Популистуудын хүлээж байсан шиг зүйл болсонгүй

Ам.долларын төгрөгтэй харилцах ханш тогтмол өссөөр өнгөрсөн долоо хоногт 1900 төгрөг даваад байлаа. Ам.долларын зээлтэй аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээж, зарим нэг эх орончид хэдийнэ мэдэгдэл гаргаж эхэлсэн юм.

Ам.долларын ханшийг өсгөсөн Засгийн газрыг огцруулна, Монголбанктай хариуцлага тооцно хэмээн хөөрч давхисан болохоос эдгээр эх орончид дунд шалтгаан нь юунаас болов, яагаад бид ийм байдалд хүрсэн бэ гэдгийг санаж сэрэх сөхөөтэй хүн нэг ч байгаагүй.

Буруу бодлого гаргалаа, мөнгө зээлж улсаа өрөнд өгөх гэж байна гэсэн популистуудын үг үйлдэл болгоны ард эдийн засагт эрсдэл ирж байсан гэдгийг тэд тооцоогүй нь харамсалтай.

-28022014-1393551859-1518992054-tugrug_dollar1

Уул уурхайн баялгаас эдийн засаг нь хараат болсон энэ үед хий хоосон улстөржилт, улстөрчдийн, эх орончдын цээжээ дэлдсэн хариуцлагагүй үг бүхэн хөрөнгө оруулагчдыг хулжааж байсан билээ. 2000 төгрөгт хүргэхийг нь хүлээсэн хэсэг хүртэл энэ зуур бий болж улстөржих сэдвээ үүгээр бэлтгээд байв.

Харамсалтай нь популистуудын хүлээж байсан шиг зүйл болсонгүй. Ам.долларын ханш мягмар гарагаас эхлэн буурч арилжааны банк болон валют арилжааны төвүүдэд даруй 31 төгрөгөөр буурсан юм. Ингэснээр 1905 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш 1864 төгрөг болж, өчигдөр бүр 1861 төгрөг болж дахин буурлаа.  Юанийн ханш 310 төгрөгтэй тэнцэж байсан бол гурван төгрөгөөр буурч 307 төгрөгтэй тэнцлээ. Цаашдаа ч буурах эерэг төсөөлөл байгааг эдийн засагчид онцолж байсан юм. Одоо улс төр хийхгүй гэдэгт найдъя. Юунаас болж буурав, энэ нь хөөсөрсөн бууралт биш биз гэж хардах хэсэг мэдээж гарна.

Зарим нэг улс төрийн хэнээтнүүд БНХАУ-ын даргаас өр зээл тавих нь тодорхой болчихож, тэгээд бууруулж байна хэмээн улстөржих нь тодорхой. Тиймээс ам.долларын ханш буурч байгаа шалтгааныг тодруулахаар эдийн засагчид руу утас цохилоо. Тэдний хувьд энэ бол эхлэл төдий бууралт гэдгийг хэлж байсан юм. Цаашдаа буурах нөхцөл байгаа ч улстөржилтийн хар гай ийм нөхцөл байдал руу хүргэх эсэхэд эргэлзэж байгаа аж.

Валютын ханш ийн буурч буйн шалтгааныг эдийн засагчид гадаад худалдааны алдагдал буурсантай холбон тайлбарлаж байна. Тухайлбал, улсын гадаад худалдааны алдагдал жил бүхэн 1.2 орчим ам.доллар байсан бол өнөө жил 200 сая ам.доллар болж огцом буурсан нь нэг шалтгаан гэж тодорхойлж байгаа юм.

Нөгөө талаар өнгөрсөн долдугаар сард гадаад валютын урсгал эерэг дүнтэй гарч төгрөгийн валюттай харилцах ханшид эерэгээр нөлөөлжээ. Мөн Хөгжлийн банк их хэмжээний валютыг зах зээлд нийлүүлсэн нь 30-50 төгрөгийн бууралтад нөлөөлсөн хэмээн тайлбарласан юм. Тэгэхээр энэ мэтээр эдийн засагт гол нөлөө үзүүлэх валютын ханшийг сулруулах эдийн засгийн хөшүүргүүдийг шат дараатай хийж чадвал өнөөдрийн толгойн өвчин болсон төгрөгийн ханш суларсан асуудал, валютын ханшийн огцом өсөлтөөс ангижирч чадах нь ээ. Тэдгээр эдийн засгийн хөшүүргүүд юу вэ.

Оюутолгойгоо урагшлуулъя

-Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бол Оюутолгой. Эдийн засаг нь уул уурхайгаас хамааралтай учраас энэ ордын эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл өнгөрсөн хэдэн саруудад манай эдийн засгийг хангалттай сөхрүүллээ. Арайхийн ойлголцолд хүрч асуудал нааштай болох нь уу гэхээр популизм хийсэн хэсэг энэ ордын хувь заяагаар оролдож тэр хэрээр Монголын эдийн засагт ар араасаа цохилтууд ирж байв. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдалд ордыг хөдөлгөөнд оруулж, ойлголцолд хүрэх асуудал чухал байна.

Ингэснээр валютын ханш 1700 хүрэх ч магадлал өндөр. Цаашлаад 53 хувиас долоон хувь хүртлээ доройтчихоод байгаа Гадаадын шууд хөрөнө оруулалт огцом нэмэгдэх билээ. Даваа гарагт Засгийн газар, Оюутолгой компанитай өмнөд бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах төсөлд гарын үсэг зурж, энэхүү төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй гадны компаниуд өргөдлөө өгч эхэлсэн нь гадны хөрөнгө оруулагчдад маш чухал эерэг мессеж боллоо. Ингэснээр Оюутолгойн итгэлцлэлийг дагаад хөрөнгө оруулагчид орж ирэх таамаг тун өндөр байна.

Лицензүүдийн гүйцэтгэх үүрэг төдийлөн бага биш

-УИХ-аас хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар 106 лицензийг эргэн сэргээхээр болсон билээ. Зуны гурван сард эдгээр лицензийн эзэд болох гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид эдийн засгийг хөл дээр нь босгох талаар яригдсан нь үнэнээс хол зөрөхгүй.

Ямартай ч энэ намар эргэж сэргээх эдгээр лицензүүдийг дагаад Монголын эдийн засагт чамлахааргүй мөнгө эргэлдэнэ гэдгийг эдийн засагчид онцолж байгаа. Хамгийн багадаа л 500 сая ам.доллар Монголын эдийн засагт орж ирснээр валютын ханш мөн л доошлох магадлал өндөр байна. Үүний нөлөөлөл эерэгээр тусах учраас хуулиар боомилогдож байсан лицензүүдийг даруйхан сэргээж, боомилж байгаа хөрөнгө оруулалтаа цэгцлэх шаардлагатай байна.

Хуулиа өөрчилвөл 250-иар буух шаанс бий

-2012 онд нэг тэрбум гаруй ам.долларын олборлолт хийж байсан нүүрсний салбар өнөөдрийн байдлаар их хэмжээний алдагдалтай байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Чалькод төлөх өр дуусаагүй. Газрын тосны хууль, Ашигт малтмалын тухай хууль зэрэг хуулиуд батлагдсан ч үр дүн нь төдийлөн их биш байна. Тавантолгойн ордоо өрнөөс салгаж, эдийн засагт хөрөнгө оруулалт хийх нөхцөл бололцоог хангахын тулд бидэнд нэлээдгүй цаг хугацаа хэрэгтэй бололтой. Тэр болтол мэдээж багагүй цаг хугацаа зарцуулна. 2012 онд хүрч байсан шиг нүүрсний борлуулалтаа дээд цэгт нь хүргэж, тэндээс эдийн засгаа тэжээх магадлал төдийлөн өндөр хувь эзлэхгүй байгаа юм.

Тэгэхээр долларын ханшийг бууруулах нэг гарц нь Өрийн удирдлагын хуулиа өөрчлөх асуудал болоод байна. БНХАУ-ын дарга Си Зиньпинээс Засгийн газар их хэмжээний мөнгө зээлэх нь гэсэн яриа сүүлийн үед эрчимтэй тархав. Гэхдээ тийм боломж байхгүй. Засгийн газраа барьцаалж өр тавих хэмжээ нь Чингис, Самурай бондоор хязгаарлагдаж, ДНБ-ий 40 хувьд хүрчихсэн учраас Н.Алтанхуягт шаанс гарахгүй. Сү.Батболд шиг нүүрсээ барьцаалж ширээн доогуураа гэрээ хийхгүй л бол Засгийн газар дахин бонд гаргах боломжгүй юм. Тиймээс хаа хаанаа харилцан ойлголцолд хүрч өрийн хэмжээгээ нэмэгдүүлж чадвал валютын ханш хамгийн багадаа л 250 төгрөгөөр буурах таамаглал байгааг эдийн засагчид хэлж байна.

Тэгэхээр улстөрчид нь өрөнд баригдлаа хэмээн улстөржих бус хэмжээгээ нэмэгдүүлж, үйлдвэр, барилга, хөдөө аж ахуйн салбарт үр дүнтэй зарцуулж чадвал хямралаас нэг их толгой өвдөхгүйгээр гарч чадах нь ээ. Долоон хувь болтлоо доройтсон гадны хөрөнгө оруулалт, 200 гаруйхан сая төгрөг эдийн засагт оруулж байгаа нүүрсний борлуулалт эргэж хэзээ хэвийн байдалдаа орохыг мэдэхгүй, дэмий хүлээж цаг алдаж сууснаас илүү үр дүнтэй хямралаас салах арга нь энэ л байна.

Гэхдээ бонд нэмж босгохдоо зам руу оруулж юу ч биш болгохгүй байх нь улстөрчдийн ойлголцлын асуудал. Хэрвээ Чингис бондыг зам руу биш, үйлдвэр, барилга, хөдөө аж ахуйн салбарт зарцуулсан бол бид ингэтлээ аргаа барахгүй байсан гэдгийг эргэн нэг сануулъя.

Б.Өнөртогтох

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих