Хэрэглэгчдээ шулахдаа гаршсан Мобикомоос татгалзъя
Монголын анхны үүрэн холбооны оператор Мобиком үйл ажиллагаагаа явуулаад 18 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Анхдагч гэдэг утгаараа шинэ, шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэн Мобиком Монголын хоцрогдлыг бүрэн ашиглаж чадсан гэдгийг нь бизнесийн хүрээнийхэн андахгүй.
Харин жирийн хэрэглэгчид бид өнгөрсөн хугацаанд Мобикомд хэрхэн шулуулж байсныг товчхон өгүүлье.
1996 онд шинэ дугаар авахад 33 900 төгрөг байсан бол 2005 онд 16 700, өдгөө 5.000 төгрөг болсон. Эндээс юу харагдаж байна гэхээр тус корпорацийнхан 5000 төгрөгөөр худалдахад л ашиг олох дугаарынхаа үнийг зургаа дахин нугалан борлуулж байсан байгаа юм. 1996 онд мөнгөний ханш одоогийнхтой харьцуулахын аргагүй чанга байсан шүү дээ.
Цаашлаад алт, мөнгөн дугаар нь 9911, 9909, 9908, 9919 -тэйгээсээ шалтгаалаад дээд тал нь 100 сая төгрөг хүрч байна. Дугаар харах үйлчилгээ /клип/ л гэхэд 1996 онд 6000 төгрөг, 2005 онд 1500 төгрөг. Ярианы тариф 1996 онд 390, 2005 онд 190-250 төгрөг байсан бол эдүгээ сүлжээндээ 70, бусад сүлжээнд 100 төгрөг. Харин мессеж бичихэд сүлжээндээ 20 бусад сүлжээнд 40 төгрөг байсан бол одоо сүлжээндээ 18 бусад сүлжээнд 25 төгрөг байгаа. Үнэндээ энэ бол тэдний зохиосон дэндүү үнэтэй тариф биш гэж үү.
Бусад үүрэн холбооны операторуудын ярианы тариф сүлжээ харгалзахгүй дунджаар 50 төгрөг байдаг. Тиймдээ ч Мобикомын ажилчид өөрсдөө ажиллаж байгаа оператораасаа татгалзаж Юнител, Скайтел, Жи-Мобайлыг сонгож хэрэглэдэг гэдэг нь нууц биш.
“Мобиком” олсон ашгийнхаа 100 төгрөг тутмын 81-ийг нь хэрэглэгчдийнхээ тусын тулд хөрөнгө оруулалт болгон бэлэглэдэг гэж ярьдаг. Харамсалтай нь энэ бодит биш, яриа гэдэг нь олон зүйлээр нотлогддог. Яг үнэндээ энэ нь дараагийн 100 төгрөг олох гүүрээ өөрсдөдөө барьж байгаа 81 төгрөг юм. Өөрөөр хэлбэл, нийт ашгийнхаа 81 хувийг хөрөнгө оруулалт маягаар монголчууддаа хүргэдэг сайхан сэтгэлтэй компани болж харагдахыг оролдсоор ирсэн.
Японы хувь нийлүүлсэн корпорациуд болох “Sumitomo”, “KDDI” нь Монголоос ашиг олох нь чухал биш, зүгээр л хүмүүнлэг энэрэнгүй хөрөнгө оруулалт хийж байгаа мэтээр өөрсдийгөө рекламддаг. Гэвч яг бодит амьдрал дээр юун энэрэнгүй хүмүүнлэгийн нийгэмлэг мантай “Улаан шулаач” гэдгийг хэрэглэгчид нь төдийгүй, хэрэглэгч нь байхаас татгалзсан олон иргэд нотолдог.
Хэрэглэгч нь байхаас татгалзсан гэдгийг товчхон үгээр тайлбарлавал тэд өөрсдийгөө 1,3 сая хэрэглэгчтэй гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ ямар ч идэвхигүй буюу “үхмэл” дугаарын хэрэглэгч олон байдаг. Анхдагч оператор гэдэг утгаар нь хэрэглэгчид нь дугаартай “хайртай” ч байдаг юм уу, билэгдэлтэй санагдаж хэрэглэхгүй, зүгээр л хадгалах нь ч бий. Ямар сайндаа л Мобикомын дугаараа зөвхөн гаднаас дуудлага авахад ашиглаж, гадагшаа залгахдаа өөр хямд тарифтай оператор сонгож байх вэ дээ.
Хэрвээ та бусад сүлжээнд Мобикомын дугаараасаа ярьдаг бол 100 минут ярилаа гэхэд 10.000 төгрөг. Харин бусад операторуудаас ярихад дунджаар 5.000 төгрөг. 50 хувийн хөнгөлөлттэй байх жишээтэй. Тэгэхээр хэтэрхий өндөр тарифийг хэрэглэгчид яагаад сонгох ёстой гэж. Мобикомын энэ мэт дуусашгүй шунал өнөөдөр тус компанийг цаашид хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадах эсэхэд эргэлзээ төрүүлэх болов.
М.Нандин Uls.mn
URL: