У.Барсболд оффшор дансаа “Эдийн засгийн өршөөл”-өөр халхлах уу

uls_53fd32e702b0a_1“Энхбаярын Барсболд” уу, Уламбаярын Барсболд уу гэдэгт эргэлзтэл экс Ерөнхийлөгчийг дагасан “үнэнч” залуусын нэг нь эдүгээ МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр зуутын дарга У.Барсболд юм. Нэгэнтээ түүнээс “Барсболд, Баасанхүү хоёрын хэн нь яг одоо Н.Энхбаярт хэрэгтэй бол” хэмээн асуухад “Энэ бол түүний сонголт” хэмээсэн. Түүний үнэн. Харин Н.Энхбаярт “чин үнэнч” хэсэг бүлэг хүмүүсийг шахан зайлуулахын тулд У.Барсболдыг МАХН-ын Гүйцэтгэх товчооноос дүрмээ зөрчин байж хөөсөн ч бас учиртай бололтой. Үүнд зөвхөн улс төрийн учир шалтгаанаас гадна нэр цэвэр хүмүүсээр намаа бүрдүүлэх эрмэлзэл бас оршсон аж. Тэгвэл У.Барсболд яагаад нэр цэвэр биш гэж?

Юуны өмнө түүнийг Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа Богд уулын дархан цаазат газруудыг зарсан, Хөшөөтийн уурхайн асуудалд холбогдуулан хэвлэлээр их балбадаг нь үнэн. Харин тэрбээр  өөрөө “Би хуулийн байгууллагуудаар хангалттай шалгуулсан. Нийслэлийн прокурорын тогтоолд намайг “Хөшөөтийн уурхайтай холбоотой аливаа нэг ашиг сонирхлын зөрчил, холбоо байхгүй” гэдгийг тогтоосон. Дахин намайг Хөшөөтийн уурхай, Богд ууланд олгосон газрын асуудалтай холбож бичвэл шүүхэд хандана” хэмээн мэдэгдсэн.

Гэтэл түүнд холбогдох оффшор дансны асуудал үлдчихээд байгаа. Тэртээх 2006 оны дөрөвдүгээр сарын 28-нд Их Британийн Виржиний арлуудад “Mongolian Natural Resources Investment Group” /BVI/ компанийг бүртгүүлэн, нууц дансаа нээсэн нь илэрсэн тухай гэцгээх болсон. Харин өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “хэдэн үеэрээ идэх их хөрөнгө хураасан төрийн өндөр албадтай хатуухан тэмцэхээр шийдсэн” тухайгаа олон нийтэд зарласан юм. Энэ үеэс оффшор гэгч дансыг зөвхөн С.Баярцогт бус У.Барсболд ч бас бүртгэлтэй явдгийг мэдэж авцгаасан.

“Хуучин” МАХН-д 26 жил зүтгээд шинэ МАХН-д элссэн тэрбээр Хөшөөтийн ордыг эзэмшихдээ хамтарч байсан БНХАУ-ын иргэдтэй хамтран оффшор бүсэд аж ахуйн нэгж байгуулан мөнгөө байршуулсан талаар хэвлэлээр бичиж байв. Тэр одоо ч МАХН-ын дарга Н.Энхбаяртай ойр дотно хэвээрээ байгаа. Өөрийнх нь ярьснаар “Тэднийг нийлүүлдэг олон зүйл бий” гэсэн. Тэгээд ч МАХН-ын зарим “нөхөд” нь түүнийг “МАН-ын тагнуул”, “АН-ын тагнуул” гээд байхад тэр өөр хаачих ч билээ. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар бол Н.Энхбаяр, У.Барсболд хоёрт Эдийн засгийн өршөөлийн тухай хууль маш их хэрэгтэй байгаагаараа хачин нийлэмжтэй байгаа нь тодорхой.

Ингэснээр тэд торны цаана суухгүй. Зөвхөн дансаа Монголдоо авчирч байршуулсныхаа төлөө гэм зэмгүй өнгөрөх сүүлчийн боломж олдох учиртай. Өөрөөр хэлбэл Эдийн засгийн өршөөлийн тухай хууль бол тэдний хууль бусаар олсон олз бүхнийг хууль ёсны болгох алтан боломж яах аргагүй мөн. Н.Энхбаярт холбогдох хэргийн тухайд арай өөр юм билээ. Харин У.Барсболдын хувьд Эдийн засгийн өршөөлийн хуулийг “нэрээ цэвэрлэх”, сэтгэл тэнэгэр алхах боломж гэж харахаас өөр гарцгүй. Тиймээс ч энэ хуулийг батлуулахын төлөө чадах бүхнээ, магадгүй гүтгүүлж байсан шигээ “хоёр намын тагнуул” байсан ч яадаг юм бэ гээд зүтгэх эхэлсэн аж.

Ж.Мөнхбаяр /Zaluu.com/


URL:

Сэтгэгдэл бичих