Мөнгөний стресс хамгийн хүнд тусдаг

stress1Сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрахад хэд хэдэн бэрхшээлтэй асуудал тулгардгийн нэг нь мөнгө. Авдаг цалиндаа сэтгэл хангалуун бус байх эсвэл илүү ихийг авах шунал хүслээсээ болж сэтгэлээр унаж, стресст ордог байна. Ер нь олон залуу хүмүүс аз жаргалын гол хэмжүүрийг мөнгөөр тодорхойлж, мөнгө бүхнийг дийлнэ гэсэн ахархан бодолтой явдаг нь судалгаагаар ч батлагдсан. Үүнээсээ болоод байнгын стресст орох, эрүүл мэндээрээ хохирох нь элбэг байдаг.

Танд зөвлөхөд:
Бусдын хэтэвч рүү бүү өнгөлз
Хүний цалин асуугаад явдаг хүмүүс байдаг. Саваагүй зан ч байж болно. Аль нь ч байлаа ингэх хэрэггүй. Олон тэгээр төгссөн тоо сонсвол даралт тань ихсэх ч юм билүү хэн мэдлээ.
Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж сур
Ингэж чаддаггүйгээс хүмүүс мөнгөний стресст автаж бухимдалд ордог. Хөрш нь машин авлаа, байраа томсголоо гэхэд л унтаж чадахаа бараг больдог шүү дээ. Өөрийн боломжоо бодитой дүгнэ. Сайжруулах гээд бүр муутгачихсан “шатчихсан” тохиолдол элбэг байдгийг санаарай.
Ажил төрөлдөө сонирхолтой бай
Өөрийн хариуцсан ажилдаа чин сэтгэлээс ханд. Ажилдаа дур сонирхолтой хүн ямар ч мөнгөнөөс илүү таашаал авч, аз жаргалтай байдаг нь нэгэнт нотлогдчихсон зүйл. Хэрэв хийсэнтэй чинь харьцуулахад цалин хөлс бага санагдвал удирдлагадаа шулуухан хэлсэн дээр. Дотроо шаналаад явах нь стресст орох нэг хүчин зүйл болдог.
Бүү атаарх
Хүн ямар ч өндөрлөгт хүрсэн, атаархах хүн заавал олдоно гэдэг. Хүний мөн чанар тийм юм. Сэтгэл ханадаггүй гэсэн үг л дээ. Зөв атаархал байх хэрэгтэй ч гэдэг. Гэвч атаархал бол угтаа бүгд ижил. Атаархал нь хүнийг дотроос нь иддэг, хүчтэй стресст оруулдаг, эрүүл мэндэд хор уршигтай зүйл.
Өөрийгөө бусадтай бүү харьцуул
Барьцах ч гэж ойлгож болно. Хүн бүрт өөрийн давтагдашгүй онцлог, зан чанар, чадвар байгалиас заяасан байдаг. Найз чинь юм оёх авъяастай тул өөртөө аятайхан хувцас хийгээд өмсчихдөг. Үүнд бухимдаж, барьцах нь утгагүй. Та юм оёж чаддаггүй ч амттай сайхан хоол хийх авъяас чадвартай. Иймд хэрэггүй зүйлд шаналж, өөрийгөө бусадтай жишиж, стресст орж байх нь эрүүл мэндээ хохироохоос өөр үр дүнд хүрэхгүй.


URL:

Сэтгэгдэл бичих