С.Чулуун: Түүхийг дураараа тайлбарлах нь аюултай

Түүхийн ухааны доктор, дэд профессор С.Чулуунаас Монгол Ардын намын нэр Хятадын Гоминданы намтай ямар нэгэн холбоотой гэх түүхэн баримт байдаг эсэх талаар тодрууллаа.

-Монгол Ардын нам байгуулагдах цаг үеийн шаардлагыг түүхэнд хэрхэн тэмдэглэсэн байдаг вэ?
-Монголд XX зууны эхэн гараад улс төрийн үйл явц нэлээд өөрчлөгдсөн. Ер нь зөвхөн Монголд ч гэлтгүй дэлхийн олон оронд улс төрийн томоохон өөрчлөлт гарсан гэж үздэг. Ялангуяа Азид томоохон байр суурь эзэлж байсан Манж Чин гүрэн унаж, эрхшээлд нь байсан хэд хэдэн орон биеэ дааж салсан. Тэдний нэг нь Монгол шүү дээ. Монголчууд 1911 онд бие даасан тусгаар тогтнолоо өөртөө зарлаж, Олноо өргөгдсөн Монгол Улсыг байгуулсан.

Харин 1915 онд их гүрнүүдийн түрэмгийллийн нөлөөллөөр Монголын тусгаар тогтнол Хиагтын гэрээгээр таслагдсан. Энэ үед Монгол автономит улс болсон. Харин 1919 оны аравдугаар сард Дундад иргэн улс Монголын автономитыг бүрэн устгасан юм. Энэ үеэс эхлэн Монголын тусгаар тогтнолын үйл явц ил далд хэлбэрээр өрнөсөн байдаг. Түүхэнд Монгол Ардын намыг 1920 оны зургадугаар сарын 25-нд байгуулагдсан гэж тэмдэглэсэн байгаа.

Энэ намын зорилго нь үндэсний ардчилсан үзэл баримтлалтай, язгуур угсааг бус, ардын эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн эх оронч хүмүүсийн нэгдлийг бий болгох явдал байсан. Тэр хүмүүс тодорхой зорилго бүхий улс төрийн бүлэглэл байгуулах шаардлагатай байсан нь ойлгомжтой.

-Тэгвэл Ардын намыг Хятадын Гоминданы намтай холбоотой мэтээр ярих үндэслэл бий юу?

-Энэ намын үндсэн зорилго нь Гоминданы нам буюу гамингийн эсрэг тэмцэх явдал байсан учраас тэр намын нэрийг авсан гэдэг нь түүхэн ямар ч үндэслэлгүй юм. Яагаад гэвэл Ардын нам гэдэг чинь Монголын тусгаар тогтнолыг устгасан харь хүмүүсийн эсрэг тэмцсэн ард түмний нэгдэл шүү дээ.

Өөрөөр хэлбэл, тэмцэж байгаа зүйлийнхээ нэр усыг авна гэсэн ойлголт байх уу, үгүй гэдэг талаас нь харахад л ойлгомжтой юм. Түүх өөрөө үүнийг тод томруун хэлнэ. Бас нэг зүйлийг онцлоход өнөөдрийн өндөрлөгөөс 1920 оны түүхийг дүгнэж, шүүнэ гэдэг нь утгагүй асуудал. Тухайн үеийн нийгэм, улс төрийн орчин, хүчин зүйл өнөөдрийнхөөс шал өөр байсан нь тодорхой. Өнөөдөр бол өчигдрийн үргэлжлэл мөн ч өнөөдөр өчигдөр биш гэдэг өнцгөөс хандах ёстой.

-Түүхэн баримтыг улс төрийн ашиг сонирхлоор мушгин тайлбарлах нь хэр хортой зүйл вэ?

-Түүхэнд болоод өнгөрсөн нэг үйл явцыг нөгөө үйл явцаар цохидог, янз бүрээр тайлбарладаг байж болохгүй. Энэ бол аюултай зүйл. Түүхийг улстөржүүлж, тоглож болохгүй. Ер нь “Түүхээрээ оролдсон ард түмэн хамгийн эмгэнэлтэй болдог” гэж Платон хэлсэн байдаг шүү дээ. Тэр үеийн хүмүүс 1910 он ч бай, 1990 он ч бай өөр өөрийнхөө үүргийг л гүйцэтгэсэн байдаг. Бүгд өөр өөрийн зорилго чиглэлтэй байсан.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал бол язгууртнуудын хувьсгал байсан. Монголын нөлөө бүхий ноёд, шашны зүтгэлтнүүд оролцож, зохион байгуулсан. Богд Жавзандамба хэдийгээр түвд хүн боловч өөрийгөө алтан ургийн хүн гэж ойлгож байсан гэдэг. Анхны 1911 оны хувьсгал нь үндэс утсаа, шашин үндсээ аврах гэсэн үндсэн зорилго агуулж байв. Тиймээс түүхэнд болоод өнгөрсөн зүйлийг өнөөдөр шүүж, дэнсэлж, гуйвуулж тайлбарлаж болохгүй. Хамгийн гол нь шинжлэх ухааны үндэслэл, баримт, бодит эх сурвалж дээр суурилсан зүйлийг л ярих хэрэгтэй юм.

-Монгол Ардын нам МАХН болсон түүхийн тухайд?
-Монгол Ардын нам гэдэг улс төрийн байгууллага нь анхнаасаа үндэсний ардчилсан үзэл баримтлалтай байсан учраас тэр үзэл санааны агуулгаасаа нэр нь үүсч гарсан байдаг. Хэн нэгнээс зээлсэн биш. Ерөөсөө 1921 оны хувьсгал чинь язгуур угсаагүй боловч тусгаар тогтнолынхоо төлөө зорилго санаа нэгтэй жирийн ардын хувьсгал юм. Тухайн үед “Ноёдын бүлэг” гэж нууц бүлэг байсан ч анхны долоогийн хувьд бүгд язгуур угсаа байгаагүй. Ард гэдэг чинь язгуур угсаагүй иргэн харц гэсэн утгыг Эзэн Чингисийн үеэс л илэрхийлж ирсэн үг.

Тиймээс Ардын нам гэдэг үгийг зээлсэн байх ямар ч үндэслэл байхгүй. Харин 1924 оноос Оросын шууд нөлөөгөөр Ардын намын анхны зорилгыг бараг тэр чигээр нь эргүүлж, МАХН болго^он Гэхдээ оросуудын протоколд МАХН гэж тэмдэглэсэн байдаг ч монголчууд өөрсдөө Монгол Ардын нам гэдгээрээ тэмдэглэж байсан юм билээ. Энэ бүхнийг намын анхдугаар их хурлын протокол, 1928 оны үйл явцын баримтаас тодорхой харж болно. Монголчууд хүссэн ч, эс хүссэн ч Коминтерний шууд нөлөөнд орсон шүү дээ.

Ч.Дашдэлэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих