PC тоглогчдод “эзлэгдсэн” 36 дугаар байрныхан

Б.ЗАЯА

Б.Амгаланбаатарынх нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр 64 дүгээр дэлгүүрийн хойно байрлах таван давхар хуучны 36 дугаар нэгдүгээр орцны I давхарт амьдардаг. Тэднийх энэ байранд амьдарч эхэлснээс хойш тав тухтай байж чадахгүй өнөөг хүрчээ. Өдрийн цагаар орцны үүдэнд нь залуус цугларч тамхилан, оройн цагаар аль ч өрөөндөө ороход доод давхраас нь харааж зүхсэн дуу чимээ сонсогдоно. Учир нь тус байрны нэгдүгээр орцонд байрлах “Master clan” гэх тоглоомын газар хонгилын давхарт гурван өрөө дамжин үйл ажиллагаа явуулдаг. 36 дугаар байранд Б.Амгаланбаатар ганцаараа ийм асуудалтай гэвэл хараахан үгүй. Хуучны таван давхар энэ байрны бараг бүх айлд цахим тоглоомын газрынхан багагүй асуудал тарьдаг байна. Яагаад гэвэл тэд дөрвөн орцтой байрны гурвыг нь “эзэлжээ”.

“Zone”, “Master clan”-1, “Master clan”-2 гэсэн нэршилтэй гурван тоглоомын газар 36 дугаар байранд байрладаг юм байна. Дөрөвдүгээр орцонд байрлах “Zone” нь жилийн дөрвөн улирал алгасалгүй ажилладаг бол “Master clan”-1 нь зуны хэдэн сард хаалгаа бариад саяхнаас ажиллаж эхэлжээ. Тоглоомын газрын зохион байгуулагчдынх нь хэлж буйгаар хичээлийн шинэ жил дөхөөд хүүхэд, залуус хот хөдөөнөөс цугларч эхэлсэн болохоор хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаа гэнэ. Тэдний ажлын цаг өглөө 10:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үргэлжилдэг гэж хэлж буй ч “Zone” тоглоомын газарт саяхан хүүхдүүд хонуулж тоглуулсан зөрчил гаргажээ. Байрны “Жаран дөрөв” сууц өмчлөгчдийн холбооныхон зөрчлийг цааш уламжилж арга хэмжээ авхуулжээ. Гэвч биднийг очиход тус тоглоомын газар үйл ажиллагаа явуулсан хэвээр байв. Тоглоомын газруудын үйлчлүүлэгч нэмэгдэх тусам тэдэнд сайн ч оршин суугчдад хамгийн хүндрэлтэй гэнэ. Доод давхрынханд дуу чимээ нь байнга сонсогддог бол тоглоомын газраас гарсан залуус байрны дээд давхрууд руу гаран архидан согтуурах, бие засах зэргээр болчимгүй үйлдэл гаргадаг талаар оршин суугч Б.Бямбаа бухимдан ярив. Оройн цагаар хүүхэд, эмэгтэйчүүд байрандаа орж гарахад хамгийн хүндрэлтэй байгааг ч тэрээр онцолсон юм. Тэд энэ талаар байрныхаа СӨХ-д хэлээд ч тусыг олж чадаагүй аж. Тоглоомын газрууд байрны СӨХ-д түрээсээ төлчихдөг учир тэднийг тэр бүр хориглож, чангааж чаддаггүй гэж зарим оршин суугч хэлж байлаа.

Сүүлийн жилүүдэд цахим тоглоомын газар хүчээ авч байрны булан тохой, орц хонгил зэрэгт энд тэндгүй байрлаж үйл ажиллагаа явуулж, хүүхэд залуус ихэнх цагаа тэнд өнгөрөөх болсон. Хэдийгээр цахим тоглоомын бизнес дэлхийд хүчээ авч байгаа ч манайх шиг ийм эмх замбараагүй, сул орхисон улс тун ховор. Бүр нэг байрыг тэр чигт нь эзлээд олон нийтийг бухимдуулж байгааг холбогдох албаныхан дуулсан болов уу. Саяхан даа, оны өмнөхөн цахим тоглоомын газруудыг хумих журмыг Засгийн газраас гаргаж олон мянган эцэг эхчүүд, орон сууцны оршин суугчдыг баярлуулсан. Журмаар бол Улаанбаатар хот дахь 500 гаруй тоглоомын газрыг цэгцэлж, орон сууцны нэгдүгээр давхар, хонгилын давхарт байрлахыг болиулж, ажлын цагийг ч тодорхойлж өгсөн. Гэвч журмын хэрэгжилт тэгийг зааж, олон олон тав тухаа алдсаар байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих