“Чалко”-д төлөх өрийг энэ онд дуусгана

чадкоУул уурхайн яамны удирдлагууд Оюутолгой, Тавантолгойн ордтой холбоотой сүүлийн үеийн мэдээлэл болон өмнөд хөршийн даргын айлчлал энэ салбарт ямар өөрчлөлтүүдийг бий болгох талаар өчигдөр мэдээлэл өглөө.

БНХАУ-ЫН ДАРГЫН АЙЛЧЛАЛ НҮҮРСНИЙ САЛБАРТ НӨЛӨӨЛӨХ ҮҮ?

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал уул уурхайн салбарт өндөр төвшиний түүхэн айлчлал болсныг салбарын сайд онцоллоо. Энэ айлчлалаар Монгол, Хятадын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон хөгжүүлэхээр хоёр тал тохиролцож энэ тухай Хамтарсан тунхаглал гаргасан. Айлчлалын үеэр 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан. Үүний дотор Геологи, уул уурхай, газрын тосны салбартай холбоотой гэрээ, хэлэлцээрүүдийг байгуулсан байна. Манай улс нүүрсээ сүүлийн 5-6 жилд авто машинаар тээвэрлэж байгаагаас болж  багагүй орлогоо алдаж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар нь буурсан. Энэ асуудлыг шийдэх хэлэлцээрийг айлчлалаар ярилцсан. Төмөр замтай холбогдсон гэрээ хэлэлцээрүүдээр далайн боомт, чиглэл, ачааны хэмжээ, хэлэлцээрийн үйлчлэх хугацаа, тээврийн тарифын хөнгөлөлт зэргийг тохирсон байна. Мөн  Гашуун сухайт-Ганц модны боомтын төмөр замыг санхүүжүүлэх тухай Гашуун сухайт компани, БНХАУ-ын Шэнхуа групп, Хятадын хөгжлийн банк хоорондын ерөнхий хэлэлцээрийг байгуулсан аж. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр, Хамтын ажиллагааны тухай Газрын тосны газар, Хятадын Газрын тосны үндэсний корпораци хоорондын санамж бичиг, 162 сая ам.долларын арилжааны зээлийн тухай Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын хэлэлцээр”-ийг байуулж, 1.3 тэрбум юанийн буцалтгүй тусламж, нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Энэ гэрээ, хэлэлцээрүүдийн хүрээнд Уул уурхайн яамны удирдлагууд хэлэлцүүлэг хийж хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж ажиллахаар  бодлого, хууль, хөтөлбөр боловсруулахаар болжээ.

“ЧАЛКО”-Д ТӨЛӨХ ӨРИЙГ ЭНЭ ОНД ДУУСГАХААР БОЛЖЭЭ

“Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр  зам, Тавантолгойн ордын цахилгаан станцыг барих хөрөнгийг бондын санхүүжилтээс хуваарилсан. Энэ бүтээн байгуулалтын ажил эрчимтэй урагшилж байна” хэмээн салбарын сайд хэллээ. Мөн Гашуунсухайт чиглэлийн боомтын төмөр зам барих санхүүжилтийг Гашуун-Сухайт компани шийдэж байгаа бөгөөд төмөр замыг ирэх он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.  Засгийн газраас Тавантолгойн бүлэг ордыг тойрсон дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэснээр Монголын нүүрсний үнэ өснө гэж тооцоолжээ. Түүнчлэн нүүрс шингэрүүлэх, метан хий ашиглах төслүүдийг гадаад, дотоодын компаниудтай хамтран хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Уг ордоос өмнөд хөршийн төрийн өмчит компанид төлөх өр 100 гаруй сая ам.доллар үлджээ. Үүнийг энэ онд багтаан төлж дуусна гэдгийг уул уурхайн яамны удирдлагууд хэлэв.

“ЭЗЭН-100” УУЛ УУРХАЙН САЛБАРТ 90 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА

Эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд Уул уурхайн яам 15 ажлыг гүйцэтгэжээ. Тухайлбал, энэ салбарын гол бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ 10 төгрөгөөр буурч, шатахууны  нөөцийг 60 хоног болгон нэмэгдүүлснээр компаниудын газрын тосны бүтээгдэхүүний нөөц хөтөлбөр эхэлсэн үетэй харьцуулахад 3.1 дахин нэмэгдсэн байна. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулж, энэ хуулийн хүрээнд төрөөс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбилцолыг тогтоох тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар батлуулжээ. Алтны салбарыг ил тод нээлттэй болгох, олборлолтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, валютын орлогыг өсгөх зорилгоор алт олборлогчид Голомт болон Худалдаа, хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авчээ. Мөн БНХАУ-тай хамтарсан нүүрс хийжүүлэх үйлдвэр барих бэлтгэл ажлыг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор БНХАУ-ын Синопек корпорацитай хамтарч нүүрсийг хийжүүлэх төслийг хэрэгжүүлэх нэгжийг яамны дэргэд байгуулжээ. Улмаар хүрэн нүүрсээс синтетик хий үйлдвэрлэх, экспортлох төслийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг хоёр тал хамтран боловсруулсан байна. Нүүрс шингэрүүлж шатахуун үйлдвэрлэх төслийн хүрээнд Монгол-Германы хамтарсан “Гермон газ” компани Шивээ-Овоо уурхайг түшиглэн үйлдвэр байгуулахаар болжээ.

 

Э.ӨНӨР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих