Сургууль, цэцэрлэг , яслийн бүртгэл буюу боловсрол тойрсон их бизнес

20140826021704Уг нь 8-р сарын 25-наас улсын сургууль, цэцэрлэг, яслийн бүртгэл эхлэх ёстой боловч бүртгэл нь эрт дуусчихдаг гэж эмээсэн эцэг эхчүүд өнөө жил наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлээд сургууль, цэцэрлэгүүдийн гадаа дугаарлан зогсч зарим нь бараг л хонох дөхөж байна. Гэвч ингэлээ гээд ч нэмэргүй байгаа аж. Хүүхдүүдээ бүртгэж эхлэх ёстой 25-ны өдөр нь ч болоогүй байхад л зарим улсын сургууль, цэцэрлэгийн эрх мэдэлтнүүд “Манай хүүдийн тоо гүйцсэн. Нэмж хүүхэд авах  ямар ч аргагүй” хэмээн хэлж байгаа юм байх. Нэг ёсондоо сургууль, цэцэрлэгт ажилладаг нөлөө бүхий хүмүүс ийм үгээр халхавчлан бизнес хийж ашиг олох гэсэн санаархал илт цухалзаж эхэлжээ.

Манайх хүүхэд нэмж авахгүй, хүүхдийн тоо аль хэдийнэ бүрдсэн гэдэг үг сонссон эцэг эхчүүд ямар ч үнээр хамаагүй хүүхдээ цэцэрлэг яслид оруулахын тулд түрийвчээ ухаад эхэлдэг нь жам болсон үзэгдэл. Өнгөрсөн жил л гэхэд улсын цэцэрлэгүүд хүүхдийн тоо гүйцсэн гэж байснаа нэг хүүхдээс 250-500 мянган төгрөг аваад оруулж байлаа. Мөн сургуулиуд нэг хүүхдээс 300 мянган төгрөг аваад бүртгэж байсан юм. Энэ жил мөнгөний нь тоо өссөн сураг дуулдаж байгаа бөгөөд доод талын нь 500 мянга дээд тэл нь сая төгрөгт хүрч байна гэсэн үг яриа эцэг эхчүүдийн амнаас унаж байгаа юм.

Үндсэн хуулинд үр хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургаж хүмүүжүүлнэ гэж заасан байтал ийнхүү бүртгэлээ хүртэл үнэлж байгаа нь боловсролоор далимдуулан бизнес хийж байгаа бусармаг үзэгдэл юм. Саяхан статистикийн газраас гаргасан судалгаагаар улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 243 мянган хүүхэд, улсын 764 цэцэрлэг, хувийн 303 цэцэрлэг байгаа гэсэн тооцоо гаргасан байв. Улсын хэмжээнд байгаа хувь, хувьсгалын мянга гаруй цэцэрлэгт ердөө 197 мянган хүүхэд цэцэрлэг, яслид явах боломжгүй болж гэртээ хүүхэд харагч хэн нэгэнтэй хамт үлдэхээс өөр аргагүй болж байгаа юм. Хамгийн гол нь цэцэрлэг, яслид хамрагдаж байгаа 197 мянган хүүхэд бүгдээрээ ном журмын дагуу бүртгүүлж байгаа юу гэдэг  эргэлзээтэй.

Хувийн цэцэрлэгүүд ч яахав төлбөр мөнгөө аваад оруулж байгаа нь ойлгомжтой. Харин улсын цэцэрлэгүүд хүүхдүүдийн тэн хагасаас хахууль аваад оруулж байгаа нь эргэлзээгүй. ХЗДХЯ-ны сайд асан Ц.Нямдорж нэгэнтээ “Цагдаагийн нэгэн кабаныг /Цагдаагийн хэсгийн байр/ 50 сая төгрөгөөр барьдаг юм” гэж хэлж байв. Тэгвэл цагдаагийн кабаны  хэмжээтэй байранд дор хаяж 100 хүүхдийн цэцэрлэг ажиллуулж болно гэсэн тооцоо бий.

Харин 50 сая төгрөгийн өртөгтэй 1500 цэцэрлэг барих мөнгийг манай улстөрчид элдэв лобби, үр ашиггүй төсөл сэлтэд үрээд дуусчихсан нь саяхнаас тодорхой болсон шүү дээ. Адгийн наад зах нь улсын баяр наадмын дараа Монголын өнцөг булан бүрд эхэлсэн одоо ч дуусаагүй байгаа сумдын ойн баяр наадамд л гэхэд улсын төсвөөс 90 тэрбум төгрөг яваад өгсөн байгаа юм.

 

Б.Мөсөн

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих