Мессэж бичгийн хэлийг сүйтгэж байна

154690686d1bf19boriginalДэлхийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах болсон Монгол Улсад гар утасгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурал хүртэл гар утсыг өдөр тутмын амьдралын салшгүй хэрэглээгээ болгожээ. Манай улсад гар утас хэрэглэгчдийн ихэнх нь ярихаас илүүтэй мессэж буюу захидлыг илүү ашигладаг.

Тэр дундаа залуусын харилцааны нэгэн хэрэглүүр нь мессэж. Нэг талаараа мессэж бичих нь ашигтай. Амьдралын бололцоогүй оюутан, сурагчдын нэгжний мөнгөнд хэмнэлттэй, утсаар ярьж орчиндоо саад болохгүй зэрэг сайн талтай. Гэвч энэхүү мессэж гэх 160 тэмдэгтэд багтаан бичдэг захидал монгол хэлний зөв бичих дүрэмд хар сүүдрээ хэдийн тусгажээ.

Залуус захидлаа хурдан, шуурхай илгээхийн тулд үгийг товчлох, буруу бичихэд хүрдэг. “Худал үгийг мянга давтахаар үнэн болдог” гэсэн үг бий. Үргэлж буруу бичсэн, алдаатай өгүүлбэр уншиж, бичээд хэвшвэл дүрэм бус үгэндээ дасал болох нь дамжиггүй. Учир нь нүдээр харсан үг, өгүүлбэр хүний оюун ухаанд илүү тогтдог. Энэхүү хар сүүдрийн тусгал болох мэт үг, найруулгын алдаагүй бичдэг залуус ховор болжээ. Мессэжний хэлбэрийг бичгийн хэлээ болгосон залуус эх хэлээ эрэмдэглэж буйгаа мэдэхгүй алхах нь харамсалтай. Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлний боловсрол өнөөгийн нийгмийн эмзэглэл болжээ. Магадгүй бидний “Монголчууд буруу ярьж, зөв ойлгодог” гэх хэнэггүй, танхай зан чин зоригт дээдсийнхээ өв соёлыг устгахыг өөгшүүлдэг ч юм бил үү.

Х.Эрдэнэзаяа
unen.mn

URL:

Сэтгэгдэл бичих