэг эхээс гадна урлаг хүнийг хүмүүжүүлдэг гэдэг үг ч бий. Үүнтэй та санал нэгдэх үү?
-Зуун хувь нэгдэнэ. Урлаг гэдэг тайзан дээр гараад хоёр харагдахын нэр биш юм. Ердийн үзэгчдэд тэгж санагддаг байж болно. Түүний цаана маш их хөдөлмөр, хүмүүжил төлөвшлийн зүйл яригдана.
Ер нь, урлаг спорт хоёр хүнийг хүмүүжүүлдэг, хатуужуулдаг, төлөвшүүлдэг. Энэ талаар маш их зүйл яримаар байна. Гадны орнуудаар явж байхад дунд сургуулийнх нь хичээлийн програмд урлаг, спортыг нэлээд түлхүү оруулж өгсөн байдаг юм билээ. Манайд бол эсрэгээрээ хичээлээр дараад л байдаг.
Урлаг, спортыг орхигдуулчихсан. Урлаг хүүхдийг хүмүүжүүлдэг, нэг ёсондоо сэтгэлийг нь ариусгадаг. Спорт бол хүүхдийн бие бялдарыг хөгжүүлж, сэтгэлийн хаттай болгодог. Урлаг спортын ач холбогдол үүндээ байдаг гэж би боддог. Намайг бага байхад төмөр зам бол урлаг, соёлын уурхай байсан шүү.
Төмөр замын есөн давхар (ТБД Андуудын харалдаа урд талын байрнуудыг хэлж байгаа бололтой) байрнуудын оронд маш том стадион байлаа. Спортын бүх л арга хэмжээ зохиогддог. Гадна талаар нь тойроод гүйгээд ирэхэд л бахардаж унахаа дөхдөг тийм том стадион гээд бодохгүй юу. Тэнд спортын секц дугуйлангууд явагдана.
Би хөл бөмбөгийн секцэнд нь явдаг байсан. Тэр стадионыг дараа нь нураасан. Хашаанаас нь эхлээд буулгаж байхыг хараад зогсож байхад их л муухай санагдаж байсан шүү. Урлаг, спортыг хүүхдийн хүмүүжил боловсролтой холбож өгмөөр санагддаг. Дээр үед төмөр замаар Соёлын галт тэрэг гээд явдаг байсан даа.
Урлагийн тоглолт, кино, үсчин гуталчин гээд бүх л соёлын үйлчилгээ явдаг байлаа. Намайг Рашаантад байхад “Мөнгөн харандаа” хамтлаг очиж тоглож байсан. МУГЖ Б.Сарантуяа тэр үед жаахан охин очиж дуулж байсан. Надад их хөөрхөн охин санагдаж, яасан гоё юм бэ гэж бодогдсон.
Тэгээд маргаашнаас нь би хувцсаа угаагаад л индүүдээд л өмсөнө биздээ. Энэ бол урлаг хүнд яаж нөлөөлдгийн энгийн жишээ. Саяхан Сараа бид хоёр нэг тоглолт дээр таараад энэ тухай яриад хөхрөлдөж байлаа. Тэгэхэд одоо хоёулаа гавьяат жүжигчин болчихсон байдаг.
-Нээрээ урлаг гэдэг хүүхдийн хүмүүжилд нөлөөтэй гэдэг. Ингэхэд танай хүүхдүүд урлагийн хүмүүс болох болов уу?
-Хурд хамтлагийн 20 жилийн ойн тоглолт дээр хүүхдүүд маань бидэнд сюрпьриз барьж байна лээ. Тэгэхээр ямар байна. Урлагийн хүн болох уу үгүй юу гэдэг өөрсдийнх нь мэдэх хэрэг. Авъяас байгаад сэтгэл байвал болно биз. Боль ч гэж хэлэхгүй, битгий ч гэж хэлэхгүй.
-Ингэхэд хэзээ билээ танай хамтлагийн хөгжим хулгайд алдагдсан. Гэтэл удалгүй олдсон. Тэр үед бас дотроо халаглаж байсан ч олдлоо гэдгийг дуулаад та бүхний өмнөөс баярлаж байлаа?
-Тэгсэн. Толгойтын хэдэн сахилгагүй хүүхдүүд авсан юм билээ. Удалгүй эцэг эхчүүд нь яриад, бүрэн бүтнээр нь буцаагаад өгсөн. Бид ч ямар ч гомдол санал гаргаагүй.
-Энэ бол Хурд хамтлагийн нэр хүнд, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсний илэрхийлэл байсан байхдаа.
-Тэгэлгүй яахав. Нэр хүнд гэдэг их эрхэм юм. Нэр хүндийг дааж явна гэдэг харин хэцүү шүү.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Түрүүн би Соёлын галт тэрэг явдаг байсан гэж ярьсан. Тэгвэл одоо яагаад явж болохгүй гэж. Хурд хамтлагийг төмөр замын удирдлагууд дэмжээд өгвөл бүх өртөө зөрлөгөөр яваад төмөр замчиддаа ая дуугаа өргөж, сайхан хүч энерги өгмөөр санагддаг. Дээр үед соёл урлаг, спортыг төмөр зам орхигдуулдаггүй байсан.
Төмөр замчид хүнд хөдөлмөртэй хүмүүс тэдэнд сэтгэлийн урам хүч хэрэгтэй дээ. Бид төмөр замчдаас л төрсөн хамтлаг шүү дээ. Ингэж л хэлэх байна. Цаг нь болохоор бид төмөр замчиддаа очиж тоглоноо. Миний хүсэл дандаа биелдэг юм.
Б.Гүнжинлхам
Эх сурвалж: “Ган зам” сонин
URL: