Г.Баярсайхан: Интернэтийн эрх чөлөө халдашгүй дархан байх ёстой

Г.БаярсайханУИХ-ын гишүүн Г.Баярсайхантай  цаг үеийн асуудлаар  ярилцлаа.

-Интернэтэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдах  хандлага манай улсад бий болох нь, бид хаашаа явж байна вэ   гэсэн болгоомжлол  нийгэмд үүслээ. Гадаадын улс орнуудад энэ талаар  ямар жишиг байдаг вэ.  Энэ талаар та ямар бодолтой  байна?

-Дэлхий нийт  интернэттэй  болоод 30 гаруй жил боллоо. Интернэтийг анх бий болгохдоо нээлттэй  виртуаль орон зай гэсэн ойлголттой байгуулж, тэр  орон зайд хандах эрх тухайн улс орны иргэн бүрт бий гэсэн зарчмаар хандаж  байсан. Энэ утгаараа интернэтэд хандах хандлага, бодлого нь тунгалаг, нээлттэй байх ёстой гэсэн зарчмыг баримталж ирсэн байдаг. Интернэт  хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүчтэй үзэл бодлоо илэрхийлэх хэрэгсэл болсон. Айлын гэрийг шүүхийн шийдвэргүйгээр нэгжих эрхгүй шиг интернэт орчин дахь тухайн хүний  блог ертөнц, өөрийн нэр, хаягаар нээсэн орон зайд хэн ч халдашгүй дархан байх ёстой. Интернэтийн эрх чөлөөг Үндсэн хууль дахь   үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй дүйцүүлж ойлгох хэрэгтэй. Учир нь интернэт хүн төрөлхтөний түүхэнд бий болгосон оюуны чухал зүйл ч тэнд эзэн байхгүй. Нөгөө талаас нөхцөл байдлаас харж байхад интернэт тухайн улс оронд төр, засгийг хянаж байх зэвсэг болж байгаа юм. Тухайлбал, авлигын эсрэг тэмцэх, албан тушаалтнуудын хээл хахуулийн талаар  нээлттэй мэдээлэх талбар болсон. Ийм учраас аль ч орны эрх баригчид интернэтийн эрх чөлөөг аль болох хумих хандлага ажиглагдаж байгаа. Энэ бүхнээс үүдэж 2011 онд   интернэтийн  эрх чөлөөний  тухай  олон улсын конвенцид  улс орнууд нэгдэж НҮБ-аас  баталсан. Дэлхийн хагас ардчилалтай улс орнуудад асар их шахалт хавчлага дор интернэтийн компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг. Жишээ нь манай урд, хойд хөршид  гэхэд л интернэтийн эрх чөлөөг хумих, хандах хандалтыг хязгаарлах хууль эрхзүйн орчныг бий болгож байна. Куба, Саудын Араб, Иран, Хойд Солонгост нөхцөл байдал ийм байдаг. Би саяхан хойд хөршид томилолтоор ажиллаад ирсэн. Зарим сөрөг хүчний сайтууд руу нь ороход “Төрийн байгууллагын шийдвэрээр хаагдсан” гэсэн бичиг гарч ирж байна лээ. Монголдоо ирээд зарим сайт руу ороход мөн тийм хязгаарлалт хийсэн байна. Тэгэхээр ардчилсан Монгол Улс өнөөдөр интернэтийн эрх чөлөөгөөр  хагас хязгаарлагдмал орон болчихоод байна. Бид сонгуулиа ардчилсан хэлбэрээр явуулдаг, АН  засаг барьж байна. Гэтэл  байдал ийм болоод байдаг. Энэ байж болохгүй зүйл.

- Цаашид бид яах ёстой вэ?

-Өнөөдөр 774 тооны орос, монгол, англи гаралтай хараалын гэх үгийг хэрэглэхийг хориглосноос үзэхэд  хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хатуу хяналт тавих эхний чимээгүй алхам хийгдчихсэн байна. Тэр дотор  мал, зэвсэг гэхчлэн энгийн үгс ч орчихсон байна лээ. Энэ бүхнээс юу гэж үзэж байна гэхээр бид интернэтийн эрх чөлөөг баталгаажуулах хуультай болох нь зүйтэй гэж хэлмээр байна. Би түрүүнд хэлсэн, 774 үгийг хэрэглэхийг хориглосон байна. Дээр нь 166 сайтын хандалтын эрхийг хязгаарлачихаж. Энэ чинь хэвлэлийн эрх чөлөө гэсэн ойлголт алга байна шүү дээ. Хүн Үндсэн хуулиар олгогдсон бүх эрхээ эдлэх ёстой. Хүний үндсэн эрхүүдийн нэг чухал зүйл нь  интернэтэд хандах эрх, тэр нь иргэн бүрт нээлттэй байх ёстой, үүнийг НҮБ баталгаажуулсан. Тэгвэл тэр эрхийг Монгол Улс боомилж байна.  Сүүлийн үед интэрнэтийн тухай  хурал, зөвлөгөөн олон болсон.  Бид ярихаасаа илүү бодит байдалд интернэтийн эрх чөлөөний төлөө тэмцэх ёстой. Дахиад хэлэхэд, интернэтийн эрх чөлөө халдашгүй дархан байх ёстой. Харин  төрийн зүгээс  кибер аюулгүй байдлыг хамгаалах ёстой. Өнөөдөр төрийн байгууллагууд өөрсдийн цахим хуудсыг хакердуулж байна. Хувь хүмүүс, блогчдод ч гаднын халдлага ирж байна. Тэгэхээр Монгол Улс кибер аюулгүй байдал, нууцлалын асуудалд анхаарах ёстой. Аюулгүй байдал гэхээр  терроризмын аюулгүй байдлаас эхлээд мэдээж олон хүчин зүйл хамаарна.

- Тэгвэл цахим ертөнцөөс хамааралтай  сөрөг үр дагаврын тухайд та юу хэлэх вэ?

-Интернэт хамаарал гэж нэг ёсондоо өвчин бий болсонд эмзэглэдэг. Хар тамхинд донтохтой адил нэг ёсны хамаарал юм даа. Хүүхдүүд янз бүрийн тоглоом татаж тоглоод   донтож байна. Таван минут зүгээр сууж чадахгүй твиттер, фэйсбүүк рүү ордог, байнга тийшээ ханддаг явдал  нэг ёсны дон, өвчин юм.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ -аас  үүнийг өвчний нэг хэлбэр гэж тогтоосон шүү дээ. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, зарим улс орон өнөөдөр интернэтэд   үзэл бодлоо  нээлттэй илэрхийлсний төлөө манайх шиг хатуу арга хэмжээ авахгүй байгаа. Нийгмийн хөгжлийн үе  шаттайгаа хамаарч, зарим нь аядуу зөөлөн, зарим нь хүчтэй гэхчлэн янз бүрийн хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлж байна. Түүнийг заавал эрүүгийн хариуцлага тооцож, шоронд хорих байдлаар хариуцлага тооцож болохгүй. Нийгмийг эрүүл байлгах гол хүчин зүйл нь интернэт. Түүнд хандагчид, сэтгэгдлээ үлдээж байгаа хүмүүсийг айлгаж,  хуулиар  далайлгаж болохгүй. Гэхдээ хэрэглэгчид бас ёс зүйг эрхэмлэх ёстой. Харамсалтай нь манай улс ардчилсан орон гэж  байгаа ч интернэтийн хар данстай орон болчихсон байна шүү дээ. 166 сайтын хандалтыг хязгаарлачихсан байна. Нөгөөтэйгүүр, 774 үгийг  хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэрэглэхийг хориглочихсон. Цаашид энэ янзаар явбал бид ерөнхийдөө интернэтийн эрх чөлөөгүй орон болоход  маш ойрхон байна. Интернэт хүн төрөлхтөний бүтээсэн оюуны хамгийн  чухал зүйл.  Түүнд эзэн байхгүй. Нэгэнт хүн төрөлхтөний бүтээл учраас бид түүнд жинхэнэ утгаар нь нээлттэй хандах ёстой. Ямар ч тоталитар диктатуртай улс оронд нийгмийн сүлжээ хүмүүс хоорондын хамгийн хурдан мэдээ түгээх хэлбэр болсон учраас төр, засгаа шүүмжлэх, цахим хэрэгслээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, үр дүнд хүрч  байна.  Харин ч төр, засаг нээлттэй байх тусмаа нийгэм аядуу зөөлөн байна. Хааж,  хянаж, хяхаж боох тусам байдал улам хурцдана. Миний бодлоор бол төрийн албан тушаалтантай холбоотой сенсацтай мэдээлэл твиттер, фейсбүүкээр хурдан тардаг. Үйл явдлын энгийн  мэдээг сонирхогч бүлэг нь л сонирхоод өнгөрдөг. Тэгэхээр энэ  нийгэмд байх ёстой зүйл. Интернэтийн эрх чөлөөний  өдөр жил бүрийн гуравдугаар сарын 12-нд болдог. Цаашид бид ядаж тэр  өдрийг тохиолдуулан интернэтээр үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хохирогчтой баймааргүй байна.

-Гэхдээ цахим ертөнцөөр дамжуулан садар самуунд уруу татлаа, гэмт хэрэг хийлээ гэж дуулддаг. Энэ талаар ямар зохицуулалт байх ёстой бол?

-Мэдээж төрөөс бага зэргийн хяналт байх ёстой. Тэр нь түрүүнд миний хэлсэн аюулгүй байдалтай холбоотой. Зэр зэвсэг, хар тамхи, хориотой бараа  наймаалах, хүний наймаа, бага насны хүүхдэд  садар самуун сурталчилсан зэрэг асуудалд төр хяналтаа тавина. Гэвч Хойд Солонгос, Вьетнам, Куба, Садуын Араб, Сири, Туркмен зэрэгмаш хурдацтай интернэтийн цензур  тогтоож байгаа улс орнуудын  араас манай улс явж байгаа нь тодорхой болчихлоо. Нэг хэсэг  интернэтэд орохдоо регистерийн дугаараа бүртгүүлж байх ёстой гэсэн асуудал эрх баригчдын дунд яригдаж байсан. Ямар нэгэн далим шалтгаан гаргаж, цахим хуудсуудыг олноор нь хааж байна. Интернэт хэрэглэснийг нь  далайлган айлган сүрдүүлэх, барьж хорих явдал бий боллоо. Энэ бүхэн миний түрүүнд дурьдсан улс орнуудад бий болсон зүйл. Тэгэхээр бид яах аргагүй буруу яваад  байна.

 

 

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих